Сургууль, цэцэрлэгийн засвар 40 хувьтай

Хуучирсан мэдээ: 2016.08.09-нд нийтлэгдсэн

Сургууль, цэцэрлэгийн засвар 40 хувьтай

2016 оны шинэ хичээлийн жил эхлэхэд гурван долоо хоног дутуу байна. Төлөвлөгөө ёсоор засварыг наймдугаар сарын 25 гэхэд хүлээлгэж өгөх учиртай. Гэвч өнөөдрийн байдлаар сургууль, цэцэрлэгийн засварын ажил 40 хувьтай байна. Түүгээр ч барахгүй нэг цэцэрлэг, нэг сургуулийн засварын ажил өнөөдрөөс эхлэх мэдээ бий.

Энэ жил улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 86, 88, 89 дүгээр цэцэрлэг, 21, 31, 45, 52, 60, “Шавь” цогцолбор, “Эрдмийн өргөө гэсэн сургуулийг засна. Харин сайдын багцаас гурван сургууль, дөрвөн цэцэрлэгийг засахаар болсон.

Одоогоор 45, 52, 21, “Шавь” цогцолбор сургуулиудын засварын ажил дуусчээ. Харин 31 дүгээр сургуулийн засварын ажил 60 хувьтай үргэлжилж байна. “Эрдмийн өргөө” сургуулийн засварын ажил тендэрийн шалтгаанаар удааширчээ. Энэ долоо хоногт шуурхайлна гэх тайлбарыг албаны хүн өглөө.

Харин засвар шинэчлэл хийх гурван цэцэрлэгийн хоёрынх нь явц муу байна. Тухайлбал, 86 дугаар цэцэрлэгийн хувьд засварын ажил огт эхлээгүй. Өнөөдөр эхлэхээр болжээ. Харин 84 дүгээр цэцэрлэгийн засварын явц дөнгөж 20 хувьтай байна. 89 дүгээр цэцэрлэгийн хувьд засварын ажил дуусч, комисс хүлээж авахад бэлэн болжээ.

Ямартай ч засварын ажлыг ирэх хичээлийн жил эхлэхээс өмнө амжуулахаар шуурхайлж байгааг дуулгалаа.

Үүнээс гадна нийслэлийн хөрөнгөөр 16 сургууль, цэцэрлэгийн цогцолборыг барьж байгаа. Өнгөрсөн онд есөн цогцолборыг ашиглалтад оруулжээ. Харин энэ жил зургаан цогцолборыг ирэх есдүгээр сард ашиглалтад оруулахаар төлөвлөсөн байна.

Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн 24, 25 дугаар хороо, Баянзүрх дүүргийн 23, 28 дугаар хороо, Чингэлтэй дүүргийн 16, 17 дугаар хороонд сургууль, цэцэрлэгийн цогцолбор барьж байна. 180 хүүхдийн багтаамжтай бага сургууль, 120 хүүхдийн цэцэрлэгээс бүрдэх цогцолборууд юм. Барилгын ажил үндсэндээ дуусч, одоо гадна тохижилтыг хийж байгаа гэлээ. Ингээд ирэх есдүгээр сар гэхэд улсын комисст хүлээлгэж өгөх юм байна.

ЗУРАГЛААЧ: Ц.АРИУНБОЛД

NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж