Монголчууд “Уулын өдөр”-тэй болох цаг айсуй

Хуучирсан мэдээ: 2016.12.05-нд нийтлэгдсэн

Монголчууд “Уулын өдөр”-тэй болох цаг айсуй

Олон улсын Уулын өдөрт

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 2002 онд хуралдсан чуулганаас жил бүрийн арванхоёрдугаар сарын 11-ний өдрийг Олон улсын Уулын өдөр / ОУУӨ / болгон тунхаглан баталсан юм. Дэлхий даяар жил бүр өргөн тэмдэглэж иржээ. Гол зорилго нь уул устай газар нутгийн тогтвортой хөгжлийг хангах, байгаль орчныг хамгаалахад олон нийтийн анхаарлыг хандуулахад оршдог. Олон улсын Уулын өдөр нь жил бүр өөр өөр уриан дор зохиогддог байна. Энэ жилийн уриа нь “Уул усны соёл уламжлал: дэлхийн улс орны соёлыг түгээх ба үндэсний онцлогыг хөгжүүлэн дэмжих нь” юм.

Улс орнууд өөр өөрийн онцлог хэв маягтайгаар энэ өдрийг тэмдэглэж иржээ. Тухайлбал, Балба улсад Уулчдын Холбоо нь энэ оны арванхоёрдугаар сарын 10-11-ний өдрүүдэд Уулын их наадам зохиох бөгөөд хөтөлбөрт нь хаданд авирах, нум сум харвах, үндэсний хоолны үйлчилгээ, бэлэг дурсгалын худалдаа г.м. олон нийтийг хамарсан бусад олон ажлууд багтсан байна. Пакистанд арванхоёрдугаар сарын 4-11-нд Зургаан уулын их наадам, Румынд уулын сэдэвт уран зохиол, яруу найргийн уулзалт, уран уншлага зохиогдох бол АНУ-ын Юта мужид Олон улсын уулын чуулга уулзалт, Коста Рикад номын сангуудад ОУУӨ-т зориулсан үйл явдал өрнөнө, Мадагаскарт уулын өдрийг газрын хөрс хамгаалах ажилтай хамтатган тэмдэглэхээр тус тус төлөвлөсөн байх жишээтэй. АНУ-ын зарим их дээд сургуулийн оюутнууд өөрийн гэсэн Уулын өдрийг тэмдэглэдэг юм байна. Тэд нэг өдрийг хичээлгүй өнжиж ууланд эсвэл ойролцоох цэцэрлэг хүрээлэнд анги хамт олноороо цагийг хөгжөөнтэй өнгөрөөдөг уламжлалтай.

Япон улс 2014 онд Уулын өдөртөй болох шийдвэр гаргаж жил бүрийн наймдугаар сарын 11-ний өдрийг Японы Уулын өдөр болгон тэмдэглэхээр болжээ. Энэ өдрийг япончууд 2016 оноос тэмдэглэж эхэлсэн бөгөөд энэ өдөр бүх нийтийн амралтын өдөр юм байна. Уулын өдөртэй өөр бусад орны тухай мэдээлэл бидэнтэй одоогоор таараагүй байна.

Манай орны хувьд ОУУӨ-ийн талаарх сурталчилгаа, мэдээлэл хомс, тусгайлан тэмдэглэсэн зүйлгүй байна. Иймд төрийн болон төрийн бус байгууллагуудаас эхний ээлжинд энэ талаар олон иийтэд сурталчилгаа өрнүүлж өөрийн орны өв уламжлал, гаднын сайн туршлагаас түгээх нь зүйтэй юм гэж үзлээ.

Дэлхийн хуурай газрын 22 хувийг уул ба уулархаг газар нутаг, нийт хүн амын 12 хувь нь уул ба уулархаг нутагт амьдарч байна. Дэлхийн олон улс үндэстэн уул уусаа шүтэн хайрлаж, өөр өөрийн зан заншил, соёл уламжлалтай юм.

Монголчууд бидний соёл уламжлалд мөн адил уул усаа шүтэх, хайрлан хамгаалах зан үйл онцгой байр суурь эзэлдэг билээ. Эргэх дөрвөн улиралтай, гэр, хот айлын ойр орших овоо тахилганаас эхлэн байгалийн зудыг даван туулах асар өргөн орон зайг хамардаг. Монголд төрийн тахилгат найман хайрхан бий. Эдгээр нь ертөнцийн уулын анхдагч хэмээгддэг Оройн чимэг болсон Отгонтэнгэр хайрхан, Монголын Их эзэнт гүрний сүлд уул болсон Бурхан Халдун уул, дэлхийн хамгийн анхны дархан цаазат газар болох Богд Хан уул, Монгол орны дээвэр хэмээгддэг Алтай Таван Богд уул, сүр бараатай харагддаг Алтан Овоо, Хангайн нурууны Суврага хайрхан уул, Алтан Дуулгатай Хан Хөхийн нуруу, Хан буурал Алтайн хамгийг тольдогч цаст Сутай хайрхан уул юм.

ЮНЕСКО-гоос Дэлхийн шим мандлын сүлжээнд Богд Хан уулыг оруулах шийдвэр гаргаж энэ тухай гэрчилгээг 1997 онд олгосон билээ. Богд Очирваань хайрханыг ЮНЕСКО “Дэлхийн гайхамшигт үнэт зүйл болох нь” зэрэглэлээр дэлхийн байгалийн өвд бүртгэн авах санал гаргажээ.

Уул усаа хайрлан хамгаалах ёс уламжлал Монгол төрийн хэмжээнд болон олон улсын тавцанд ийнхүү амжилттай хэрэгжиж буй нь үнэхээр бахархууштай билээ.

Харин тухайн сум аймаг, бүсийн түвшинд ОУУӨ-ийн үзэл санааг хэрэгжүүлэх чиглэлд хийх ажил асар их хуримтлагдлаа. Энэ чиглэлд төрийн бус байгууллагууд, олон нийтийн үүсгэл санаачлагад тулгуурласан бусад оролцогчдын манлайлал, идэвхтэй оролцоо их чухал байна. Учир юун хэмээвээс нэг талаас сүүлийн жилүүдэд уул уурхай дагасан шууд болон дам сүйтгэл эрчимжиж ойрын ирээдүйд ч хүрээгээ тэлэх хандлагатай байгаа нь өндөр эрсдэл дагуулсаар байна. Нөгөө талаас ялангуяа томоохон хот сууринд амьдардаг иргэд эргэх дөрвөн улирлын турш эх орны дөрвөн зүг найман зовхист чиглэн амралт чөлөөт цагаараа байгалийн сайхан уул хадаар явган аялах, алхах, авирах, амарч зугаалах болсон нь дэмжүүштэй сайн үйл юм. Монголчууд ялангуяа залуу үе маань ОУУӨ-ийн үзэл санаа яагаад чухал болохыг байгаль дэлхийтэйгээ хамгийн ойроос дээр дурьдсан сайн муу хоёр өөр орчин нөхцөлөөс өөрсдийн бие оюунаар шууд үзэж мэдэрч байдаг тул өөрсдийн зүгээс ямар хувь нэмэр оруулах вэ гэдэгт төрийн болон төрийн бус байгууллагууд хүчээ нэгтгэж, ухаанаа уралдуулах чухал нэгэн нөхцөл болох бизээ хэмээн найдна. Нийслэлчүүдэд хамгийн ойр бараг хотын дунд орших дархан цаазат Богд хан ууланд самарчдын “муна”-аар “тамгалуулж гэмтээгүй” мод тун ч ховор боллоо.Тэгвэл наад зах нь орон нутгийн байгаль орчин, уул усыг хамгаалах сангууд байгуулж судалгаа шинжилгээ хийх, гаднын сайн туршлага судалж хэрэгжүүлэх, соён гэгээрүүлэх гэх мэт олон зүйл ажил өрнүүлэх боломжтой билээ. Жишээ нь, Альпийн нурууг хамгаалах хэд хэдэн сангуудын туршлага, үйл ажиллагаа ихэд авууштай юм.

Энэ бүгдийг нуршихын учир бол Монголчууд бидэнд өөрсдийн “Уулын өдөр”-тэй болох цаг үе тулж иржээ гэсэн санаа юм. Олон түмнийг байгаль орчноо хайрлан хамгаалах үйлсэд гар бие оролцуулах, сурталчилах, соён гэгээрүүлэх, амралт чөлөөт цагаараа байгальд ээлтэй байдлаар хандах, байгалийн баялгийг зүй зохистой ашиглах, ирээдүй хойч үедээ уул усаа эрүүл саруул байдлаар өвлүүлэн үлдээх, дэлхийн улс орнууд дахь сайн туршлага, мэдлэгээс хуваалцахад чухал ач холбогдолтой байх нь дамжиггүй билээ.

Энэ тохиолдолд жилийн аль сарын хэдний өдрийг ямар шалгуураар “Монголын Уулын өдөр” болгох вэ? гэсэн асуулт аяндаа гарч ирнэ.

Мөхөс бидний бодлоор жил бүрийн зургадугаар сарын 25-ны өдрийг сонгох нь оновчтой байх болов уу.

БНМАУ-ын Сайд нарын зөвлөл /хуучин нэрээр/-ийн тогтоолоор Монгол уулчдыг бэлтгэлд хамруулж улмаар Хангайн нурууны ноён оргил Отгонтэнгэр хайрхан/1955 оны 6 дугаар сар/, Алтай Таван Богд уулын “Хүйтэн” оргил/1956 оны 6 дугаар сар/-д гарсан нь эх орны ноён оргилд гарсан анхны авиралтууд болсон түүхтэй билээ. Жил бүрийн зургаадугаар сарыг сонгох тухайд ийм байна. Нөгөө талаас зуны урин дулаан, төв орон нутагт оюутан сурагчдын зуны амралт эхлэхийн зэрэгцээ хүн-байгаль руу чиглэсэн хөл хөдөлгөөн ихсэж аялал, алхалт, авиралт идэвхждэг үе юм. Иймээс зургаадугаар сарын 25-нд бүх нийтээр “Уулын өдөр”-өө тэмдэглэж байвал буруудах зүйл юү байхсан билээ.

Хамгийн гол нь сар, өдөр сонгохоос илүүтэй Уулын өдрийн агуулга ач холбогдолд анхаарлаа хандуулах нь зүйтэй билээ. Учир нь нэрнээсээ эхлээд зөвхөн уулчдад зориулсан өдөр биш харин уул усаа гэсэн сэтгэлтэй бүх хүнд хамаатай “Уулын өдөр” юм.

Монголын Уулчдын Үндэсний Холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, доктор А.Батсүх

Олон Улсын Уулчдын Холбооны Залуучуудын комиссын гишүүн О.Батсайхан

NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж