Дэлхийн хамгийн том пассив хаус хороолол

Хуучирсан мэдээ: 2016.09.05-нд нийтлэгдсэн

Дэлхийн хамгийн том пассив хаус хороолол

Германы Хайделберг хотод өнгөрсөн (“Altstadt”-хотын хуучин хэсэг) болон ирээдүйг (“Bahnstadt”-төмөр замын дүүрэг) ердөө 2км зай л тусгаарлаж байна. Хайделберг хотын Банштат дүүрэгт дэлхийн хамгийн том пассив хаус хорооллын бүтээн байгуулалтыг эхлүүлжээ.

Германчууд энэ тал дээр маш их туршлагатай, дэлхийд толгой цохидог билээ. Нийт 162 нэгжээс бүрдэх орон сууцны  цогцолборыг 116 га талбай бүхий хуучны томоохон төмөр замын тээврийн зогсоолын суурин дээр босгож байгаа аж. Мөн 19,000 м2 талбай бүхий “SkyLabs” оффисийн төвд технологи, судалгаа шинжилгээний компаниуд байрлах юм. Үзвэр үйлчилгээ, дэлгүүр, сургууль цэцэрлэг, тоглоомын талбай, ногоон байгууламж зэргийг цогцоор нь шийдэж өгсөн бөгөөд ойролцоогоор 5000 хүн амьдарч, 7000 хүн ажиллах юм байна.

Ердийн барилга жилд шоо метр тутамд 100-300 кВ энергийг зөвхөн халаалтанд зарцуулдаг байхад   пассив хаус адил хэмжээний талбайг халаахад жилд ердөө 15 кВ энерги ашигладаг байна. Тухайн барилга пассив хаус-н стандартын шаардлагыг хангахын тулд нэгд маш сайн дулааны үзүүлэлттэй, хоёрт агаар сэлгэлт хангалттай байхын зэрэгцээ дулаан алдагдаг огт байх ёсгүй юм. Энэ нь халаалтанд маш бага энерги зарцуулна гэсэн үг юм. Аль болох их энерги нөөцлөх зорилгоор  барилгын талбайг хамгийн их байхаар шийдэж өгчээ. Дээврээс гадна барилгын хажуу ханан дээр нарны элемент суурилуулж өгсөн байна. Нарны элемент хоёр зорилготой: нэгд барилгыг сүүдэрлэж өгнө, хоёрт энерги цуглуулна. Бусад пассив хаусаас ялгаатай нь онгойлгож хааж болдог цонхнуудтай аж. Дизайнерүүд барилга хэдий дулаан алдагдалгүй байх ёстой ч оршин суугчид өөрсдөө цонхоо онгойлгон өрөө тасалгаагаа салхилуулах, сэрүүцүүлэх боломжтой байх нь агааржуулалтын системийг байнга ажиллуулж байснаас энерги зарцуулалтын хувьд илүү үр ашигтай гэж үзэж  байгаа юм байна. 

Мөн барилгууд таваас найман давхартай, хоорондын зай нь нэг нь нөгөөгөө сүүдэрлэхээргүй байхаар баригдсан хэдий ч энергийн алдагдал бага байхаар ойр зайтай аж. Машины хөдөлгөөнийг ихэвчлэн газар доор байхаар мөн газар доор машины зогсоол, цахилгаан машин, и-дугуйны цэнэглэх станцуудыг байрлуулсан байна.

Агаарын чанар зохистой төвшнөөс доош орох үед автомат мэдрэгчүүд агаар сэлгэгчийг ажиллуулдаг байна. Мөн төрөл бүрийн ургамлуудыг барилгын эргэн тойронд байрлуулсан нь сүүдэрлэхээс гадна агаарын чанарыг сайжруулах үүрэгтэй аж. Барилгын ханыг титаны хольцтой будгаар будсан бөгөөд энэ нь агаар дахь хортой бодисыг саармагжуулж өгдөг байна. Барилгын дизайныг энергийн хувьд үр ашигтайгаас гадна өнгө үзэмж сайтай байхаар хийжээ. Энэхүү цогцолборыг 2022 он гэхэд бүрэн дуусгахаар төлөвлөж байгаа юм байна.

Эх сурвалж: inhabitat

Б.БАТБОЛД

NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж