ХДХВ-ын эсрэг шинэ вакцины ээлжит туршилт Өмнөд Африкт эхэллээ

Хуучирсан мэдээ: 2016.12.01-нд нийтлэгдсэн

ХДХВ-ын эсрэг шинэ вакцины ээлжит туршилт Өмнөд Африкт эхэллээ

ХДХВ-ын эсрэг шинэ вакцины ээлжит туршилт Өмнөд Африкт эхэлж байна. Энэ туршилт шинжлэх ухаанд томоохон ахиц авчирч, эмчилгээгүй гэгдэх вирусыг ялан дийлэхэд тус болно гэж эрдэмтэд үзэж байгаа аж.

HVTN 702 вакцины туршилтад ӨАБНУ-ын 18-35 насны 5.4 мянган иргэн оролцох юм. Туршилт дөрвөн жил орчим үргэлжлэх бөгөөд үр дүнг нь 2020 онд танилцуулах гэнэ. ӨАБНУ-д өдөр бүр мянга орчим хүн энэ өвчний халдвар авч байгаа бол харин 2014 онд 2.4 сая орчим хүн вирусын халдвар авчээ.

Тайландад 2009 онд ХДХВ-ын халдварын эсрэг вакцины клиник судалгааг эхлүүлж, 3.5 жилийн турш үргэлжилсэн. Тухайн үед уг вакцины үр дүн 31.2 хувьтай гарчээ.

Жил бүрийн арванхоёрдугаар сарын 1-нийг Дэлхийн ДОХ-той тэмцэх өдөр болгон тэмдэглэдэг. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр ХДХВ нь дэлхий дахины гол асуудлын нэг хэвээр байна. Өнөөдрийн байдлаар уг вирус 35 сая гаруй хүний амийг авч оджээ. 2015 онд л гэхэд ХДХВ-тэй холбоотой өвчнөөс болж нэг сая гаруй хүн нас барсан аж. Өнгөрсөн оны байдлаар дэлхий дахинд ХДХВ-ын халдвартай 37 сая орчим хүн амьдарч байна. Тэдний олонх нь Сахараас өмнө зүгт Африкт аж төрдөг гэнэ.

Эх сурвалж: politik.mn

NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж