“Mongolian Saturday” дахин түрүүлэх үү?

Хуучирсан мэдээ: 2016.11.08-нд нийтлэгдсэн

“Mongolian Saturday” дахин түрүүлэх үү?

Одоогоос жилийн өмнө АНУ-д болсон нэгэн томоохон уралдаанд монгол эзний, монгол уяач сойж хурдлуулсан, “Mongolian Saturday” нэртэй хурдан хүлэг түрүүлж шуугиан тарьж байлаа. Арваннэгдүгээр сарын 4-5-нд АНУ-ын Лос-Анжелест болох “Breeders Cup” нэртэй энэхүү уралдаанд Монголын хүлэг дахин уралдах гэж байна.

“Mongolian Saturday”-г Монгол Улсын алдарт уяач Э.Ганбат уяж сойдог бөгөөд аравдугаар сарын 8-нд Кинландын морин тойруулгад болсон 150 мянган ам.долларын шагналын сантай, дээд ангиллын уралдаанд түрүүлж бэлтгэл сайтайгаа нотолжээ. Энэ жил Хонконгийн тойруулгад тавдугаарт хурдалж, улмаар Английн хоёр уралдаанд тааруухан оролцжээ. Эхлээд Аскотын Кинг Станд уралдаанд есөөр, дараа нь Ньюмаркетийн Дарли Кап-д 11-ээр давхисан байна. Тэр үед гэдэс нь бага зэрэг хямарсан байсан ч хоёр сар орчмын эмчилгээний дараа бүрэн илааршсан хэмээн Э.Ганбат өгүүлэв.

Анх Монгол Улсын иргэн, “Макс” компанийн ерөнхий захирал Д.Ганбаатар Кинландын дуудлага худалдаанаас 60 мянган ам.доллараар худалдан авч байсан бол “Mongolian Saturday” нийт 36 уралдаанд оролцож 8 түрүү хүртэж, 8 шагналт байрт шалгарч, нийтдээ 1 сая 129,720 ам.долларын шагнал хүртээд байгаа юм. Хурдан морины уралдааныг бооцоогүйгээр төсөөлөх аргагүй. Өнөөдрийн байдлаар манай морины уралддаг Turf sprint ангилалд өнгөлөх илүү магадлалыг Pure Sensation (1-5), Obviously (1-6), Washington DC (1-8), A Lot (1-8) зэрэг морьдод тавьжээ. “Mongolian Saturday”-гийн хувьд дундаж буюу 1-12 бооцоо тавиад байна.

Б.ЦАГААНБААТАР

NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж