Архитектор Заха Хадид таалал төгсчээ

Хуучирсан мэдээ: 2016.04.01-нд нийтлэгдсэн

Архитектор Заха Хадид таалал төгсчээ

Энэ цагийн хамгийн алдартай контемпорари архитектор Заха Хадид 65 настайдаа зүрхний шигдээсээр нас баржээ.

Ирак гаралтай Заха Хадид пүрэв гаригт Майами хотын эмнэлэгт таалал төгсчээ. Гуанжугийн дуурийн театраас авахуулаад Maxxi буюу Италийн урлагийн үндэсний музей зэрэг давтагдашгүй, ер бусын этгээд сонин архитектурыг бүтээсэн Захад Хадидын таалаг төгссөнд цочирдсон хүмүүс, алдартнууд, шүтэн бишрэгчид, хамтрагчдын эмгэнэл, гашуудлын үгс цахим ертөнцөд давалгаалж байна. Заха Хадидын үүсгэн байгуулсан Заха Хадид  архитектур компани авьяаслаг архитекторын зуурдын үхлийн талаар албан ёсны мэдэгдэл гаргаж, эмгэнэл илэрхийлсэн байна.

Заха Хадид Бейрут дах АНУ-ын их сургуульд математикийн чиглэлээр суралцаж, 1972 онд Лондоны Архитекторын холбооны сургуульд суралцахаар Их Британид очжээ.  Түүнээс долоон жилийн дараа Заха Хадид өөрийн нэрээр архитектурын компани нээсэн билээ. 2012 оны Олимп болон паралимпийн усан спортын тэмцээныг зохион байгуулсан Акуа төвийн барилгын архитектурыг хийснээс хойш түүний нэр олон улсад танигдсан.

Энэ оны эхээр Их Британийн архитекторуудын хатан хааны институт Заха Хадидыг хатан хааны нэрэмжит алтан медалиар шагнажээ.  Заха Хадид уг шагналыг авсан хамгийн анхны эмэгтэй байсан билээ. Заха Хадидын таалал төгссөнд хамгийн түрүүнд эмгэнэл илэрхийлсэн хүмүүсийн нэг Лондон хотын дарга Борис Жонсон “Заха Хадид таалал төгссөнийг сонсох маш харамсалтай байна. Гэвч түүний оргилуун сэтгэл, дэлхийн өнцөг булан бүрт бүтээсэн архитектур нь бидний сэтгэлд үүрд үлдэх болно” гэжээ.

Заха Хадидыг Японы Засгийн газар 2020 оны Олимпын цэнгэлдэх хүрээлэнгийн төслийн ерөнхий архитектураар сонгосон боловч эцсийн мөчид түүний төслийн зардлыг / 1.35 1.35 тэрбум фунт стирлинг/ хэтэрхий өндөр өртөгтэй хэмээн гэрээгээ цуцалж, япон архитекторын төслийг хэрэгжүүлэхээр болсон юм.  Заха Хадидын боловсруулсан 2020 оны Токиогийн Олимпын цэнгэлдэхийн загварыг эмэгтэй хүний бэлэг эрхтэнтэй адилхан гэж шүүмжлэхэд архитектор үүнийг няцааж, эртний далбаат завины загвараас санаа авсан хэмээн тайлбарлаж байв.

Н.ЭНХ


ХОЛБООТОЙ НИЙТЛЭЛ

Уран зөгнөлийг бодит болгогч Заха Хадид

NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж