Манжийн үеийн Монголын түүхийг судалж байна

Хуучирсан мэдээ: 2016.10.14-нд нийтлэгдсэн

Манжийн үеийн Монголын түүхийг судалж байна

Монгол Улсын их сургуулиас /МУИС/ “Дайчин гүрний дотоод яамны монгол бичгийн гэрийн дансны эх бичгийн цогц судалгаа” төслийн нээлтийг өнөөдөр хийлээ. Тус судалгаа нь Монголын түүхийн бүдэг байдаг 70 орчим жилийн түүхэнд хамаардаг юм байна. Энэ талаар МУИС-ийн монгол судлалын хүрээлэнгийн захирал Д.Заяабаатараас тодрууллаа.

-Энэ удаагийн төсөл Монголын түүхийн хэдий үед хамаардаг, ямар онцлогтой юм бэ?

-Энэ судалгаа нь Манжийн Энх-Амгалан хааны үе буюу 1671-1743 оны хооронд холбогдох манж, монгол, төвд, хятад бичгүүд, мөн тод үсгээр байгаа Монголын түүхэнд холбогдох бүрэн сурвалж бичигт хамаарч юм. БНХАУ-д хадгалагдаж буй, тэнд хэвлэгдсэн 22 боть сурвалж юм. Монголд судалгааны эргэлтэд орж байгаагүй бүтээлүүд байгаа. Энэ ажлыг МУИС-ийнхан дотоод санхүүгийн эх үүсвэрээс гаргаж, судлаач, олон нийтийн өмнө дэлгэх төслийн нээлт юм.

-Яагаад заавал энэ үеийг сонгон, ач холбогдол өгч судалж байгаа вэ?

-Монголын түүхэнд бүдэг байгаа 60-70 жилийн хоорондох нэг үе юм. Мөн нөгөө талаас Манжийн гүрний үе дэх Монголын түүхийн асуудал. Энэ түүхийг гаргахад судалгаа маань маш чухал. Дашрамд хэлэхэд, дэлхий дахинд монгол судлалыг манж, төвд гэх мэтчилэн бусад улстай харьцуулан судлах нь эрчимжиж байна. Тиймээс бид ч гэсэн судалгаагаа энэ рүү чиглүүлэх шаардлага бий.

-Ойролцоогоор хэдэн жилийн түүх багтаж байгаа бол?

-70 орчим жилийн түүх багтаж байна. Хамгийн сонирхолтой нь эд бүгд архивын баримтууд. Архивын баримт гэдэг бол хамгийн бодитой гэрч байдаг. Судалгааг МУИС-ийн Монгол хэл шинжлэлийн тэнхимийн доктор М.Баярсайхан, Т.Отгонтуул нар ахлан гүйцэтгэж байгаа юм.

-Энэ төрлийн түүхийн судалгааг сүүлийн үед багагүй хийх болсон. Ер нь төрөөс дэмжих, дэмжлэг хэр байдаг вэ. Санхүүжилтыг хэрхэн шийдвэрлэдэг вэ?

-Нэг үеэ бодвол нааштай хандлага гарч ирж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар монгол судлалыг дэмжих сан, УИХ-ын тогтоолоор Ерөнхий сайдын дэргэд монгол судлалын үндэсний зөвлөл байгуулагдсан. Ингээд жил бүр тодорхой хэмжээний санхүүжилтыг баталж өгдөг болсон. Хэдийгээр судалгаа шинжилгээний цар хүрээг хангахад хязгаарлагдмал ч гэсэн монгол судлалыг дэмжих ажилд зарцуулах тусгай төсөв баталж байгаа нь урагш ахисны илрэл. Мөн БСШУСЯ-ны дэргэд шинжлэх ухаан технологийн сан гэж бий. Энэ сан нь эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг дэмждэг.

-Энэ удаагийн төсөлд хэдий хэмжээний төсөв орсон бэ?

-Төсөл боловсруулагчдын тооцоолсноор нийт төсөв 72 сая төгрөг. Эхний ээлжид төсөл гүйцэтгэх ажилд МУИС-аас 32 сая төгрөгийг гаргаж байгаа юм. Цаашлаад олон боть бүтээлийг хэвлэхэд өндөр зардал гарна. Үүнд төсөл гүйцэтгэгч нар, төслийн санаачлагч, хэрэгжүүлэгч байгууллага, өөр эх үүсвэрээс олохоор эрэл хайгуул хийнэ.

-Судалгааны онцлох үр дүнг юу гэж харж байна вэ?

-Дэлхий нийтийн судлаачдын гар дээр энэ үеийн түүхээ боловсруулалт хийж тавьж байгаа юм. Эндээс эхлээд сурвалж бичгийг үргэлжлүүлэн судлах судлаачдын буухиа эхэлнэ. Өөрөөр хэлбэл, энэ үеийн судалгаанд дэлхий нийтийн монгол судлаачдын анхаарлыг хандуулж, гар дээр нь эрдэм шинжилгээний боловсруулалт хийж тавьж буйгаараа онцлог юм.

Б.ЗАЯА

NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж