Харц ардын охин ханхүүтэй учирч гэрлэснээр амар сайхандаа жаргадаг “Үнсгэлжин” үлгэрийг мэдэхгүй хүн ховор биз. Тэгвэл үлгэр бодит амьдралд биеллээ олсон тохиолдол олон байдгийг та мэдэх үү?
Сэтгүүлч бүсгүй Летисия 2003 онд Испанийн ханхүү Филипптэй гэрлэсэн юм. Түүний аав нь сэтгүүлч, ээж нь сувилагч мэргэжилтэй хүмүүс аж. Тэрбээр Испанийн ирээдүйн хаантай мэдээ бэлтгэж яваад танилцсан байна. Филипп ханхүү түүнд анхны харцаар дурлаж, хэд хэдэн удаа болзоонд урьсны эцэст хосууд уулзаж байжээ. VI Филипп 2014 онд хаан ширээг залгамжилсан билээ.
Максима Аргентины Буэнос-Айрес хотноо төржээ. Түүний эцэг нь Португалийн хаан III Афонсогийн удам гэгддэг аж. Нидерландын хаан Уиллем-Александр түүнтэй анх танилцахдаа “ханхүү” гэдгээ нуусан учраас хожим үнэнээ хэлэхэд нь итгээгүй гэнэ. Хосууд 2002 онд гэрлэсэн бөгөөд гурван охинтой. Уиллем-Александр 2013 онд Нидерландын хаан болсон билээ.
Өмнөд Африкийн усанд сэлэгч бүсгүй Шарлен Уиттсток 2011 онд ханхүү II Алберттэй гэрлэсэн юм. Тэрбээр ханхүүтэй 2000 онд Монакод болсон усанд сэлэлтийн тэмцээний үеэр танилцаж байжээ. Тэдний хоёр дахь уулзалт бүхэл бүтэн зургаан жилийн дараа Туринд болсон тэмцээний үеэр болсон аж. Үүнээс хойш тэд уулзах болсон байв.
Зар сурталчилгааны менежер Мэри Данийн ханхүү Фредериктэй 2000 оны зуны Олимпын наадмын үеэр Сиднейн спорт пабд танилцжээ. Ханхүү өөрийгөө зүгээр л “Фред” гэж танилцуулсан тул Мэри түүнийг энгийн залуу гэж бодсон аж. Тэрбээр ханхүүтэй гэрлэхийн тулд Австралийн иргэншлээс татгалзаж, Дани хэл сурах хэрэгтэй болсон бөгөөд салсан нөхцөлд хүүхдүүдээ асрах эрхээс татгалзах болзлыг зөвшөөрсөн байна.
Мароккод хааны эхнэрүүд байр суурь багатай байдаг уламжлалтай ч Лалла Сальма нийгмийн идэвхтэй нэгэн. Тэр олон төрлийн буяны үйл ажиллагаанд оролцдогийн дунд Африк дахь ХДХВ/ДОХ-той тэмцэх санд ажилдаг байна. Дундаж давхаргын гэр бүлд төрсөн Лалла Сальма нэгэн үдэшлэг дээр ханхүү Мухаммедтэй танилцсан байна. Хосууд 2001 онд гэрлэсэн бөгөөд хоёр хүүхэдтэй.
Кембрижийн гүн болоод Их Британийн ханхүү Уильям түүний эхнэр Кейт нарын хайрын түүхийг дэлхий нийт андахгүй. Кейт Миддлтон 2001 онд Шотландын Сэнт-Эндрюгийн их сургуульд суралцаж байхдаа ханхүүтэй танилцсан аж. Тэд эхэндээ жирийн найзууд байсан бөгөөд олон удаа салж нийлсэн удаатай. Хожим 2010 онд тэд сүй тавьснаа зарлаж, дараа жил нь сүр дуулиантай хуримаа хийсэн.
Брунейн ханхүү Сараг дунд сургуульд байхад нь мэддэг болжээ. Сара гэх хөөрхөн охины тухай ханхүүд найз нь анх ярьж байсан аж. Харин ханхүү Сараг харахын тулд сургууль дээр нь очсоноор тэдний хайрын түүх эхэлжээ. Далайн биологид сонирхолтой дундаж давхаргын охин Сара Брунейн ханхүүтэй гэрлэсэн юм. Сара ханхүүгээс 13 насаар дүү аж.
Бага түрүүч цолтой Тесси Люксембургийн ханхүү Луйистэй анх Косовод танилцаж байжээ. Хосуудын гэрлэлтийг хааны гэр бүл эсэргүүцэж байснаас 2009 оныг хүртэл албан ёсоор гүнж хэргэмгүй байв. Хосууд хоёр хүүтэй болсны дараа л 2009 онд Люксембургийн тусгаар тогтнолын өдөр Хенри гүн тэдний гэрлэлтийг албан ёсоор хүлээн зөвшөөрчээ.
Хувцасны дэлгүүрт худалдагч, хоолны газарт зөөгч хийдэг байсан Метте Марит Норвегийн ханхүүтэй 1999 онд хөгжмийн наадмын үеэр танилцжээ. Метте Марит гэмт хэрэгт холбогдож байсан залуутай хамт амьдарч, хүүхэд төрүүлсэн байсан нь ч ханхүүгийн хайрыг татахад саад болж чадаагүй аж.
Эх сурвалж: Brightside.me.com