Зүүн Өмнөд Европын Монтенегро улсыг НАТО-д нэгдэхин эсэргүүцэн ОХУ “нөхөрсөг орны” эсрэг хориг арга хэмжээгээр сүрдүүлжээ. ОХУ-ын гадаад хэргийн яамны төлөөлөгчийн мэдээлснээр Монтенегро улсын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ авч магадгүй гэнэ.
Умард Атлантын цэргийн эвслийн байгууллага НАТО пүрэв гаригт /2016.05.19/ Монтенегро улсыг 29 дэх гишүүн орноор элсүүлэх баримт бичигт гарын үсэг зурсан байна. Монтенегрогийн гишүүнчлэлийг НАТО-гийн гишүүн 28 орон болон АНУ-ын Сенатын танхим батлах ёстой юм.
“Брюссель дэх НАТО-гийн төв байрны гадна удахгүй Монтенегро улсын төрийн далбаа байрлана гэдэгт итгэлтэй байна. Монтенегро том шинэчлэлт явуулж, бүс нутгийн хамтын ажиллагааг дэмжих НАТО, Европын холбоо, НҮБ-ын үйл ажиллагааг оролцож ирсэн. Монтенегро эвсэлд нэгдсэнээр бүс нутгийн аюулгүй, тогтвортой байдлыг хамгаалахад илүү боломжийг нээж өгч байна” хэмээн Йенс Столтенберг онцлон мэдэгджээ.
НАТО хил хязгаараа тэлж, баримтлах бодлогоо өөрчилсөнд ОХУ ихээр дургүйцэж байна. Крым хойг 2014 онд Украинаас салж ОХУ-д нэгдсэнээс хойш НАТО Европ даяар цэргийн тоогоо нэмэгдүүлж, Балканы орнуудад цэргийн сургуулилт явуулах болсон юм.
Монтенегро улс нь хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан Югославын задралын дараа байгуулагдсан юм. Тус улс 2006 онд тусгаар тогтнолоо зарласан билээ. Монтенегро өмнө нь Афганистан дахь НАТО-гийн цэргийн ажиллагаанд оролцож байжээ.
НАТО сүүлд 2009 онд Албани, Хорват улсыг гишүүнээр элсүүлсэн юм.
Эх сурвалж: Voice of America
Б.АНХТУЯА