Холливудын нэрт жүжигчин Жонни Депп эхнэртээ гар хүрснээс эхнэр Эмбер Хёрд салах өргөдлөө өгч шүүхээр гэрлэлтээ цуцлуулсан билээ. Тэгвэл өнгөрсөн бааасан гаригт хөрөнгөө хувааснаар гэрлэлт цуцлах үйл явц албан ёсоор дууссан байна.
“PEOPLE” сэтгүүлд нийтлэгдсэн шүүхийн баримт бичигт өгүүлснээр Эмбер Хёррд хоёр нохой, нэг морь, 2015 оны Range Rover, 1968 оны Ford Mustang гэх хоёр автомашиныг авахаар болсон байна. Харин Жонни Депп Лос-Анжелес, Кентакки муж улс болон Франц, Багам дахь байшингаа, олон улс дахь бүх үл хөдлөх хөрөнгө, нэр дээрээ бүртгэлтэй 42 автомашин, хөлөг онгоц, мотоцикль, завь, гольфын талбайгаа авч үлдэхээр болжээ.
Тэд өмгөөлөгчдийн хөлсийг хуваан төлөхөөр тохиролцож, Жонни Депп хойшид экс эхнэрээ санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр амлажээ. Тухайлбал, Жонни Депп эхнэртээ долоон сая ам.долларыг орон сууц олоход зориулан төлөх ёстой аж. Тэрбээр 200 мянган ам.долларын нөхөн төлбөрийг хэдийн өгсөн боловч ирэх долоо хоногт дахиад нэг сая ам.долларыг төлөх ёстой гэнэ. Үүгээр ч зогсохгүй тэрбээр ирэх хоёрдугаар сард, тавдугаар сард, наймдугаар сард тус бүр сая ам.долларыг өгч, арваннэгдүгээр сарын 1-нээс өмнө 500 мянга, 2018 оны хоёрдугаар сарын 1-ээс өмнө 2.3 сая ам.долларын нөхөн төлбөр өгөх ёстой аж.
Жонни Депп, Эмбер Хёрд нарын 15 сарын гэрлэлт гэр бүлийн хүчирхийллийн улмаас шүүхээр цуцлагджээ.
Б.ТУЯА
ЭХ СУРВАЛЖ: PEOPLE