Барак Обама Далай ламтай уулзав

Хуучирсан мэдээ: 2011.07.18-нд нийтлэгдсэн

Барак Обама Далай ламтай уулзав

АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама Түвдийн шашины лидер XIV Далай ламтай уулзлаа гэж BBC News мэдээлэв.

Тэд Вашингтон хотноо Цагаан ордонд долдугаар сарын 16-нд уулзжээ. Бараг 45 минут үргэлжилсэн уулзалт хаалттай хаалганы цаана болсон учраас ярианы талаар дэлгэрэнгүй мэдээлэл байхгүй  байна. Цагаан ордны мэдээгээр Обама “Түвдийн хэл соёлын ер бусын уламжлалыг дэмжинэ” хэмээжээ. Мөн тэрээр Түвдийг Хятадын хэсэг гэж үздэгээ дахин хэлж Бээжинтэй яриа хэлцэл тогтоохыг Далай ламд уриалжээ.

Хятадын эрх баригчид Түвдийн буддизмын лидерийг “салан тусгаарлагч” гэж үздэг бөгөөд АНУ-ын ерөнхийлөгчид хандан Далай ламтай уулзахаас татгалзахыг нэг биш удаа уриалж байсан билээ. Энэ удаа ч Обама Далай ламтай уулзсан нь Хятад-Америкийн харилцаанд  сөргөөр нөлөөлнө гэж Хятад мэдэгдлээ. 2010 оны хоёрдугаар тэд уулзахад Хятад бас л дургүйцлээ илэрхийлж байсан юм.

Саяхан 76 нас хүрсэн Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам АНУ-д тогтмол айлчилдаг бөгөөд АНУ-ын ерөнхийлөгч түүнтэй зөвхөн ганцхан удаа 2010 оны хоёрдугаар сард л уулзаж байсан юм.

Бээжин Энэтхэгт хөөгдмөл байдлаар амьдардаг Далай ламыг Хятадаас Түвдийг салгах эрмэлзэлтэй гээд гадаад орнуудын лидерүүдэд хандан Хятадын газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэх үүднээс Далай ламтай уулзахгүй байхыг уриалж байгаа.Сануулахад Далай лам 1959 оноос хойш хөөгдмөл байдлаар Энэтхэгт амьдарч байна. Түүний мэдэгдлээс харахад Далай ламын гол зорилго нь Хятадаас Түвдийг тусгаарлах явдал биш харин Түвдийн өргөн автономи болгох юм.

Төгсгөлийн эхлэл үү?

Дэлхийн шашин, улс төрийн  тавцны ер бусын лидер Далай лам 76 нас хүрчээ. “Ажил хэргээсээ холдох” талаар тэрээр эртнээс мэдэгдэж байсан бөгөөд энэ жилийн гуравдугаар сарын 10-ны пүрэв гаригт хийсэн улс төрийн статусаас татгалзаж байгаа мэдэгдэл нь “эхлэл гэж үү” гэсэн сэтгэлгээг газар сайгүй төрүүлсэн билээ.

Энэхүү эхлэл нь хоёр талтай. Нэг нь цэвэр шашны асуудал, нөгөө талаас улс төрийн асуудал болж байгаа. Аль нь илүү ээдрээтэйг хэлэхэд хэцүү. Далай ламыг таалал төгссөний дараа сүнс нь шилжсэн дараагийн дүрийг түвд лам нар хайж эхэлдэг. Ийм маягаар л XV зуунаас хойш Далай ламын дүрүүдийг тодруулж ирсэн.

Энэ удаа юу болох бол? Далай ламын гуравдугаар сарын 10-ний мэдэгдэлд өөрөөр нь сүнс шилжих нь тасарна, ер нь шинэ Далай лам гарч ирэхгүй байж болно гэж хэлсэнд Бээжинд парламентын чуулганд сууж байсан Түвдийн өөртөө засах орны улс төрийн лидерүүд их л дургүйцэж байв.

Гэхдээ л Түдвийн автономийн лидерүүд ч Хятадын удирдлага ч энд лам нар л шийдвэрээ гаргана гэдгийг мэдэж байна. Мөн дармасала дахь түвдүүд өөрийн Далай ламаа гаргаад ирэхийг үгүйсгэхгүй. Үүнд бурханы шашны сүсэгтнүүд сая сая хятад, монгол, буриад, халимагууд хэрхэн хандахыг төсөөлөхөд бэрх.

Огт өөр Түвд

Түвдийн цагаачлал 1959 оны гуравдугаар сарын 19-нөөс эхлэлтэй. Энэ цагаачлал нь лам нарын эсрэг Бээжингийн явуулсан хэлмэгдүүлэлттэй холбоотой. “Их үсрэлтийн” гэх кампани ид өрнөж байхад үед Түвдийн эсрэг шинэчлэл хийхээр Бээжин шийдсэн юм. Хүн амын 90 хувь нь хамжлага байсан боолын нийгмийн эсрэг шинэчлэл хийж эхэлсэн юм. Лам нар “Их үсрэлтийн” эсрэг бослого гаргаж, Бээжин цэргээ Түвдэд оруулжээ. Олон хүн Далай ламын хамт Энэтхэгт аврал хайн орж ирэв.

Одоо бол огт өөр Түвд. 2005-2010 онд дотоодын нийт бүтээгдэхүүн хот ба хөдөөгийн хүмүүсийн орлого хоёр дахин нэмэгдэв. Сүм, хийд засагдаж, эртний эрдмийн сургуулиуд цэцэглэж байна. Энэ бол 1935 эсвэл 1959 оны Түвд огт биш.  
Түвдийн нэг бэлгэдэл нь “Түвдийн мастиф” үүлдрийн банхар. Хүнээс ч том шахуу нохой одоо “Порше” эсвэл “Феррари” машин шиг 419 мянган долларт хүрч байна. Саяхан нэг тийм нохойг Зянси мужийн рестораны эзэн худалдан авсан. Ламын шашны өнөөгийн бэлгэдэл Түвд яаж ч хувирсан амьд байгаа. Цааш нь энэ шашинтай яаж өөрчлөгдөх бол? Үүнийг хэн ч мэдэхгүй.

Бизнес ба улс төр

Далай лам эдгээр онуудад хөөгдмөл Засгийн газартаа чухал хүн байлаа. Хятадын эрх баригчид ба тэдний Дармасала дахь муугүй тагнуулын сүлжээ нь Далай ламд тааруухан хандаж, түүнийг Хятадын эсрэг үйл ажиллагаа явуулж байна хэмээн буруутгаж буй. 2008 оны Түвдийн “олимпийн өмнөх” үймээний бэлтгэлд Далай лам оролцсон гэж үздэг. Тэр нь бол тэдний хэрэг. Дармасалагийн болон америкийн радикал түвдүүдтэй Да­лай лам харьцаа муутай. Түвд үн­дэс­тэн гэдэг нь тэдний том бизнес юм.

Хөөгдмөл Засгийн газар нь дэлхийн ямар ч орноор хүлээн зөвшөөрөгдөөгүй цагаачдын дээд удирдлага. Тэр нь шашин биш харин улс төр ба бизнес юм.

Далай лам улс төрөө орхиж байгаа нь энд чухал нөхцөл үүсгэж байна. Далай лам тэргүүлж байх цагаар Дармасалагийн тэр хорооны үйл ажиллагаанд Бээжин нэг их зовсон шинжгүй байсан билээ. Одоо түүнийг явсны дараа түүнд хэрхэн хандах нь бас л тодорхойгүй.

Ш.МЯГМАР

NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж