Туулж өнгөрүүлсэн амьдралынхаа хамгийн гэгээн дурсамжыг бусадтай хуваалцах нь сэтгэл зүрхний гүнд нандигнан хадгалаж явдаг тэр үүх түүхээ дэлгэж байгаа хүнд ч, түүнийг сонсож байгаа хүндээ ч сайхан халуун дулаан, сайхан мэдрэмж төрүүлдэг. Бүх л эд зүйл технологижиж, найз нөхдөө төдийгүй, танил танил биш хүмүүсээ утас, фэйбүүк, твиттерээс төвөггүй олж, хотын түгжрэл, нийгмийн дуулиан шуугианд бухимдаж суудаг болсон энэ цаг үе хүмүүсийг гэгээн бүхнээс нь холдуулаад байх шиг. Энэ буланд хүмүүсийн сайн, сайхан дурсамжийг нийтэлж байх бөгөөд энэ нь уншигчдад маань халуун дулаан сэтгэл төрүүлж, ухаарал өгнө гэдэгт итгэлтэй байна. Та бидэнд хандаж өөрийнхөө сайхан түүхийг ирүүлж болно.
Өнөөдрийн дугаарт УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцангийн nam.mn сайтад хэвлэгдсэн ярилцлагаас хэсэгчлэн хүргэж байна.
Хүний хамгийн сайхан нас, хамгийн сайхан үе аль вэ гэхээр идэр насаа гэж олонх хүн дурсдаг юм гэнэ лээ. Миний хувьд бол өөр. Бага нас минь сэтгэлд их ойр, дотно дурсамж үлдээж дээ. Би уяруу зөөлөн сэтгэлтэй хүн. Ээж, эмээ минь ийм хүмүүс байсан. Тэр занг нь бага боловч авсан юм шиг байгаа юм. Аавынхаа зоримог, ухаалаг чанарыг ч өв¬лө¬сөн. Тэгээгүй бол би парламентад өдий зэрэгтэй сууж чадах¬¬гүй байсан биз. Манай Ням¬дор¬жийн хэлдгээр “Тийм биз, мөн үү”. (инээв). Тэр цаг хамгийн сайхан дурсамж үл¬дээсэн. Бага залуудаа эцэг эхээ¬сээ хагацсантай холбоотой байх. Манай аав, ээж ажилчин байсан. Урт цагаанд, дараа нь гутал засварын газарт гутал тахалдаг байлаа. Гутал загнах гэж ярина шүү дээ. Аав, ээжийнхээ дунд суучихаад гутлын хадаас тэгшилж байсан үе хамгийн жаргалтай. Тэр үед богинохон хадаасыг тэгшлэх надад амаргүй л байсан байх. Гэхдээ бага насны ийм л зураг хамгийн сайхан байж дээ. Манай аав цэргийн дарга байсан. Шавилж сууж байсан ном эрдэмтэй хүн. Гэлээ гэхдээ тухайн үеийнхээ нийгмийн ороо бусгаа цагийн бүтээгдэхүүн болж зовлон жаргалыг туулж ирсэн. Манай ээж малчин байгаад хотод ирээд аавтай ханилсан жирийн эмэгтэй.
Эхлээд манайх Гандангийн дэн¬жид, дараа нь Нарангийн дэнжид байдаг байлаа. Гэр хорооллын хүүхэд шүү дээ. Манай гэр хорооллынхон “гар нь сайртайгаас биш гавал нь сайртайгүй алдрайнууд аа” гээд бэсрэг найраглал бичиж байлаа. Улаанбаатар хотод 1950 оны сүүлч, жараад онд Хүүхдийн парк, Их дэлгүүр баригдаж байх, дараа нь микро, Сансар, 19 дүгээр хороолол яаж боссон, энэ бүгдийн гэрч би юм даа. Аравдугаар ангиа төгсөөд бичиж байсан. “Нарангийнхан” гэдэг нэртэй. Сурвалжлагч болно гээд Монголын радиогийн “Гавшгайч сурвалжлагч” дугуй¬ланд Мөнгөний Чимид багшийн удирдлагад хичээллэдэг үе надад байсан. Шүлэг зохиол бичнэ. Гээд зохиолч болж гавьсангүй. Би 16 наснаасаа эхлээд зуны амралт болгоноор дэлгүүрт ачигч, мах цавчигч гээд янз бүрийн ажил хийж явсан. Хичээлийнхээ зав чөлөөгөөр барилгын ажил ч хийж үзсэн. Хоёр үнээндээ хадлан бэлтгэх гээд намар нь гардаг, гэхдээ байгалийн шалгарал гэдэг шиг чоно шиг явж байж л хэдэн бухал өвс олж авдаг байв. Аав ээж минь ажлыг хар боргүй хийж сур, тэгж байж л амьдрал авч явна гэж их багаас сургадаг байсан. Өөрсдөө ч их хөдөлмөрч улс. Тэр зан чанар нь надад чамгүй сууж өгсөн гэж боддог. Тэр үед гэр хороолол гэдэг их сайхан байсан.
