МОНГОЛЫГ ДЭЛХИЙД СУРТАЛЧИЛСАН АСЕМ
Ази-Европын орнуудын 11 дэх удаагийн дээд хэмжээний чуулга уулзалтыг (ASEM) Монгол улс долдугаар сарын 15-16-нд амжилттай зохион байгууллаа. АСЕМ-ын 20 жилийн ойн уулзалтад 11 орны төрийн тэргүүн, 23 ерөнхий сайд, 13 гадаад хэргийн сайд болон олон улсын хоёр байгууллагын дарга тэргүүтэй 4000 гаруй төлөөлөгч оролцсон юм.
Монголоор овоглосон АСЕМ дэлхий нийтээс өндөр үнэлгээ авчээ. Европын комиссын удирдлагууд өнгөрсөн өдрүүдэд болсон энэхүү чухал үйл явдлыг "Монгол Улс дэлхийн хэмжээнд хөгжим тоглолоо" хэмээн тодорхойлсон нь ач холбогдол, цар хүрээ, зохион байгуулалтыг үнэлсэн томоохон үнэлгээ байв.
ДОНАЛЬД ТУСК: ХЭЗЭЭ Ч МАРТАГДАХААРГҮЙ УУЛЗАЛТ БОЛЛОО
АСЕМ уулзалтын төгсгөлд болсон хамтарсан мэдэгдлийн үеэр Европын зөвлөлийн ерөнхийлөгч Дональд Туск “Юуны өмнө Монгол Улсын Ерөнхийлөгч ноён Элбэгдорж танд талархаж байна. АСЕМ-ын 11 дүгээр дээд хэмжээний уулзалтыг өндөр түвшинд зохион байгууллаа. Энэ удаагийн чуулга уулзалт хэзээ ч мартагдахааргүй болж өнгөрлөө" хэмээн мэдэгджээ.
Түүнчлэн Европын комиссын ерөнхийлөгч Жан Клод-Юнкер Монгол улс АСЕМ-ыг амжилттай зохион байгуулсныг сайшаасан байна. Тэрбээр 1996 оноос хойш зохиогдсон АСЕМ-ын 10 уулзалтад алгасахгүй оролцсон цон ганц хүн юм. Дараагийн дээд хэмжээний чуулга уулзалтыг Европын холбооноос Бельгийн Брюссельд зохион байгуулах юм. Эх сурвалж: Sputnik
МЬЯНМАРЫН ЕРӨНХИЙЛӨГЧ АСЕМ УУЛЗАЛТ ҮР ӨГӨӨЖТЭЙ БОЛСНЫГ ОНЦЛОВ
Улаанбаатар хотноо зохиогдсон АСЕМ-ын 20 жилийн ойн дээд хэмжээний чуулга уулзалтын үеэр олон улсын зочид төлөөлөгчид 60 гаруй хоёр талын уулзалтыг хийжээ. Эдгээр уулзалтууд үр өгөөжтэй, бүтээлч болсныг Мьянмарын ерөнхийлөгч Тин Чо мэдэгдсэн байна. Тэрбээр чуулга уулзалтын хажуугаар Монголын үндэсний их баяр Наадмыг үзэх сонирхох боломж олгосонд ерөнхийлөгч Ц. Элбэгдоржид гүн талархал илэрхийлсэн байна. Эх сурвалж: Global New Light of Myanmar
СИНГАПУРЫН ЕРӨНХИЙ САЙД МОНГОЛ УЛСАД ХИЙСЭН АНХНЫ АЙЛЧЛАЛД ИХ АЧ ХОЛБОГДОЛ ӨГЛӨӨ
Сингапур, Монгол улсын хооронд 1970 онд дипломат харилцаа тогтоосноос анх удаа засгийн газрын тэргүүн Улаанбаатарт айлчлал хийлээ. Сингапурын ерөнхий сайд Ли Сиен Лун АСЕМ-ын чуулга уулзалтад оролцохоор анх удаа Монгол улсад хөл тавьжээ. Түүнд Монгол улсын ёс заншил онц сонирхолтой санагдсан бололтой “Facebook” цахим хуудсандаа айлчлалын олон тооны зураг, бичлэг шейрлэсэн байна. Тухайлбал, Тэрбээр Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн АСЕМ-ын зочдод бэлэглэсэн морьтой хамт авахуулсан зургаа цахим хуудсандаа нийтэлж, сэтгэгдэлээ бичжээ. Тэрбээр бэлэгний морийг Бинтанг Темасек гэж нэрлэсэн аж. Ли Сиен Лун “Монголчуудын соёл, ахуй амьдралд морь маш чухал үүрэгтэй. Монгол хүн морьгүй бол далавчгүй шувуутай адил гэх зүйр үг байдаг. Би морио авч явахгүй. Тэр зэрлэг тал нутагтаа ижил олон сүрэгтэйгээ байсан нь дээр гэж би бодлоо” хэмээн бичсэн байна. Эх сурвалж: Channel News Asia
ПАКИСТАНЫ ГАДААД ХЭРГИЙН САЙД МОНГОЛЫН ЗАСГИЙН ГАЗАРТ ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЭВ
Тусгаар тогтнолоо дэлхий дахинд хүлээн зөвшөөрүүлэхийн төлөө уйгагүй тэмцэж буй Пакистан улсын гадаад хэргийн сайд АСЕМ-ын уулзалтад оролцжээ. Пакистаны гадаад хэргийн сайд Сартаж Азиз “Манай улсын засгийн газар болон хувийнхаа зүгээс Монголын засгийн газарт дээд хэмжээний чуулга уулзалтыг гайхалтай сайн зохион байгуулж, зочломтгой хүлээн авсанд гүн талархал илэрхийлье. Түүнчлэн 20 жилийн ойтойгоо золгож буй АСЕМ-ын гишүүн орнуудад баяр хүргэж байна. АСЕМ бол Ази, Европын хамтын ажиллагаа, эдийн засгийн хөгжилд чухал үүрэгтэй байгууллага юм” хэмээн мэдэгджээ. Эх сурвалж: Samaa.tv
ОХУ НЬ ЕВРОП БОЛОН АЗИД ЧУХАЛ БАЙР СУУРЬ ЭЗЭЛДЭГ ГЭДГИЙГ ЕРӨНХИЙ САЙД ДМИТРИЙ МЕДВЕДЕВ ОНЦОЛЛОО
Улаанбаатар хотноо болсон АСЕМ чуулга уулзалтад оролцсоны дараа хэлсэн үгэндээ ерөнхий сайд Дмитрий Медведев ОХУ-ын Европ болон Азид эзлэх байр суурийг онцолжээ. Тэрбээр АСЕМ-аар Ази, Европ хоёр тив уулзалдаж, олон асуудлыг хэлэлцлээ. ОХУ нь хоёр тивийг дамнан оршдогийн хувьд Ази, Европын улс төрийн харилцаанд чухал үүрэгтэй. АСЕМ уулзалтаар эдийн засаг, тээвэр, харилцаа болон шинэ логистик боломж, том төсөл хөтөлбөр, аюулгүй байдлын талаар хэлэлцлээ. Улс орнууд харилцан ойлголцох, хамтын ажиллагаагаа хөгжүүлэхэд АСЕМ уулзалт чухал үүрэгтэй” хэмээн мэдэгджээ. ОХУ нь 2010 онд Брюссельд болсон найм дахь удаагийн чуулга уулзалтын үеэр АСЕМ-д нэгджээ. Эх сурвалж: TASS