Залуучуудын ДАШТ үргэлжилж байна

Хуучирсан мэдээ: 2015.08.14-нд нийтлэгдсэн

Залуучуудын ДАШТ үргэлжилж байна

Бөхийн чөлөөт барилдааны 2015 оны залуучуудын ДАШТ гурван төрлөөр Бразил улсын Сальвадор-да-Бахиа хотын “Pan-American Judo Center” Спортын ордонд үргэлжилж байна.

Залуучуудын ДАШТ-ий сонгомол барилдаан, эрэгтэй чөлөөт бөхийн төрлүүд 1969-2015 онуудад 38 дахь удаагаа, эмэгтэй чөлөөт бөхийн төрөл 1988-2015 онуудад 18 дахь удаагаа болж байна.

Энэ тэмцээнд Алжир, Армян, Азербайжан, Бразил, АНУ, Беларусь, Бельги, Болгар, Вэнэсуэль, Гватемал, Гондурас, Гүрж, Дани, Доминикан, Египет, Израиль, Иран, Испани, Итали, Казахстан, Канад, Киргиз, Колумб, Латви, Литов, Марокко, Монгол, Норвег, ОХУ, ӨАБНУ, Польш, Румын, Серб, Словак, Словени, Тунис, Турк, Туркмен, Узбек, Украин, Унгар, Финланд, Франц, ХБНГУ, Хорват, Чех, Чили, Швед, Швейцар, Энэтхэг, Эстони, Япон зэрэг 52 орны дөрвөн зуу гаруй бөх өрсөлдөж байна. Өнгөрсөн жил 46 орны бөхчүүд оролцож байжээ.

Манай улсаас багийн ахлагчаар МЧБХ-ны дэд ерөнхийлөгч, “Хүчит чулуут” компанийн захирал Б.Батзаяа, өсвөр, залуучуудын шигшээ баг, “Алдар” спорт хорооны ахлах дасгалжуулагч, Гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаяр, Дархан-Уул аймаг, “Хасу-Мегастарс” клубын дасгалжуулагч Ё.Батдархан, Орхон аймгийн “Ирээдүйн одод” спортын дунд сургуулийн багш Б.Идэрсайхан нарын удирдлага дор 4 эрэгтэй, 2 эмэгтэй бөх энэ тэмцээнд оролцож байна.

Өчигдөр эмэгтэй 44, 51, 59, 67 кг-ын жингүүдийн барилдаан болж 51 кг-ын жинд Б.Мөнхтуяа барилдсан ч медальд хүрсэнгүй. Эхний өдөр Японы баг 2, Азербайжан, Шведийн баг тус бүр нэг алтан медаль хүртжээ. Өнөөдөр эмэгтэй 48, 55, 63, 72 кг-ын жингүүдийн барилдаан болно. 48 кг-ын жинд “Алдар” спорт хорооны тамирчин Г.Отгонжаргал өрсөлдөнө.


ТЭМЦЭЭНИЙ ДҮН: ЭМЭГТЭЙ

44 кг

1. Туркан Насырова /Япон/
2. Рина Окуно /Япон/
3. Ксения Станкевич /Беларусь/
3. Надежда Сарашкова /ОХУ/

51 кг

1. Леля Гурбанова /Азербайжан/
2. Елена Кремзер /Украин/
3. Арианна Сарьера /Итали/
3. Ксения Незговорова /ОХУ/
11. Батбаатарын Мөнхтуяа /Дархан-Уул аймаг, “Хасу-Мегастарс клуб/

Энэ жинд 17 бөх барилдсанаас Б.Мөнхтуяа нэгдүгээр тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт японы бөх Кадоя Момокад 12:2 онооны харьцаагаар дийлдэж японы бөх нь дараагийн тойрогт азербайжаны бөхөд ялагдсан учир манай бөхөд цааш барилдах боломж гарсангүй.

59 кг

1. Елин Нилссон /Швед/
2. Ёшима Каяма /Япон/
3. Алежандра Вонилла /Мексик/
3. Мария Кузнецова /ОХУ/

67 кг

1. Масако Фуручи /Япон, дэлхийн залуучуудын аварга/
2. Моа Нигрен /Швед/
3. Алла Велинска /Украин/
3. Елис Манолова /Азербайжан/
 

Д.ӨЛГИЙСАЙХАН

NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж