Монголд долларын ханш өдрөөр биш цагаар өсч байна. Пүрэв /2016.11.10/ гаригийн байдлаар 2600 төгрөгтэй тэнцэж байсан долларын ханш өнөөдөр /2016.11.11/ 2620 төгрөгт хүрлээ. Долларын ханш өссөн нь хөрөнгө оруулалт буурч, экспортын орлого багассан гэх боловч энэ нь дөрвөн сарын дотор 700 төгрөгөөр өсөх шалтгаан биш гэж эдийн засагчид тодорхойлж байна.
Долларын энэ хий хоосон хөөрөгдлийг арилжааны банкуудтай холбон тайлбарлаж байгаа юм. Өөрөөр хэлбэл, долларын ханшийн өсөлтийг зохиомол гэж албаны хүмүүс тодорхойлж байгаа бөгөөд экс Ерөнхий сайд М.Энхсайханаас эхлээд арилжааны банкуудыг буруутгаж байна.
Монгол Улсын Засгийн газрын олон улсын санхүүгийн байгууллага, хөрөнгө оруулагчидтай хийх хэлэлцээр үр дүнтэй болж, ойрын хугацаанд санхүүжилтийн асуудал шийдэгдсэн тохиолдолд долларын ханш сулрах хандлага ажиглагдаж байгааг эдийн засагчид хэлж буй.
Нөгөө талаар гадаад валютын хадгаламжийн хүүг тэглэхийг ч эдийн засагчид зөвлөж буй. Гадаад валютын харилцах, хадгаламжийн өсөлтийн хувь харьцангуй өндөр байна. Гадаад валютын харилцах өмнөх оны мөн үеэс 35.3 хувь буюу 367.8 тэрбум төгрөг, гадаад хадгаламж 16.5 хувь буюу 345.8 тэрбум төгрөгөөр тус тус өсчээ.Нийт хадгаламжийн 69.9 хувийг төгрөгийн, 30.1хувийг гадаад валютын хадгаламж эзэлж байгаа бөгөөд төгрөгийн хадгаламжийн хувийн жин өмнөх оны мөн үеэс1.3 нэгж хувиар буурсан байна. Эндээс харахад долларын зохиомол эрэлт нэмэгдэж байна гэж эдийн засагчид тайлбарлаж байна. Үүнийг өнгөрсөн аравдугаар сарын статистик мэдээнээс харахад иргэдийн гадада валютын хадгаламжийн ханш өмнөх сараас хоёр хувь буюу 35.3 тэрбум төгрөгөөр өссөн нь нотолж байна.
Тэгэхээр аншийн өсөлт дээр хамгийн их тоглож, хамгийн их ашиг хийж байгаа нь арилжааны банкууд гэж хэлж болно. Тиймээс эдийн засгийн хямралтай үед ханшийг хөөсрүүлэх замаар ашиг хийж байгаа арилжааны банкуудад эх оронч байхыг сануулах хүмүүс ч байгаа юм.
Гэхдээ ямар байсан ойрын хугацаанд доларын ханш суларна. Хэрэв “Стэнд бай” эсвэл Хятадын зээл авснаар гурван тэрбум долларын нийлүүлэлт хийгдэх хүлээлт бий. Энэ тохиолдолд долларын ханш 40 хувь хүртэл суларч болзошгүй гэсэн урьдчилсан тооцооллыг зарим эдийн засагчид гаргаад байгаа юм.
Б.БАТ