Гудамж бүрээс хөлбөмбөгийн баг гардаг. Арай ах эгч нь гар бөмбөг тоглодог, өвлийн цагт нь бүгдээрээ хоккей тоглодог байлаа. Айл болгон шахуу л малтай байсан. Ганц хоёр үнээ, ямаатай, тэрийгээ адгуулдаг ажилчин ангийнхан голцуу байж дээ. Тэр л амьдралаас Монголын сэхээтнүүд өсч өндийсөн. Манай гудамжнаас хөгжмийн зохиолч, яруу найрагч, инженер, багш гээд алдартай хүн их төрсөн дөө. Манай 28 дугаар сургуулийнхан гэхэд намайг аравдугаар анги төгсөж байхад нийслэлийн нэгдүгээр сургууль, 52 дугаар сургуультай л математик, физикийн олимпиадад өрсөлддөг байсан. Хувцас гологдохоос биш толгой гологддоггүй ийм л хүүхдүүд байсан. Чой хамба байна. Манай сургуулийн хүүхэд. Надаас зургаан анги дээр. Ээж нь манай аав, ээжтэй хамт Урт цагаанд ажилладаг Сэрээтэр эгч гээд байлаа. Хамба багадаа том биетэй, барилддаг хүүхэд байсан. М.Мөнгөн арслан эд нартай л ноцолдож өссөн байх. Тэгээд шашны сургуульд ороод ноцолдохоо больсон.
Зарим хүн ичдэг юм шиг байгаа юм. Ажилчин ангийн хүний хүүхэд гэж хэлэхээсээ. Эцэг эхээсээ ичнэ гэж байж болох уу. Би бол бахархдаг. Манай аав, ээж бол ажилчин хүмүүс. Амьдрах гээд л бүх л юмыг хийсэн дээ. Эцсийн эцэст цаад санаа нь биднийг л өсгөж хүмүүжүүлж, хүний зэрэгт хүргэх гэсэн их том бодлого байсан. Ардынхаа тууль, үлгэр магтаалыг сонсож өссөн, манай нутгийнхан бэлэн цэцэн үгтэй улс. Намайг бага байхад манай аав надад сампин, шатар, монгол бичиг заасан. Харамсалтай нь би монгол бичгийг сайн сураагүй байх. Тэр бүү хэл төвд хэл бичгийг лам багшид шавилан оруулж долоо хоногт хоёр удаа заалгадаг байлаа. Цаастай харьцаад эхлэхээр л цээжээр бодохоо больчихдог юм билээ. Ингэж бэлдэж байгаад намайг аав ээж хоёр 1965 онд XIII сургуульд оруулсан. Өмнө нь дөрвөн жил нэг анги төгсөгчихсөн, туршлагатай багш Ж.Дашдондог гэдэг хүний шавь болсон.
Сайн багштай учирна гэдэг их том хувь тохиол байдаг. Сургууль номондоо дуртай хүүхэд байсан ч аав, ээж маань зөвхөн эрдмээр “нүдээд” байя гэж бодоогүй. Цанаар гулгуулж сургах гээд цана авч өгч байлаа. Хөгжим авч өгч байлаа. Даанч түүнийг нь сурсангүй. Үлээвэр хөгжмийн дугуйланд явлаа. Шатрын дугуйланд явлаа, дээр хэлснээр бөхийн дугуйланд ч явлаа. Бөхөөрөө жаахан явах байсан боловч номоо илүү харах замыг сонгосон доо. Манай гэрт “Шидэт хүүрийн үлгэр”, “Гучин хоёр модон хүний үлгэр”, “Зуун билгийн дээж оршвой” гээд монгол бичгээр бичсэн олон ном байдаг байсан. Ааваасаа анх удаа Жуков жанжин, Дандар баатар, Чингис хааны тухай сонсч байлаа. Манайд “Монголын нууц товчоо” байдаг байж. “Нууц товчоо” гэсэн болохоор нууцалдаг ном юм байх гээд жаахан байхдаа нууцаар уншиж явлаа. Гэрийнхээ цавган доогуур хийчихээд нууж байгаад уншдаг байсан. Тэгсэн чинь дараа нь найм, есдүгээр ангид уран зохиолын хичээл дээр үздэг, Монголын уран зохиолын гурван оргилын нэг гэдгийг мэдэж авч байгаа юм. Миний аав, ээж хоёр хүүхдийнхээ боловсролд ингэж анхаардаг байсан.
Ээж бол дунд аж ахуйтан. Малтай хөрөнгөтэй, дунд чинээний хөрөнгөтэй айлын охин. Аавын тал гарал үүслээсээ болоод хэлмэгдсэн хүмүүс байв. Аавын талыг феодал гэдэг байсан юм. Нэг зүйлийг онцолж хэлэхэд манай өвөг дээдэс МАН-тай салшгүй холбоотой. 1921 оны арванхоёрдугаар сард Өвөрхангай аймгийн Баян-Өндөр суманд Асар зүлэгтэй гэдэг газарт Ардын намын хоёрдугаар үүр байгуулагдсан. Нэгдүгээр үүр нь Архангайн Хашаат суманд, хоёр дахь нь Өвөрхангайн Баян-Өндөрт байгуулагдаж байж л дээ. Анхны гишүүд нь манай өвөг дээдэс байсан. Аавын аав, эмээгийн дүү элсэж байжээ. Тэр үүрийг Д.Сүхбаатар жанжны найз, цорж лам, мэргэн шовгор гэж алдаршсан Санжаажамц, ардын засгийн төлөөлөгч Жамъян гэдэг хоёр хүн очиж байгуулсан байдаг. Эцсийн эцэст манай намын түүх бол тусгаар тогтнолын түүх. Тийм учраас манай гэрт хар хайрцагны бодлого байсан. Орой болохоор ойр тойрныхон, манай хөгшчүүл цуглаад л хоорондоо ярьдаг байсан. Тэр үед тэгсэн гэнэ, ингэсэн гэнэ гээд л. Улс орны байдал ийм байсан гээд ярилцдаг байлаа. Орой болгон би ийм яриа сонсож өссөн. Тэгээд үлгэр домог ярина. Бүгд бичиг мэднэ, төвд бичиг мэддэг хүмүүс байсан. Сэхээтнүүд байж дээ. Гол нь тухайн үеийн цаг үе нь нуугдаж амьдрахыг шаардсан. Хүн харахад ажилчин анги, цаанаа бол сэхээтнүүд байлаа.
Манай гудамжны лам нар гэхэд ихэнх нь манаач, гудамжны цэвэрлэгч. Үнэн хэрэг дээрээ том зурхайч, том оточ, маарамба, гавж хүмүүс. Зарим нь шоронд арван жил суугаад гарсан, зарим нь яахав амжаад хар болчихсон ийм л хүмүүс байлаа. Гаднаас нь харахад муухан хувцастай үрчгэр өвгөн л харагдана, цаанаа бол оюуны том ертөнцүүд л байсан байхгүй юү. Аав Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын хүн. Ар гэр нь хөрөнгөө хоёр, гурав ч хураалгасан. Арван хоёр хамжлагатай айл байж л дээ. Тайж удамтай. Манай Гаравынхан гэдэг овогт их том лам нар байсан. Өвөг эцэг Намжил хүүдээ (манай аавд) хэлсэн байгаа юм. Манай хүүхдүүдээс юм сурах нь чи. Бусад нь мал маллаад орон гэрээ тусгаарлаад явна биз. Чи шашин номынхоо ажлыг орхиод яв гээд 17 настайд нь жинчин дагуулаад хот руу явуулсан гэдэг юм. Бие томтой байж л дээ аав минь. Тэгээд 18 настайдаа цэрэгт татагдаад, тэндээсээ Цэргийн ерөнхий сургууль төгсөөд офицер болсон хүн. Дээд үе нь хэлмэгдсэн учраас мэдээж хэрэг орон шорон бүх л юмыг дамжсан. Сүүлд нь нутагтаа очоод дахиад хотод ирээд ээжтэй учирч гэр бүлээ зохиосон. Ээж Өвөрхангайн Бүрд сумынх.
Би дунд сургуульд байхдаа ч, Их сургуульд ороод ч гайгүй сурдаг байсан. Сүхбаатарын цалинтай оюутан байв. Тэр болгонд ээж сэтгэл өег л байсан л байх. Олон ач зээтэй хүн байсан даа. Гэхдээ миний хүүхдийг бас хүлээсэн. Үзэж амжаагүй. Аавын минь олон захиас байдаг. Ном эрдэмд халширч шантарч болохгүй гэнэ. Ном эрдэм сурах гэж байгаа бол шантарч ерөөсөө болохгүй. Нэг юм эхлүүлчихээд л дутуу дутуу хаяад байвал оройд нь хүрдэггүй гэж аав захидаг байсан юм. Дайны үеийн хортой утаа, ус, юу байдаг юм тэр бүгдээс болоод богино насалсан л даа. 59 хүрээд л бурхан болсон.16-тайдаа ааваасаа хагацаж байсан. Аавыгаа өнгөрөхөд наймдугаар ангид байв. Ах эгч тусдаа гарчихсан. Би ээж, дүүтэйгээ үлдсэн дээ. Их сургууль төгссөний дараа ээж бурхан болсон. Ээжийгээ олигтой баярлуулж чадаагүй, жаахан ч гэсэн амсхийлгэж чадаагүйдээ л их харамсдаг юм. Миний ээж “Оргилд” ч амарч үзээгүй. Хоёр үнээтэй, аав өвчтэй, би оюутан, дүү жаахан. Хүмүүс Хужиртын амралтанд амарлаа л гэдэг. Ээж минь тэгж ч үзээгүй.
Ээжийгээ ганц өдөр амсхийлгэж үзсэн бол доо гэж одоо харамсдаг. Анхны цалин, амралтынхаа мөнгийг аваад ээждээ өгөхөд их баярлаж байсан даа. Би дөрөвдүгээр курсээсээ хичээл заасан. Таван жилээр төгсдөг байв. Тэгээд анх багш болчихоод илүү цагийн хичээл их орсон. Амралтын мөнгө гэж 5500 төгрөг авчихаад миний ээж үүнийг авдрандаа хийж байгаад өөрийн хүссэнээрээ зараарай гээд өгсөн. Харамсалтай нь маргааш нөгөөдрөөс эхлээд өөрөө цувуулж аваад л дууссан байх даа.
Би нийгмийн идэвхтэй хүүхэд байсан. Ний нуугүй л хэлье. Би багаасаа улстөрч болно гэж мөрөөддөг хүүхэд байсан. Одоо бол хүн бүр улстөрч болохыг мөрөөддөг болж дээ. Маний багад бол олон хүн улстөрч болъё гэж боддоггүй байсан байх аа. Сансрын нисгэгч, онгоцны жолооч болъё гэж л мөрөөддөг байсан. Ихэнх нь. Би бол улс төрийн зүтгэлтэн болно л гэж боддог байсан. Тийм учраас дөрөвдүгээр курст байхдаа намд элссэн. Өөрөө л сонголтоо хийсэн дээ. Би ер нь их олон сургууль төгсөөгүй хүн ш дээ. Ерөнхий боловсролын сургууль, Их сургуулийн хуулийн анги төгссөн. 1989 онд дэд доктор, 2000 онд шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан. Ажлын хажуугаар л бүх юм хийгдсэн.
ЭХ СУРВАЛЖ: