Озэки Кайо зодог тайлав

Хуучирсан мэдээ: 2011.07.21-нд нийтлэгдсэн

Озэки Кайо зодог тайлав

Японы олон зуун жилийн түүхтэй сумо бөхийн түүхэнд шинэ амжилт тогтоосон озэки Кайо зодог тайлахаар шийдсэн тухай түүний дэвжээний багш Томозуна ояката мэдэгдлээ. Япон төдийгүй монголчуудын хайртай, дэмждэг сумочдын нэг болох озэки Кайо нагоя башёгийн 10 дахь өдрийн барилдаанд Болгарын озэки Котоошюд өвдөг шороодсоноор долоон удаа, гурван унаатай болжээ. Улмаар үлдсэн таван өдрийн барилдаанд бүгдэд нь давах, эс бөгөөс есдүгээр сард болох намрын башёд цолоо хамгаалах барилдаан хийх байсан юм. Харин  нагоя башёгийн 10 дахь өдрийн барилдааны дараа озэки Кайо хэвлэлийн бага хурал хийлгэж, зодог тайлж буй тухайгаа дуулгасан байна.

Өнгөрсөн зун озэки Котомицүки бейсболын мөрийтэй тоглоомын хэргийн улмаас сумогийн холбооноос хөөгдсөний дараа озэки Кайо сумо бөхийн дэвжээн дэх Японы цорын ганц озэки болсон билээ. Харин өдгөө озэки Кайо зодог тайлснаар 1993 оны тэргүүн башёгоос хойш анх удаа Японоос төрсөн ёкозуна болон озэки цолтонгүйгээр башё үргэлжилж байна.

Өдгөө 38 настай ахмад озэки Кайо нагоя башёгийн тав дахь өдрийн барилдаанд давснаар 1046 дахь даваагаа авч, экс-ёкозуна Чиёнофүжигийн түүхэн амжилтыг давсан юм. Тэрбээр 1988 онд 15 настайдаа Акибоно, Таканохана, Ваканохана нарын хамт сумогийн дэвжээнээ хөл тавьсан бөгөөд 2000 оны нагоя башёгийн дараа озэки цол хүртэж, нийтдээ сумогийн дээд зиндаанд таван удаа түрүүлжээ. 65 башёд озэки цолтой зодоглосон тэрбээр макүүчи зиндаанд 879, нийтдээ 1047 даваа авч, сумогийн дэвжээнд 107 башёг үджээ.

Экс-озэки Кайо өөрийн харьяалагдаж байсан Томозуна дэвжээндээ үлдэж, цаашид Асакаяама нэрээр дасгалжуулагч багшаар ажиллах гэнэ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж