УИХ хурал эмхлэн байгуулагдсаныхаа дараах анхдугаар чуулганаар Эрүүгийн хууль, Зөрчлийн хуулийн хэрэгжих хугацааг хойшлуулсан. Мөн эдгээр хуулийг дагалдаж гарсан таван хуулийг хууль санаачлагчид буцаасан юм. Буцаагдсан таван хуулийн нэгд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль багтсан нь олон нийтийн зүгээс нэлээд шүүмжлэл дагуулсаар байна. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд яагаад ач холбогдол өгч байна вэ гэхээр 2010-2016 оны байдлаар 5100 хүн гэр бүлийн хүчирхийлэлд өртөж, гэмтэл бэртэл авсан. Мөн энэ хугацаанд 95 хүн нас барсан гэх нийгмийг цочроосон тоо баримтад тулгуурласан мэдээлэл байгаа юм. 2016 оны эхний хагас жилийн байдлаар гэхэд гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой 764 хэрэг бүртгэгдсэн байна. Энэ нь өнгөрсөн онтой харьцуулахад 178-аар нэмэгдсэн гэсэн үг.
Хаалттай хаалганы цаана үйлдэгдэж байгаа “ялгүй” гэмт хэргийг өөгшүүлэх үүднээс хуулиудыг буцаалаа гэх шүүмжлэл хүчтэй газар авсан болоод ч тэрүү МАН-ынхан Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг яаралтай өргөн барьж, хэлэлцэн батлах тухайгаа мэдэгдсэн ч дан ганц Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг батлаад хүчирхийллийн эсрэг бамбай болж чадах уу гэдэг асуултыг дахин тавихад хүрч байгаа. Энэ талаар АН-ын гишүүн Ц.Оюунгэрэл, Хүний эрхийн үндэсний комисс /ХЭҮК/-ийн дарга Ж.Бямбацогт нарын байр суурийг сонслоо.
- Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг яаралтай батлаад ч өнгөрсөн 11 жил хэрэгжээгүйтэй ижил хэрэгжих боломжгүй. Учир нь Эрүүгийн хууль, Зөрчлийн хууль, Хууль сахиулах ажиллагааны тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Тахарын албаны тухай хууль, Эрүүгийн хууль хянан шийдвэрлэх тухай хуулиуд бүгд сүлжээгээр холбогдчихсон хууль юм. Тэр утгаараа эрх зүйн шинэчлэл гэж нэрлэж байгаа. Энэ хуулиуд яаж холбогдсон бэ гэхээр Хууль сахиулах ажиллагааны тухай хуульд хүний амь нас эрүүл мэндтэй холбоотой дуудлага цагдаагийн газар ирэх юм бол нэн тэргүүнд очно гэсэн заалт байсан. Дээр нь хүний амь нас эрүүл мэндэд аюул учирсан үйлдэл хаалттай хаалганы цаана үйлдэгдэж байвал цоожтой хаалгыг эвдэж ороод, хохирогчийг хамгаалах үүрэгтэй болох байлаа. Хоёрдугаарт, хүчирхийлэлд өртсөн хүүхдийг нэн даруй аюулгүй газар хүргэх, хүүхэд асрах газар хүргэх заалт орсон байсан. Гуравдугаарт, хүчирхийлэлд өртөж байгааг мэдээлээгүй бол Зөрчлийн хуулиар хариуцлага хүлээх тухай тусгасан. Тухайлбал, эмч, нийгмийн ажилтан, багш, төрийн албан хаагчид хүчирхийлэлд өртсөн иргэнийг мэдээлээгүй бол хариуцлага хүлээх заалт оруулсан байсан юм. Иймд одоо энэ хууль дангаараа батлагдлаа гэхэд бодит үр дүн авчрахгүй.
- Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг боловсруулахад ХЭҮК оролцсон. Иргэний нийгмийн байгууллагууд ч оролцсон. Энэ бол шинэ Эрүүгийн хууль, Зөрчлийн хуультай ямар ч холбоогүй. Нийгмийн шаардлагаар гарцаагүй гаргах ёстой байсан хууль мөн үү гэвэл мөн. Хамрамсалтай нь, ёсчлон батлаагүй учраас буцсан. Гарцаагүй хэрэгтэй хууль учраас одоо яаралтай буцааж оруулж ирж байгаа нь зөв. Шинээр баталсан ч хэрэгжих хугацаа нь хойшилсон Эрүүгийн хууль, Зөрчлийн хуультай холбоотой заалт нь гэвэл гэр бүлийн хүчирхийллийг гэмт хэрэг гэж үзсэн явдал. Харин одоо хэрэгжиж байгаа хуульд тийм заалт байхгүй учраас шинэ хуульд байгаа заалтуудыг оруулж ирэх байх.