Баярын маргааш хүүхдээ хөтлөөд хаачих вэ?

Хуучирсан мэдээ: 2016.06.02-нд нийтлэгдсэн

Баярын маргааш хүүхдээ хөтлөөд хаачих вэ?

Өнөөдөр ийм асуулттай тулгарсан аав, ээж нар цөөнгүй бий. Хүүхдийн баярын өдөр  хөмсөг зангидан яваа эцэг, эхчүүдтэй тааралдсан бол “Маргааш хүүхдээ хөтлөөд хаачих вэ” гэж л санаа зовнисон хэрэг. Улсын статустай бүх цэцэрлэг тавдугаар сарын 31-ний өдрөөс хойш амардаг учир зуны гурван сар хүүхдээ асрах үүрэг аав, ээж нарт ногддог.

ЗУН АЖИЛЛАДАГ ЦЭЦЭРЛЭГТЭЙ БОЛОХСОН

Улсын хэмжээнд нийт 1017 цэцэрлэг үйл ажиллагаа явуулдаг. Үүнээс 764 нь улсын цэцэрлэг бол 303 нь хувийн өмчийн цэцэрлэг байдаг.  Нийслэлд нийтдээ 430 гаруй цэцэрлэг ажиллаж байгаагаас ердөө 178 нь улсынх гэсэн статистикийг жил гаруйн өмнө гаргаж байжээ. Цэцэрлэгийн насны 230 мянга гаруй  хүүхэд байгаагаас 80 мянга орчим нь цэцэрлэгт хамрагдаж чаддаггүй гэсэн мэдээлэл ч бий. Ялангуяа нийслэлийн захын дүүргүүдийн гэр хороололд цэцэрлэг барих газар байхгүй, дэд бүтэцгүйн улмаас улсын төсвийн хөрөнгөөр цэцэрлэг барих боломж хомс. Энэ бүх шалтаг шалтгааны улмаас цэцэрлэггүй, цэцэрлэг нь амарсан хүүхдүүд хүүхдийн баярын маргаашнаас жинхэнэ утгаараа “шоовдорлогддог” гэвэл хилсдүүлсэн болохгүй. Дунд сургуулийн сурагчид хараахан амраагүй байдгаас зургадугаар сарын эхний өдрүүдэд олон албан байгууллага хүүхдийн хөлд дарагддаг.

Хүүхэд харах хүнгүй айлууд хувийн цэцэрлэгт хүүхдүүдээ өгдөг ч зарим хувийн цэцэрлэг улсынхтай зэрэгцэн зун амарчихдаг нь гайхалтай. Хувийн хэвшлийн цэцэрлэгийн сарын төлбөр хамгийн багадаа 250 мянган төгрөг байдаг ажээ. Бага өртөгтэй цэцэрлэгүүд голчлон 1-3 насны хүүхдүүдийг асрах үйлчилгээ үзүүлдэг, сургалт явуулдаггүй гэсэн бол  3-5 насны хүүхдүүдийг хүмүүжүүлдэг, ердийн сургалтаас гадна шатар, сорабан сампин, IQ хөгжүүлэх, гадаад хэлний зэрэг нэмэлт хичээл заах тусмаа сарын төлбөр нэмэгддэг ажээ. Сард 700-900 мянган төгрөгийн төлбөртэй цэцэрлэг  ч бий. Мэдээж төдий хэмжээний төлбөр төлөөд хүүхдээ цэцэрлэгт өгөх айл өрх олонгүй тул багахан төлбөртэй цэцэрлэгүүд олон хүүхэдтэй өнжих нь бий гэнэ. Зуны цагт цэцэрлэгүүд 08.00-18.00 цагт ажилладаг байна.

Улсын статустай цэцэрлэгийн багш нар зуны гурван сарын турш  цалингүй амардаг. Гэвч хүний амьдрал хойно зунжин цалингүй амрахаас залхдаг зарим нэг багш бий. Тэдний хувьд зуны саруудад цэцэрлэгтээ ажиллах боломж олддог бол ажиллахаас татгалзахгүй. Нэгэнт эрэлт, нийлүүлэлт тохирч байгаа ийм нөхцөлд  цэцэрлэгүүдийн ганц нэг ангийг тохирсон үнэ ханшаар зундаа ажиллуулдаг болгох сон.

Хүүхэд харах эмээ хөлсөлнө

Иймэрхүү утгатай зар зуны гурван сард эрс нэмэгддэг. Хүүхдээ харуулах эмээ, өвөөтэй айл болон дунд сургуулийн  ах эгчтэй хүүхдүүд азтайд тооцогдохоор цаг үе иржээ. Хүмүүсийн хэрэглээг дагаад үйлчилгээ хөгждөг нь зах зээлийн нийгмийн жам. Тиймээс хүүхэд асрах үйлчилгээ, түүнд зуучлах байгууллага ч цөөнгүй болсон байна. Тэдгээр газруудын нэгтэй холбогдон зарим зүйлийг тодрууллаа.  Хүүхэд асрагч  ажлын өдрүүдийн болон гэрт байрлаж асрах гэсэн хоёр төрлийн үйлчилгээ үзүүлдэг  байна. Ажлын таван өдөрт 09.00-19.00 цагийн хооронд хүүхэд асрахад сарын ажлын хөлс нь 550 мянган төгрөг байх бөгөөд дээр нь унааны хөлс өдөрт 2000 төгрөг авдаг аж. Мөн цаг сунгаж ажиллах бол тусгай тохироо хэрэгтэйг тодотголоо.  Харин гэрт байршиж буй ажиллах үйлчилгээ нь долоо хоногийн зургаан өдөрт гэрт нь байрлаж хүүхдийг асрах бөгөөд цалин хөлс нь өдрийн багшаас бараг хоёр дахин өндөр байдаг аж. Учир нь асрагч хүүхэд асрахаас гадна гэр орны цэвэрлэгээ, оройн хоол зэргийг хийдэг учир хөлс мөнгө өндөр байдаг гэнэ. Хүүхэд асрагчаар 18-45 насны эмэгтэйчүүд, тэр дундаа хөдөөнөөс ирээд удаагүй хүмүүс голчлон ажилладаг ажээ. Залуу эцэг эхчүүдийн тухайд нас тогтсон найдвартай эмэгтэйг сонгож, хүүхдүүддээ эмээгийн үүрэг гүйцэтгүүлэх сонирхолтой байдаг бол ахимаг насны аав, ээж нар залуухан асрагч сонгож, хүүхдээ хөгжүүлэх, хичээл номоо давтахад нь туслуулахыг чухалчилдаг гэнэ.

Харин хүүхэд асрагчийн хүмүүжил хийгээд зан харилцааны асуудлыг зуучлагч байгууллага бүрэн хариуцах боломжгүй гэдгийг тодотгож байлаа. Аль болох зөв хүмүүжилтэй сайн хүн сонгохыг хичээдгээ зуучлагч компанийн эелдэг бүсгүй тайлбарлалаа.

Машиндаа хүүхдээ битгий үлдээгээч

Сэтгүүлч найз маань өчигдөр фэйсбүүктээ нэгэн чухал асуудлыг хөндөн бичсэн нь анхаарлал татлаа. Тэрбээр бичихдээ:

“Өнөөдөр ажил руугаа явж байгаад зам товчлох санаатай хороолол дундуур алхаж явтал хүүхэд уйлах шиг сонсогдов. Хавь ойрд хүүхэд харагдсангүй. Хүүхдийн дуугаар хайж очтол замын хажууд орхисон  машин дотор 3-4 орчим насны эрэгтэй хүүхэд уйлж суугаа харагдав.  Өглөө нэлээн сэрүүн байсан болохоор зузаан хувцаслачихаж. Уйлснаасаа болоод хар хөлс нь цутгачихсан, бас айсан янзтай цомцойтол сууж байх юм. Унтаж байгаад сэрсэн бололтой, жаахан аргадахаар дуугүй болчих юм. Машиндаа үлдээсэн утасны дугаараар  залган ээжийг нь дуудсан ч дунд сургуулийн байрын охин  ирж хүүг авлаа. Машиндаа хүүхдээ битгий үлдээгээч ээ, эцэг эхчүүд ээ. Гэм нь урдаа, гэмшил нь хойноо гэдэг юм болох вий. Аавууд эхнэртээ тусалж, дэмжихгүй бол амаргүй гурван сар айсуй.  Ажил олгогч нар ч гэсэн уян хатан байхаас аргагүй  цаг ирж байна” гэжээ.

Аргагүй л амаргүй гурван сар ирж байна. Хүүхдүүдээ хайрлаарай.

NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж