Спортын ордны шинэчлэлд тусламж үзүүлнэ

Хуучирсан мэдээ: 2016.09.19-нд нийтлэгдсэн

Спортын ордны шинэчлэлд тусламж үзүүлнэ

Монгол Улсын Спортын төв ордныг шинэчлэхээр өнгөрсөн жилээс ажиллаж эхэлсэн. Биеийн тамир спортын газрын дарга Ц.Шаравжамцын мэдээлж буйгаар одоогоор зураг төсөл боловсруулах шатандаа явж байгаа гэлээ. Гэхдээ санхүүжилтын асуудлыг бүрэн шийдвэрлээгүйгээс ажил удааширчээ. Ямартай ч эхний ээлжинд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат энэ асуудлыг дэмжиж, БНХАУ руу албан ёсны айлчлал хийх үеэрээ Засгийн газрын саналд оруулна гэсэн байна. Мөн өнөөдөр Монгол Улсад айлчилж буй БНХАУ-ын Үндэсний олимпийн хорооны ерөнхийлөгч Лю Пэн Спортын төв ордныг шинэчлэх ажилд буцалтгүй тусламж үзүүлнэ, цаашид түүнийгээ үргэлжлүүлнэ гэдэгт итгэлтэй байгаа гэж мэдэгдсэн байна.

"Спортын төв ордны бүх өрөө, заал, коридор хуучирч муудаад зогсохгүй барилгыг ашиглах боломжгүй болсон" гэсэн дүгнэлтийг Мэргэжлийн хяналтын байгууллагаас хоёр удаа гаргасан байдаг. Гэвч Үндэсний шигшээ багийн бэлтгэл дасгалжуулалт хийдэг үндсэн бааз болох тус барилгыг өнөөг хүртэл ашиглаж буй.

БНХАУ-ын Үндэсний олимпийн хорооны ерөнхийлөгчийн айлчлалын хүрээнд уг асуудлыг оруулж, тусламж үзүүлэх тухай өнөөдөр хэлэлцлээ.

Мөн хоёр орны хамтарсан бэлтгэл, спортын анагаах ухаан эрдэм шинжилгээний салбарт хамтран ажиллах, Зүүн Азийн залуучуудын наадмыг 2023 онд Монгол Улсад зохион байгуулах асуудлаар санал солилцжээ.

СПОРТЫН ТӨВ ОРДНЫ ӨНӨӨДРИЙН БОДИТ БАЙДАЛ

Б.ЗАЯА

NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж