2016 оны УИХ-ын сонгуулийн дүн маргаан будилаангүй ил тод болж өнгөрлөө. УИХ-ын сонгууль, аймаг, нийслэлийн Иргэдийн хурлын төлөөлөгчийг сонгох сонгууль хамт нэг өдөр зохион байгуулагдсан ч саналын дүнг нь хэдхэн цагийн дотор гаргав.
Ингэхдээ нэр дэвшигчдээс хэн нь хэдэн санал авсан, хувь нь хэд болж байна вэ гэдгийг сонгогч түмэн секунд, минут тутмаар харсан учраас технологийн дэвшлийг биширсэн. Энэ ажлыг Сонгуулийн ерөнхий хороо анх удаа гэхэд амжилттай зохион байгууллаа. Бас сайн ажиллалаа.
Сонгуулийн тухай хуульд заасанчлан зургаадугаар сарын 29-ний 07.00 цагаас сонгогчдын саналыг авах ажил нэгэн зэрэг улс даяар эхэлж, 22.00 цагт дууссан.
Улс даяар сонгогчдын саналыг авах цаг дуусаж, хэсгийн хороод хаалгаа барьснаас хойш ердөө 20 минутын дараа буюу 22.20 цагаас эхэлж зарим хэсгийн хороод саналынхаа дүнг Сонгуулийн ерөнхий хороо руу илгээж эхэлсэн байдаг.
Зарим аймагт бороотой байсан, Баян-Өлгий зэрэг аймаг нь өндөр уултай учраас сүлжээ унан төв сервер рүү саналын дүнг ирүүлэхэд саад учирч байсныг эс тооцвол асуудал багатай байжээ.
Өмнө нь сонгуулийн саналын хуудсыг тоолж гаргана гэдэг хоног өдрүүдэд зарцуулсан амаргүй ажил байлаа. Саналын хуудас гараар тоолдог байсан болохоор энэ завсар нь гол будилаанаа хийдэг байсан тухай яриа бий.
Маргаан ч дагуулж, 2008 оны УИХ-ын сонгуулийн саналын дүнг эсэргүүцэн долдугаар сарын 1-н гэх хэрэг явдал гарсан.
Ийм эмгэнэлт явдлыг дахин давтахгүйн тулд парламент 2001 онд УИХ-ын сонгуулийн тухай хуулийг шинэчлэн баталж, автомат машинаар саналын хуудсыг тоолох заалтыг хуульд оруулснаар 2012 оны УИХ-ын сонгуулийг автомат машин ашиглан саналын хуудсыг тоолж гаргаж байв. Гэвч МАН-ын зүгээс автомат машиныг “но”-той бараг л Ардчилсан намын талд дүн гаргана гэж хардаж байсан ч эсрэгээрээ ирэх дөрвөн жилд Засгийн газрыг тэргүүлэх төдийгүй УИХ-д бүдүүн бүлэг хэмээн нэрлэгдэхүйц 65 суудлыг нь баталгаажуулж өглөө.
Г.ХОРОЛ