Иргэд зээлээ төлж чадахгүй, шүүхийн хаалга татаж байна

Хуучирсан мэдээ: 2016.12.02-нд нийтлэгдсэн

Иргэд зээлээ төлж чадахгүй, шүүхийн хаалга татаж байна

Эдийн засгийн хямрал гэмт хэргийн тоо нэмэгдэхэд хүргэж байгааг харуулсан тоон мэдээлэл анхаарал татлаа. Сүүлийн үед эдийн засгийн нөхцөл байдал муудсантай холбоотойгоор иргэдийн дунд зээлийн гэрээтэй холбоотой маргаан нэмэгдэх хандлагатай болжээ. 2015 онд зээлийн гэрээний маргаан хоёр дахин өссөн бол банкны зээлтэй холбоотой маргаан 60 орчим хувиар өссөн байна. Яг энэ асуудлаас үүдэн шүүхийн ачаалал 20 хувиар нэмэгдсэнийг Шүүхийн ерөнхий зөвлөл онцоллоо.

Эдийн засгийн хямралын шуурганд өртсөн иргэд банкны зээлээ төлөхийн тулд мөнгө хүүлэгчдэд хандан, дахин өндөр хүүтэй зээл авдаг болжээ. Энэ мэтээр ажилгүй болсон эсвэл олсон орлого нь хүрэлцэхгүй иргэд зээлээ барагдуулж чадахгүй явсаар шүүхийн хаалга татаж байгаа нь харамсалтай.

Эдийн засаг хямарсны цаана олон мянган хүн ажлын байраа алдаж, цомхотголд орж ажилгүйчүүдийн эгнээг тэлж байгааг бид ойр тойрныхоо олон жишээнээс харж байгаа. Гэтэл ажилгүй болсон залуус гэмт хэрэгт холбогдох магадлал, тохиолдол их болдог аж. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн хямрал гэмт хэргийн гаралт, тоонд шууд нөлөөлдөг юм байна. Энэ нь шүүхэд ирж буй гэмт хэргийн тоо нэмэгдэх гол шалтгаан болдог тухай албаныхан ярилаа. Тухайлбал, 2015 онд бусдын эд хөрөнгийг хулгайлах төрлийн гэмт хэрэг 1418 бүртгэгдсэн байна. Иргэний хэрэг ингэж өссөн үзүүлэлт дунд зээлийн гэрээний маргаан өмнөх оноос 3284 хэргээр буюу хоёр дахин, банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгохтой холбоотой маргаан 1060 хэргээр буюу 59 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлсөн гэсэн дүгнэлт гарсан байв.

Эдийн засгийн хямралын шуурганд өртсөн иргэд банкны зээлээ төлөхийн тулд мөнгө хүүлэгчдэд хандан, дахин өндөр хүүтэй зээл авдаг болжээ. Энэ мэтээр ажилгүй болсон эсвэл олсон орлого нь хүрэлцэхгүй иргэд зээлээ барагдуулж чадахгүй явсаар шүүхийн хаалга татаж байгаа нь харамсалтай.

Мөн 2015 оныг 2016 онтой харьцуулахад нийт гэмт хэргийн дотроос залилан мэхлэх, зээлтэй холбоотой хэргийн гаралт 26 хувиар өсчээ. Элдэв сүлжээнд нэгдсэн эсвэл амар хялбар мөнгөтэй болно гэсэн зарын дагуу нэг мэдэхэд мөнгө хүүлэгч, залилан хийсэн хэрэгт унасан хүн олон болсон байгааг эх сурвалж тодотгож байв.

Дээрх тоо баримтаас эдийн засгийн хямрал энгийн иргэдийн нуруун дээр илүү хүнд тусаж буйг харж болно.

Д.УУДАМ

NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж