Манай орны малын тоо толгой сүүлийн жилүүдэд эрчимтэй өсч, 70 саяд хүрээд байгаа билээ. Үүнтэй холбоотойгоор мах махан бүтээгдэхүүний анхдагч үйлдвэр болох “Мах импэкс” компани “Малчдыг дэмжих хөтөлбөр”-ийн нээлтээ өнөөдөр /2016.08.25/ хийлээ.
Малчид “Малчдыг дэмжих хөтөлбөр”-т хамрагдснаар мал төхөөрөх, махаа худалдаалах, зуулчлан борлуулах, хадгалах зэрэг үйлчилгээг нэг дороос авах боломж бүрдэх юм байна.
“Малчдыг дэмжих хөтөлбөр”-ийн нээлтэд “Мах импэкс” компанийн захирал Г.Бүдрагчаа, тус компанийн Хиам, консервийн үйлдвэрийн гүйцэтгэх захирал Б. Бадмаа, УИХ-ын гишүүн О.Баасанхүү нар болон хөдөө орон нутгаас ирсэн малчдын төлөөлөл оролцлоо.
Тус хөтөлбөрийн нээлтийн үеэр “Мах импэкс” хувьцаат компанийн гүйцэтгэх захирал Г.Бүдрагчаа үг хэлэхдээ “Манай компани 1946 онд байгуулагдсан. Байгуулагдсан цагаас хойш Монгол Улсын мах махан бүтээгдэхүүнийг дэлхийд таниулах үйл ажиллагааг тасралтгүй явуулж ирлээ. Энэ жил “Мах импэкс” компанийн түүхт 70 жилийн ой тохиож байна. Энэхүү тэгш ойгоо угтан өнөөгийн нийгэм, эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулан тус хөтөлбөрийг энэ сарын 1-нээс туршилтаар хэрэгжүүлж эхэлсэн юм. Энэ томоохон ажлын нээлт өнөөдөр болж байгаад баяртай байна” гэв.
“Мах импэкс” компани малчдаа дэмжин “Малчдыг дэмжих хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх болсонд баяртай байна. Энэ хөтөлбөрт хамрагдснаар малаа зах зээлийн ханшаас өндөр үнээр борлуулж, түүхий эдээ ч гэсэн газар дээр нь худалдаалж байна. Эдийн засгийн хямралтай байгаа энэ үед малчин хүн олон газар дамжихгүйгээр цаг хугацаа хэмнэсэн үр дүнтэй хөтөлбөр хэрэгжих байх гэж харж байна. Хонины нэхийг л гэхэд 1000 төгрөгөөр авч байна” хэмээн “Малчдыг дэмжих хөтөлбөр”-т туршилтын хугацаанд хамрагдсан Булган аймгийн Дашинчилэн сумын малчин Д.Батгэрэл сэтгэгдлээ хуваалцлаа.
Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлснээр малчдыг дэмжээд зогсохгүй малаас гарч буй түүхий эдийг эргэлтэнд оруулж, нийслэлийн ард иргэдийг эрүүл, аюулгүй хүнсээр хангах болно гэдгийг албаныхан онцолж байв.
“Малчдыг дэмжих хөтөлбөр” –ийг цаашдаа таван жил үргэлжлүүлэх бөгөөд ирэх жил гэхэд 5 мянган тонн махыг нийслэлийн иргэдийн хэрэгцээнд бэлтгэн, нийлүүлэх төлөвлөгөөтэй байгаа ажээ.
Завхан аймгийн Цэцэн-Уул сумын сайн малчин Г.Дашдорж “ Энэ хөтөлбөрт нэгдснээр малчдад зах зээлийн үнэ ханшаас дээгүүр үнээр малаа борлуулах боломжтой боллоо. Тус компани малчдаас хонины махыг 1кг-ын 4000 , ямааны махыг 3500, үхрийн махыг 4500 төгрөгөөр худалдан авч байна” хэмээн ярив.
Тус хөтөлбөрт хамрагднаар малынхаа нийт үнийн дүнгийн 70 хувийг бэлнээр авч, үлдэгдэл 30 хувьд гэрээ байгуулж, тодорхой хугацааны дараа үлдэгдлээ авах юм байна. Мөн үлдсэн 10 хувьд нь гурил, малын хивэг зэрэг хүнсний өргөн хэрэглээний бүтээгдэхүүнийг үйлдвэрийн үнээс хямд үнээр авах боломжтой ажээ.
Малаа вакцинжуулж, эрүүлжүүлсэн малчин бүр “Малчдыг дэмжих хөтөлбөр”-т хамрагдах боломжтой. Малчид гарал үүслийн гэрчилгээтэй малаа “Мах импэкс” компанид зарах юм. Ингэхдээ тус компанийн малын эмч малд үзлэг хийж хүлээж авах юм байна. “Мах импэкс” компани малыг нь үйлдвэрийн аргаар төхөөрч мах, дайвар бүтээгдэхүүн, арьс ширийг тус, тусад нь үнэлж худалдан авна.
Мөн “Мах импэкс” компани хөтөлбөрийн хүрээнд малын эдийг нь үйлдвэрийн аргаар боловсруулж худалдах юм байна. Ингэснээр арьс ширний үйлдвэрлэл эрхлэгчид үйлдвэрийн аргаар боловсруулсан арьс, шир, өлөн гэдэс авах боломж бас бүрдэх юм байна.
“Малчдыг дэмжих хөтөлбөр”-т хамрагдахыг хүсвэл 98305555 утсанд холбогдоно уу.
А.СҮРЭН