ШӨХТГ-аас “Хэрэглэгч тантай хамт” нээлттэй хаалганы өдрийг зарлаж байна. Сүүлийн саруудад тус байгууллагад орон сууцны м2-ын зөрүү, барилгын компаниудын алдаа, тусгай зөвшөөрөлтэй холбоотой гомдол ихээр ирэх болсон. Тиймээс ШӨХТГ-аас иргэдээс ирж буй нийтлэг асуултанд хариулт өгөх, санал гомдлыг нь авах үүднээс өнөөдөр Тусгаар тогтнолын талбай буюу Тэнгис кино театрын хажуугийн талбайд нээлттэй өдөрлөгийг зохиож байгаа юм.
ШӨХТГ-т иргэдээс ирүүлсэн гомдлын 60 гаруй хувийг орон сууцны м2-ын асуудал эзэлдэг гэж байгаа юм. Энэ ч үүднээс барилгын компаниудад хяналт тавих асуудалд ШӨХТГ ч оролцохоор болсон гэдгийг энэ үеэр онцолсон. Ингэснээр иргэдийг хохироодог наад захын м2-ын асуудалд хяналт тавих боломж бүрдэнэ хэмээн үзжээ.
Энэ ч үүднээс Барилга хот байгуулалтын сайд Д.Цогтбаатартай хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсан байна. Ингэснээр ШӨХТГ-ынхны эхний ажил нь Хүннү 2222 хотхоны эхний есөн блок байх юм байна. Т.Аюурсайхан даргын хэлж буйгаар ШӨХТГ нь барилга хүлээж авах улсын комисст оролцсоноор иргэдээс ирдэг нийтлэг гомдлыг шийдвэрлэнэ гэсэн юм.