Хотын зүүн хэсэг Ботаникт шинэ тооцооны төвөө нээгээд удаагүй байгаа Капитал банк 2011 оны 7 дугаар сар 6-ны өдөр хотын баруун хэсэг буюу СХД-ийн 20-р хорооны нутаг дэвсгэрт тооцооны шинэ төвийн нээлт хийв.
Улаанбаатар хотын хүн ам хамгийн их төвлөрсөн Сонгинохайрхан дүүргийн ард иргэдэд банкны бүхий л төрлийн үйлчилгээг үзүүлэхээс гадна тэтгэвэр, тэтгэмж, халамж, эх орны хишиг зэрэг төрөөс иргэдэд олгож байгаа мөнгийг нэг цэгээс олгох хамгийн том нэгж болж байгаагаар онцлогтой. Сонгинохайрхан дүүргийн 2-р хорооны тэтгэвэр, 22-р хорооны тэтгэвэр, тэтгэмж, хүний хөгжлийн сангийн мөнгө, 1, 5, 6, 20-р хорооны иргэдэд тэтгэмж, хүний хөгжлийн сангийн мөнгийг тараахаар төлөвлөн, энэ шинэ нэгжийг нээжээ.
Тооцооны шинэ төвийн нээлтэнд Капитал банкны Үйл ажиллагааны газрын захирал Б.Ганбаатар, СХД-ийн 2-р хорооны засаг дарга Н.Чулуунбаатар, 22-р хорооны засаг дарга н.Аюуш болон бусад албаны хүмүүс оролцлоо.
Шинэ нэгжийн “Урамшуулалт өдрүүд” нээлтийн энэ өдрөөр эхлэн долоо хоногийн турш харилцах, хадгаламж шинээр нээлгэсэн харилцагчдад Капитал банкны урамшуулал бэлэг гардуулах аж.
ХХСангийн мөнгийг олгоход үүсдэг урт дарааллыг бууруулах зорилгоор хүн ам шигүү суудаг газар энэхүү шинэ нэгжийг байгуулж, иргэдэд банкны үйлчилгээг ойртуулснааас гадна амралтын өдөр мөн ажиллахаар төлөвлөж байгаад Сонгинохайрхан дүүргийн иргэд баяртай байгаагаа нээлтийн үеэр илэрхийллээ.
Капитал банк олон тэгш ой давхацсан баяр наадмыг тохиолдуулан “Таатай зээл-Таны амжилт” зээлийн аянаа харилцагч нартаа зориулан дахин нэг сараар үргэлжлүүлэн сунгасан билээ.