Хятадад сурах бичиг хэвлүүлэхийг эсэргүүцэв

Хуучирсан мэдээ: 2016.04.21-нд нийтлэгдсэн

Хятадад сурах бичиг хэвлүүлэхийг эсэргүүцэв

Монголын хэвлэлийн үйлдвэрүүдийн холбооны /МХҮХ/ тэргүүн Ж.Гүнтэвсүрэн, “Сод пресс” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Алтантуяа зэрэг хэвлэх үйлдвэрүүдийн удирдлагууд мэдээлэл хийлээ. Хурлаар хэвлэх үйлдвэрүүдийн зах зээлийн нөхцөл байдал, сурах бичгийн тендерийн талаар сэтгүүлчдэд танилцуулав.

Өнгөрсөн жил МХҮХ-ноос хийсэн судалгаагаар Нийслэлийн хэмжээнд 160 хэвлэлийн үйлдвэр үйл ажиллагаа явуулдаг гэсэн дүн гарсан. Эдгээр үйлдвэрүүдийн хүчин чадлыг авч үзвэл 2-3 дахин хангах бүрэн боломжтой ажээ. Хэвлэх үүдвэрүүдийн тоног төхөөрөмж хамгийн бага нь 100 саяас эхлээд тэрбум хүртэл өртөгтэй юм байна. Гэтэл хүчин чадлынхаа 30-60 хувийг ашиглан ажиллаж байгааг албаныхан дурдлаа.

Монголын хэвлэлийн үйлдвэрүүдийн холбооны тэргүүн Ж.Гүнтэвсүрэн “Дүүргүүдэд худалдаа аж үйлдвэрийн хэлтэс ямар ч шалгуургүй бүрэн тоног төхөөрөмжгүй, мэргэжлийн бус хүмүүст ихээр зөвшөөрөл өгч байна. Энэ нь багадсан юм шиг төрөөс УИХ, Засгийн газрын, Хууль зүйн хүрээлэн, ЦЕГ-ын зэрэг хэвлэх үйлдвэрүүд бий боллоо. Гэтэл өндөр хүүтэй арилжааны зээл аваад тоног төхөөрөмж оруулж ирсэн үйлдвэрүүдийн нөхцөл байдал хүнд байна. Татвар төлөгчдийн мөнгөөр хэдэн зуун сая төгрөгийн үнэтэй хэвлэх үйлдвэр байгуулж,  тодорхой ажилчныг цалинжуулж байгаа нь зах зээлийн шударга, тэгш зарчмыг алдагдуулж байна” гэж онцолсон юм. Мөн хувиараа бизнес эрхлэгчдийн 75 хувь нь түрээсийн байранд үйл ажиллагаагаа явуулдаг ажээ.

Хуудас нь салдаг, номын хуудас нь дутуу сурах бичиг хэвлэгддэг. Үүнтэй холбоотой жил жилийн сурах бичгийг хэвлэх тендерийн ажил хугацаа алддаг, цөөн хэдэн компаниуд хэвлэдэг зэрэг хэл ам гардаг. Жишээ нь, нэг компанид олон тооны сурах бичгийг бага хугацаанд хэвлэх болсноос үүдэн урд хөрш рүү хэвлүүлдэг. Хэвлэх үйлдвэрүүд үүнийг мэддэг хэдий ч баримтаар нотлох боломжгүй аж. МХҮХ-нд энэ жил сурах бичгийн тендер авсан үйлдвэр ноднин тендерийн хугацаа хоцроосон байна.Үүнд хариуцлага тооцно уу гэсэн албан бичиг ирдэг байна.

“Дотооддоо бүрэн хэвлэх боломжтой ч тендерт тэнцсэн үйлдвэрүүд хугацаандаа багтахгүйн улмаас Хятадад хэвлүүлж байгааг тэд эсэргүүцэж байна. Хэвлэх үйлдвэрүүдэд хуваарилалт хийж, зохицуулах хэрэгтэй.” хэмээн “Сод пресс” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Алтантуяа ярилаа.

А.ЦЭЭСҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж