Өлөн боловсруулах үйлдвэрүүдийг шалгажээ

Хуучирсан мэдээ: 2015.10.14-нд нийтлэгдсэн

Өлөн боловсруулах үйлдвэрүүдийг шалгажээ

Өлөн боловсруулах үйлдвэрлэлийг эрсдэлийн хэмжээгээр ангилж, үйл ажиллагаанд нь хяналт тавьдаг.

Энэ удаад Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас их болон дунд эрсдэлтэй өлөн боловсруулах үйлдвэрүүдийн үйл ажиллагаанд шалгалт хийжээ.

Шалгалтаар энэ төрлийн үйлдвэрүүдийн экологийн менежмент хангалтгүй гарсан тухай НМХГ-аас мэдэгдлээ.

Улаанбаатар хотын хэмжээнд бог малын өлөн боловсруулах 100 орчим үйлдвэр байдаг бөгөөд энэ удаагийн шалгалтыг нийслэлийн таван дүүргийн 10 өлөн боловсруулах үйлдвэрт хийсэн байна. Шалгалтаар нийтдээ 222 зөрчил илэрсэн ба үйлдвэрлэлийн байр, хөдөлмөрийн эрүүл ахуйн талаархи зөрчил хамгийн их илэрчээ.

Арьс шир, бог малын өлөн боловсруулах үйлдвэрүүд хаягдал усаа Туул гол руу цутгаж байгаа тухай олон жилийн өмнөөс яригдсан. Гэтэл өнөөдрийг хүртэл энэ байдал өөрчлөгдөөгүй байгааг улсын байцаагч хэлж байна. Харин үйлдвэрийн эзэд бохир усны лагийг нь шүүж аван хатаагаад, хогийн цэг дээр хаяж байгаа. Үлдсэн бохир усыг урсгахаас өөр аргагүй байдаг гэж үйлдвэрүүдийн зүгээс тайлбарлаж байгаа гэнэ.

Ер нь энэ төрлийн үйлдвэрүүдийн байгаль орчин эрүүл аюулгүй орчны үнэлгээ хангалтгүй, менежмэнтийн төлөвлөгөөгүй байдгийг НМХГ-ынхан онцоллоо. Бог малын өлөн бол Европын холбоонд экпортлодог бүтээгдэхүүний нэг. Гэтэл хиамны бүрхэвч буюу өлөнгийн экспорт хэзээ ч зогсч мэдэхээр байгааг Мэргэжлийн хяналтын газраас анхаарууллаа. Тэд малын удмын сан болон эрүүл ахуйтай холбоотой асуудлыг хурдан хугацаанд шийдвэрлэх үүргийг холбогдох газруудад өгчээ.

Д.ЖАГАР

NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж