Тоглоомоо оосорлон барьсан монгол гуталтай бяцхан хүүгийн хөшөөнд хүүхдээ амьдруулахыг хүссэн ээж аргаа ядан сүү өргөж зогсоно. “Энэ хөшөөг аргадаж, сүү сайн өргөвөл буянаа өгч, хүүхдийг минь аврах байх. Үр минь зохиомол амьсгалын аппарат зүүгээд Сэхээн амьдруулах эрчимт эмчилгээний тасагт хоёр хонолоо. Маргааш (нэг дэх өдөр) хурдхан болоосой гэж бодоод… Ажил цугларвал эмч нар хүү минь эмчлэгдэх найдвар хэр байгааг, ямар эмчилгээ хийх талаараа ярих байх” хэмээн хоолой зангируулан, цаг минут бүр бяцхан үрээ амьд авч үлдэхийг хүссэн Ц.Цогзолмаа ярилаа. Тэрбээр тав хоногийн өмнө Халдварт өвчин судлалын үндэсний төвийн /ХӨСҮТ/ түргэн тусламжийн машинаар Дорнод аймгийн Дашбалбар сумаас ой 10 хоногтой үртэйгээ хотод иржээ. Бяцхан хүү нь элэг нь шарлаж, давхар улаанбурхны халдвар авч өвчин нь хүндэрсэн гэх оноштойгоор ХӨСҮТ-д ийнхүү хүргэгдэн ирсэн байна. Эхний гурван өдөр элэгний тасагт хэвтэж байгаад бие нь муудаж, Сэхээн амьдруулах эрчимт эмчилгээний тасагт шилжин иржээ. Гурван цаг тутамд Ц.Цогзолмаа хөхөө сааж, хүүдээ саасан хөхний сүүгээ тариураар шахаж өгдөг гэлээ.