Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама Японд болсон “Их 7”-гийн уулзалтад оролцсоныхоо дараагаар Хирошима хотод айлчилсан нь дэлхий нийтийн анхаарлыг татлаа. АНУ 1945 оны наймдугаар сард Японы Хирошима болон Нагасаки хотуудад цөмийн бөмбөг хаясан. Хирошима хотод амь үрэгдэгсдийн тоо 166 мянга хүрсэн бол Нагасаки хотод 80 мянган хүн амь үрэгдсэн. Үүнээс гадна цөмийн бөмбөгийн дэлбэрэлтээс үүссэн цацраг туяанд хордогсдын тоо бөмбөг хаяснаас хойш таван жилийн дотор 200 мянга давсан.
Хирошимад цөмийн бөмбөг хаяснаас хойш 71 жилийн хугацаанд энэ хотод хөл тавьсан АНУ-ын анхны ерөнхийлөгч нь Барак Обама боллоо. Түүнийг Хирошимад очно гэсэн мэдээ түгсэнээс хойш Барак Обама япончуудаас уучлал гуйх уу гэсэн асуулт олон хүний анхаарлыг татаж байсан. Гэсэн ч Барак Обама уучлал гуйхгүй гэдгээ мэдэгдсэн.
Яагаад америкчууд Японы хоёр хотод цөмийн бөмбөг хаях болсон талаар АНУ-ын нэр хүндтэй TIME сэтгүүл өнгөрсөн долоо хоногийн дугаартаа нэгэн нийтлэлийг зориулжээ. Дэвид Кайзерийн бичсэн энэ нийтлэл “Америкчууд яагаад 1945 онд Японд цөмийн бөмбөг хаясан бэ?” гэсэн гарчигтай.
“Энэ хэрэг явдал хүний ёсонд нийцсэн эсэх талаар бид маргаж, хэлэлцэж болно, гэсэн ч америкчууд цөмийн бөмбөг хаях шийдвэрт яагаад хүрсэнийг түүх тайлбарладаг” хэмээн энэ нийтлэл эхэлжээ. TIME сэтгүүл ийм нийтлэл бичих болсоноо Барак Обамагийн айлчлалаас үүдэн энэ сэдэв олны анхааралд өртсөнтэй холбон тайлбарлажээ. Ингээд нийтлэлийг хүргэе.
1960-аад оны эхээр Вьетнамын хэрэг явдал олон сая америк иргэний хүйтэн дайны талаарх болоод АНУ-ын дэлхийн үүрэг ролийн талаарх төсөөллийг замхруулсан. Чухам энэ үед Хирошима, Нагасакид цөмийн бөмбөг хаях шаардлага байгаагүй гэсэн санаа бодол давамгай болж ирсэн юм. Эдийн засагч Гар Альперовицээр толгойлуулсан хэсэг хүн цөмийн бөмбөгийг ЗХУ-ыг айлгах зорилготой байсан болохоос биш Японыг буулгаж авах зорилгогүй байсан гэж сурталчилж эхэлсэн. Энэ үзэл бодол явсаар 1995 он гэхэд энэ асуудлыг тойрсон олон нийтийн санал бодол ихээхэн зөрөлдөж, цөмийн бөмбөг хаясны 50 жилийн ойд зориулан Смитсоновын хүрээлэнд гаргасан үзэсгэлэнг хэд хэд өөрчилсөний эцэст олонд дэлгэж байсан юм. Дайны утааг амссан үеийн төлөөлөл цөөрөх тусам энэ сэдэв улам намжиж, эрдэмтэд шал өөр сэдэв барьж авах боллоо. Харин ерөнхийлөгчийн айлчлал энэ сэдвийг дахин өдөөлөө.
Шинээр өдөөгдсөн сэдвийн хэлэлцүүлэгт сэтгэл хөдлөл давамгайлж, харин шинжлэх ухааны үндэстэй баримт, түүхэн эх сурвалжид суурилсан зүйл бага яригдаж байна. Аль 1973 онд Роберт Жеймс Мэддокс өмнөх үеийн Гар Альперовицийн байр суурь үндэслэлгүй гэдгийг нотолсон ч энэ удаад Мэддоксийн судалгааны ажил тухайн үеийн үйл явдлын талаарх олон нийтийн санаа бодолд төдийлөн нөлөөлсөнгүй.
Цөмийн бөмбөгийн гол бай нь Токио биш Москва гэж үзсээр байгаа хүмүүс ерөнхийлөгч Трумэн болоод түүний зөвлөхүүдийн дүгнэлтэд үндэслэдэг, гэхдээ тэд яагаад ийм шийдвэрт хүрсэн талаарх гаргалгааны түүхэн баримт байдаггүй. Гэсэн ч энэ сэдвээр үргэлжлүүлэн судалсан хүмүүс энэ маргааныг хагалах дүгнэлтүүдийг хийсэн байдаг. Тэр дүгнэлтээр цөмийн бөмбөг хаях хүртэл япончууд америкчуудын тавьсан нөхцөлийг хүлээж авч үг дуугүй бууж өгөх бодолгүй байсан. Япончууд төлөвлөсөн ёсоороо АНУ руу довтлох байр сууриасаа ухраагүй төдийгүй энэ довтолгоонд нягт нямбай бэлдчихсэн байсан бөгөөд хэрвээ дайн эхлэх юм бол цөмийн бөмбөгөөс ч илүү их хохирлыг хоёр тал амсах байжээ.
1943 оны эхээр Касабланкад болсон бага хурлын үеэр ерөнхийлөгч Рузвельт дайнд оролцох АНУ-ын зорилгыг тодорхой хэлсэн байдаг. “АНУ-ын бүх дайсныг үг дуугүй бууж өгөхөд хүргэж, тэдний газар нутгийг эзлэн авч өөрсдийн эрх ашигт нийцсэн улс төрийн институт байгуулна” гэж. 1945 оны зуны эхэнд Герман энэ нөхцөлийг хүлээж авсан. Ричард Фрэнк 1999 онд гаргасан “Түлхэн унагаалт” хэмээх судалгааны ажилдаа “Японы Засгийн газар дайнд ялахгүйгээ ойлгож байсан ч тийм нөхцөлийг хүлээж авах бэлтгэлгүй байсан, тэд юун түрүүн америкчууд газар нутгийг нь эзлэн авч, улс төрийн системийг өөрчлөхийг хүсэхгүй байлаа” гэж бичсэн байдаг.
АНУ-ын цэргүүд Кюсю арал дээр бууж улмаар Хонсю болон Токио руу давшина гэдгийг япончууд мэдэж байсан учраас тэд Кюсю аралд маш их өртгөөр хамгаалалт босгож, энэ хамгаалалт америкчуудад ихээхэн хохиролтой байж, улмаар Вашингтон буулт хийнэ гэж тооцоолсон. Гэвч энд нэг чухал зүйл бий. 1998 онд АНУ-ын тагнуулынхны хийсэн дүгнэлтээр япончууд Кюсю аралд маш сайн хамгаалалт хийснийг америкчууд мэдэж байжээ. 1945 оны долдугаар сарын сүүлээр АНУ-ын цэргийн тагнуулынхан Кюсю арал дээрх япон цэргийн тооны талаарх дүгнэлтээ өөрчилж, тэдний таамаглаж байснаас хамаагүй их байгаа гэж үзсэн байна. АНУ-ын хуурай замын цэргийн командлагч генерал Жорж Маршалл энэ дүгнэлтэд ихээхэн санаа зовинож, цөмийн эхний бөмбөг хаяхын өмнөхөн генерал МакАртурын энэ төлөвлөгөөг дахин эргэж харах, болж өгвөл татгалзахыг удирдлагадаа санал болгож байжээ.
Хирошима болон Нагасаки хотод хаясан бөмбөг, мөн ЗХУ Японы эсрэг дайнд нэгдсэн зэрэг үйл явдал ердөө гуравхан хоногийн дотор болж өрнөсөн бөгөөд эдгээр үйл явдал Японы эзэн хаан, Японы Засгийн газар үг дуугүй бууж өгөх нь цорын ганц зам гэдгийг ойлгуулжээ. Гэсэн ч цөмийн бөмбөггүйгээр, тэртэй тэргүй америкчуудын нөхцөлийг хүлээн зөвшөөрөх байсан гэж хэлэх хүн олон байдаг.
АНУ цөмийн бөмбөг хэрэглэснээр Японы 1930-аад оноос Азид эхлүүлж АНУ-ын газар нутаг болох Сувдан эрэг хүртэл өргөжсөн дайныг зогсоож чадсан. Ингэснээр олон мянган цэрэг төдийгүй жирийн иргэний амийг авч одох байсан цэргийн довтолгооноос татгалзсан. Ричард Фрэнк өөрийн судалгаандаа хэрвээ америкчууд Япон руу газраар довтолсон бол олон мянган япон иргэн өлсгөлөнгөөс болж үхэх байсан гэж бичсэн байдаг.
Гэхдээ эдгээр үндэслэл нь хоёр хотыг үнсэн товрог болгосон цөмийн бөмбөгийн хүн ёсны агуулгыг мартаж болно гэсэн үг биш. 1945 оноос хойш дэлхий нийт дахиж тийм аймшигт хэргийг үзээгүй байна. Магадгүй цөмийн бөмбөг хэрэглэх нь ямар үр дагавартай байж болохыг харсан учраас олон улсад цөмийн бөмбөгөөс татгалзах нөлөөг үзүүлж байгаа. Дахиж ийм зүйл болохгүй гэдэгт бид найдаж байна.
Бид хэлэлцүүлгийн агуулгаа цөмийн бөмбөг хэрэглэх үү, үгүй юу гэдэг рүү биш харин хүний амьдралын тухай, тэр тусмаа олон сая жирийн иргэний амиар сайн тал руугаа өөрчлөгдсөн амьдралын тухай чиглүүлж байна. Хирошима, Нагасакигаас өмнө АНУ-ын болон Их Британийн стратегичид Герман, Японыг зогсоохын тулд бүхэл бүтэн хотыг устгах нь хууль ёсны гэж үздэг байсан. Гамбург, Дрезден, Токио хотуудад хаясан шатдаг бөмбөг нь Японы цөмийн бөмбөгтэй тэнцэхүйц хор хохирлыг авчирсан юм. Миний мэдэж байгаагаар бүхэл бүтэн хотыг хүн амтай нь бөмбөгдөх нь яагаад британичууд болоод америкчуудын хүлээн зөвшөөрөгдөх тактик болсоныг ойлгохыг хүссэн түүхч одоогоор алга. Энэ ойлголт ХХ зууны хандлага, ёс зүйн жишээ болон үлдэж байна. Үгүй дээ л, энэ ойлголт Хирошима, Нагасакийн бөмбөгдөлт хүртэл хүлээн зөвшөөрөгдөж байсан. Цөмийн бөмбөг одоо ч биднийг айлгасаар. Гэтэл тухайн үедээ энэ нь хамгийн бага хохиролтойгоор дайныг дуусгах алхам байжээ. Анхааралтай судалсан түүхийн дүгнэлт үүнийг нотолдог.
Бэлтгэсэн А.ШАРАВ