&#34Энэ тэмцээн олимпийн наадам байгаагүй нь аз боллоо&#34

Хуучирсан мэдээ: 2016.01.30-нд нийтлэгдсэн

&#34Энэ тэмцээн олимпийн наадам байгаагүй нь аз боллоо&#34

Казухито Сакаэ: Энэ тэмцээн олимпийн наадам байгаагүй нь бидний аз боллоо

Олимпийн хошой аварга, дэлхийн аварга И.Ярыгиний нэрэмжит чөлөөт бөхийн “Алтан Гранпри” тэмцээн өчигдөр ОХУ-ын Красноярск хотод эхэлсэн. Тэмцээний эхний өдөр болсон эмэгтэйчүүдийн 58 кг-ын жинд П.Орхон Японы алдарт бөх Каори Ичог 10:0-оор хожиж, тус тэмцээнд түрүүлсэн.

Японы алдарт бөх Каори Ичо Монголын бөх П.Орхонд ялагдсаны дараа Японы үндэсний шигшээ багийн захирал Казухито Сакаэ ярилцлага өгөхдөө “Ичог ялагдсан тухай мэдээлэлд Японд дорхноо тархсан байна. Энэ тэмцээн олимпийн наадам байгаагүй нь бидний аз боллоо. Олимпийн наадам болтол тодорхой хугацаа байгаа болохоор зарим алдаа доголдлоо засах хугацаа бидэнд байна. Каори Ичо юу хийхээ мэдэж байгаа, алдаагаа засах чадвартай тамирчин гэдэгт би итгэж байгаа болохоор сэтгэл зовохгүй байна. Ичо 2007 онд Азийн аварга шалгаруулах тэмцээнд бүтэлгүйтсэнээс хойш өнөөдөр баасан гаригт П.Орхонд хожигдох хүртлээ 108 барилдаанд дараалан ялалт байгуулаад байсан юм. Ер нь бол Швед улсад болдог “Клиппан хатагтай” олон улсын тэмцээнд 2003 оны гуравдугаар сард АНУ-ын бөх Сара МсМаннд ялагдсанаас хойш 189 барилдаанд дараалан ялалт байгуулаад байсан юм. ” гэж хэлсэн байна.

ОЛИМПИЙН 3 УДААГИЙН АВАРГА КАОРИ ИЧО


Японы домогт бөх Каори Ичо арав гаруй жил 63 кг-ын жинд дэлхийд ноёрхож байгаа ч 2014 онд Узбек улсын Ташкент хотод болсон ДАШТ-нд 58 кг-ын жинд барилдсан нь ихээхэн сонирхол татаж байлаа. Монголын бөх С.Батцэцэгээс бэргэж доод жиндээ орсон гэсэн яриа ч гарч байлаа. Ямартаа ч К.Ичо дэлхийн аваргын ес дэх алтан медалиа авсан юм. Дэлхийн аварга боллоо гээд дасгалжуулагч нар, багийнхаа бөхчүүдтэй ч тэврэлдсэнгүй, шүүгчидтэй гар бариад дэвжээндээ мөргөөд л буужээ.

Япон улсын Аомори мужийн Хатинохе тосгонд 1984 оны зургадугаар сарын 13-нд төржээ. Нагоя хотод Бөхийн дээд сургуульд бэлтгэл сургуулилтаа хийдэг байна.

2004 онд Грек улсын Афины хотод болсон Зуны олимпийн наадамд анхны алтан медалийг авчээ. Эхний тойргийн барилдаанд Украиний бөх Б.Холовченког 10:5, хоёрдугаар тойргийн барилдаанд Оросын бөх А.Карташоваг 6:2, хагас шигшээ барилдаанд Францын бөх Луис Гуалет-Леграндыг 4:0, шувтаргын барилдаанд Америкийн бөх Сара МакМанныг 3:2 онооны харьцаагаар ялж, олимпийн аварга цолыг анх удаа хүртжээ.

Дараа нь 2008 онд Бээжингийн олимпийн наадамд тасархай түрүүлсэн. Тэр эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойргийн барилдаанд Азербайжаны бөх Замила, гуравдугаар тойрогт Америкийн бөх Рэнди Мюллер нарыг дараалан цэвэр ялж хагас шигшээ барилдаанд Канадын бөх Мартина Дугреньег 6:0, шувтаргын барилдаанд Оросын бөх А.Карташоваг 4:3 онооны харьцаагаар ялж, олимпийн аварга цолыг хоёр дахь удаа хүртжээ.

Тэр үед зодог тайлж өөр ажил эрхлэх тухай бодож байжээ. Афины олимпийн наадмаас алтан медаль авч чадаагүй ч мөнгөн медалийн эзэн болсон төрсөн эгч Чихару Ичо нь хоёр дахь олимпийн наадмын дараа зодог тайлахаа мэдэгдэж Каори Ичог гаргасан шийдвэрээ эргэж харахад хүргэжээ. Хоёулаа зодог тайлаад яахав, аль нэг нь барилдсаар байх нь зүйтэй гэж үзжээ. Тэгээд ч эмэгтэй үндэсний шигшээ багийн дасгалжуулагч байсан Ёсукацу Ёшида түүнийг ятгаж төрсөн охин Саори Ёшидад хань болж, гурав дахь олимпийн наадамдаа зодоглохыг гуйсан байжээ.

Бээжингээс алдар суугаа дуурсган эх орондоо ирснийхээ дараа Каори Ичо гэнэт Канад явжээ. Тэр тухай хожим дурсан ярихдаа “Би тэмцээнд оролцох гэж л гадаадын олон орноор явсан, тэгээд удаан хугацаагаар өөр улсад  байж үзье, англи хэлний ярианы дадлагаа дээшлүүлье, гадаадын бөхчүүдийн бэлтгэл сургуулилттай танилцья гээд Канадад очсон. Тэнд очоод бөхчүүд, дасгалжуулагчдын харилцаа шал өөр байдгийг мэдсэн. Манай Японд дасгалжуулагчийн өгсөн үүргийг бөх ягштал биелүүлдэг бол канадад бөхчүүд санал бодлоо дасгалжуулагчдаа чөлөөтэй хэлдэг, харилцан зөвлөдөг, заримдаа хэлсэн үгнээс нь зөрдөг юм байна лээ. Тийм нөхөрсөг харилцаа надад анхандаа хачин жигтэй санагдаж байсан ч их зүгээр юм шиг бодогдсон.” гэж бичиж байжээ.

Нутагтаа буцан ирээд бэлтгэл сургуулилтынхаа эхлэдэг цаг, үргэлжилдэг хугацааг өөрчилж голдуу эрэгтэй бөхчүүдтэй бэлтгэл сургуулилт хийдэг болсон байна.

Лондонгийн олимпийн наадамд эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойргийн барилдаанд Канадын бөх Мартина Дюгреньег 4:2, 4:0, гуравдугаар тойрогт Шведийн бөх Ханна Йоханссоныг 4:1, 4:0, хагас шигшээ барилдаанд Монголын бөх С.Батцэцэцгийг 1:0, 4:0, шувтаргын барилдаанд Хятадын бөх Риуксю Жангийг 3:0, 2:0 онооны харьцаагаар ялж гурав дахь алтан медалиа хүзүүндээ зүүжээ. Одоо дөрөв дэхь олимпийн алтан медалийн төлөө цаг завгүй ажиллаж байна.

Түүний төрсөн эгч Чихару Ичо нь 2004, 2008 онуудын олимпийн наадмын мөнгө, дэлхийн аварга юм.

Манай бөхчүүдийн хувьд Гавьяат тамирчин С.Батцэцэгийг Лондонгийн олимпийн наадамд хагас шигшээ барилдаанд, 2013 онд Унгар улсын Будапешт хотод болсон ДАШТ-ний шувтаргын барилдаанд ялж байсан юм.


Зуны олимпийн наадам

2004 он. Грек, Афины хот 63 кг, алт
2008 он. БНХАУ, Бээжин хот 63 кг, алт
2012 он. Англи, Лондон хот 63 кг, алт

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн

2002 он. Грек, Чалкис хот 63 кг, алт
2003 он. АНУ, Нью-Йорк хот 63 кг, алт
2005 он. Унгар, Будапешт хот 63 кг, алт
2006 он. БНХАУ, Гуанчжоу хот 63 кг, алт
2007 он. Азербайжан, Баку хот 63 кг, алт
2009 он. Дани, Хёрнинг хот 63 кг, алт
2011 он. Турк, Стамбул хот 63 кг, алт
2013 он. Унгар, Будапешт хот 63 кг, алт
2014 он. Узбек, Ташкент хот 58 кг, алт
2015 он. АНУ, Лас-Вегас хот 58 кг, алт

Зуны оюутны универсиад наадам

2005 он. Турк, Измир хот 63 кг, алт

Оюутны ДАШТ

2002 он. Канад, Эдмонтон хот 51 кг, алт

Азийн спортын наадам

2002 он. БНСУ, Пусан хот 63 кг, мөнгө
2006 он. Катар, Доха хот 63 кг, алт

Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн

2004 он. Япон, Токио хот 63 кг, алт
2005 он. БНХАУ, Ухань хот 63 кг, алт
2008 он. БНСУ, Чэжу арал 63 кг, алт
2011 он. Узбек, Ташкент хот 63 кг, алт
2015 он. Катар, Доха хот 58 кг, алт
 

МЧБХ. Д.Өлгийсайхан

NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж