Монгол Германы харилцаа, хамтын ажиллагаа олон чиглэлээр амжилттай
хөгжиж байна. Эрдэс баялгийн салбарт хамтарч ажиллах туршлага боломж
бидэнд бий. Манай хоёр ард түмэн эрт дээр үеэс бие биенээ мэднэ. Чингис
хааны ач хүү Батхаан 1240-өөд оны үеийн байлдан дагууллаар Европт тулж
очоод байхдаа Германы эзэн хаан II Фридрихтэй захидлаар харилцан Германд
довтлоогүй түүхэн баримт бий. Хожим Германы Азид аялсан экспедицийнхэн
жуулчдын замын тэмдэглэл, дурсамж зэргээс германчууд Монголын талаар
тодорхой зүйлийг мэдэх болж улмаар Германы судлаачид, эрдэмтэд Монголыг
тухайлан судлах болсон байна.
1920 оны үеэс Германы зарим пүүс Монголд орж ирж, худалдааны хэлхээ
холбоо идэвхжих болжээ. 1926 онд Германд Монгол иргэдийг сургаж
эхэлсэнээс хойш өнөөг хүртэл Монголын 30 гаруй мянган иргэн Германд
суралцаж, мэргэжил боловсрол эзэмшсэн байна. Үүнийг Монгол Германы
хамтын ажиллагааг хөгжүүлэх суурь боломж гэж үзэж болно.
Нэг. Монгол Германы геологичид уурхайчдын хамтын ажиллагааны түүхэн тойм (1960-1990)
1960 оноос Монгол Германы хамтын ажиллагаа геологи, уул уурхайн салбарт хөгжиж эхэлсэн.
1962-1990 оны хооронд Германы геологичид, уурхайчид Монголд ирж Бороо, Зуун мод, Баянхонгор зэрэг газруудад эрэл хайгуулын ажил гүйцэтгэсэн. Үүнээс Бороо Нарантолгой, Сүжигт, Цагаанчулуутын алтны ордуудад 1965-1972 онд хайгуулын 3 экспедиц ажилласан.
Хайгуулын уулын хүнд малтмалыг Германы Нордхаузены уурхайчид хийдэг байлаа. Бороод хийсэн хайгуулын ажлын дүнд үндэслэн жилд 1500 кг алт олборлох уулын үйлдвэр байгуулах техник эдийн засгийн үндэслэлийг Германы тал боловсруулсан. Харамсалтай нь эдийн засгийн үр ашиг муутай гэдэг үндэслэлээр үйлдвэр байгуулах асуудлыг дэлхийн зах зээлийн үнэ өсөх хүртэл хойшлуулахаар шийдвэрлэсэн байна.
Бороогийн алтны ордын судалгааны хоёр дахь үе 1983-1990 онд үргэлжилж нарийвчилсан хайгуул хийж алтны нөөцийг В+С2 зэргээр агуулгыг 3,1 г/т гэж тогтоосон боловч Германы талын санаачилгаар 1991 онд МГХГ-ийн Бороо экспедиц үйл ажиллагаагаа зогсоосон. Ямар учиртай болохыг би мэдэхгүй.
1975-1993 оны хооронд өрөмдлөгийн болон Бороогийн уулын баяжуулах үйлдвэрийн боловсон хүчнийг бэлтгэх зорилгоор 1989 оноос уул уурхайн мэргэжлээр Германы Гоммерн хотын тоног төхөөрөмжийн засврын төв, Нордхаузен хотод монгол ажилчдыг сургаж байлаа. Бараг 400-гаад монгол иргэн суралцсан гэдэг тоо байдаг.
Монгол Улсад байгуулагдсан Олон улсын Геологийн экспедицэд Герман Улс идэвхтэй оролцож (1975-1990) Хэрлэнгийн хойд хэсэг, Говийн өмнөд хэсэгт геологийн судалгаа хийсэн.
Сүхбаатар аймгийн төвийн хажууханд Салхитын цайрын ордод Монгол Германы геологийн экспедиц хайгуул хийж Төмөртийн овооны цайрын ордыг нээсэн юм. Мөн Сүхбаатар аймагт Бүрэнцогтын вольфрамын уурхайн гүнзгийрэлтийн ажлыг 1972-1977 онд Германы Нордхаузен хотын Шахтбау үйлдвэрийн уурхайчдын тусламжаар уурхайн босоо амыг 180 м байсныг 360 м хүртэл гүнзгийрүүлж хүдрийн биеийн гүний түвшинүүдийг нээж ашиглах боломж бүрдүүлсэн байна.
Монгол Германы Геологи Уул уурхайн мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх хамтын ажиллагаа амжилттай хөгжиж ирсэн. 1987 онд Герман Улсын Фрайбергийн уул уурхайн акедеми, Монгол Улсын Политекникийн дээд сургуулийн (ШУТИС) хооронд хамтын ажиллагааны гэрээ байгуулсан. Уг хамтын ажиллагааны хүрээнд “Монгол Алтайн ховор метал” сэдэвт эрдэм шинжилгээний төслийг Германы судалгааны нийгэмлэгийн (DFG) санхүүжилтээр хэрэгжүүлсэн байна.
Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их сургууль Германы Фрайбергийн Техникийн Их сургууль, Ахенны Технологийн Их сургуультай хамтын ажиллагааны гэрээ байгуулан ажиллаж уул уурхайн мэргэжлээр оюутан сургах, эрдэм шинжилгээний ажил хийх, докторын зэрэг хамгаалуулах өргөн хүрээтэй үйл ажиллагаа явуулж байна. ШУТИС-ийн Уул уурхайн инженерийн сургуульд ашигт малтмалын баяжуулалтын хагас үйлдвэрлэлийн туршилтын лабораторыг Ахенны Их сургуультай хамтран байгуулахаар тохиролцоод байна. Сургалт судалгааны чиглэлтэй энэхүү лабораторыг Монгол Германы геологи уул уурхайн хамтын ажиллагаанд (пилотын) үйлдвэрийн түвшинд ашиглах боломж бас бий юм.
Хоёр: Монголд ардчилал тогтож Германд Берлиний хана нурснаас хойших үеийн Монгол Германы эрдэс баялгийн салбар дахь хамтын ажиллагаа
1990 оноос хойших үеийн геологи уул уурхайн салбарын хамтын ажиллагааг хоёр дэд хэсэг болгон авч үзэж болох юм. Нэгдэх нь: 1990 – 2010 он. Хоёр дахь нь: 2011 оноос эхлэх шинэ үе.
1990-2010 оны хамтын ажиллагааны агуулгын чиглэл нь:
Германы техникийн хамтын ажиллагааны шугамаар хэд хэдэн чиглэлээр төсөл хэрэгжүүлсэн байна. Үүнд:
• “Чулуулаг ба үйлдвэрлэлийн эрдсүүд- Металл бус ашигт малтмалыг илрүүлэх судлах” төслийн хүрээнд Монгол Улсын нутаг дахь металл бус ашигт малтмалын орд, илрэлүүдийн геологийн судалгаа, түүхий эд, ашигт малтмалын болон бүтээгдэхүүний чанар, хэрэгцээ, хангамж, тэдгээрийн экспорт, импортын байдалд үнэлгээ өгч, мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлсэн үр дүнтэй байна.
• “Монгол Улсын Геологийн төв лабораторыг олон улсын түвшинд итгэмжлэгдсэн экспертиз төв”-ийн статустай болгосон явдал хамтын ажиллагааны чухал үр дүн юм.
• “Үнэт металлын лаборатори” төслөөр алтны анализыг дэлхийн стандартын түвшинд хийдэг болсон
• “Геологийн төв лабораторын аккредитатчилалыг дэмжих болон багаж шинжилгээ, зах зээлийн удирдлага”
• “Стандартчилсан загварын стандартчлал” гэх мэт олон төслийг хэрэгжүүлсний үр дүнд ГТЛ найрлагын стандартчилсан загвартай болж, цианидын шинжилгээг олон улсын түвшинд хийдэг болж мөн Үндэсний геомэдээллийн сантай болжээ. Үүнээс гадна уул уурхайн хяналт, уурхайн нөхөн сэргээлт, уул уурхайн-байгаль хамгааллын талаар сургалт явуулж, зөвлөмж боловсруулах, байгаль орчинд халгүй уул уурхайг хөгжүүлэх зэрэг хамтарсан хөтөлбөрүүд хэрэгжүүлжээ.
Гурав: 2011 оноос эхлэн шинэ үе Монгол Германы геологи уул уурхайн салбарын хамтын ажиллагаа шинэ шатанд дэвших улс төр эдийн засгийн үндэс хоёр талдаа тавигдаж байна
Нэгдүгээрт: Герман Улс уул уурхайн салбараа сэргээн хөгжүүлэх шинэ зорилт дэвшүүлэн тавьж жоншны мэтийн уурхайнуудаа сэргээн хөгжүүлж байна. Төмөрлөгийн аж үйлдвэрээ хөгжүүлэх шинэ зорилт тавьж байна. Тэнд кокс, коксжих нүүрс, жонш мэтийн бүтээгдэхүүнийн хэрэгцээ нэмэгдэнэ. Европын Холбооноос гаргасан нүүрсний салбарыг дэмжих шинэ журам Германы Засгийн газраас шинэчлэн гаргасан эрчим хүчний бодлого зэрэг нь Монголтой энэ салбарыг хөгжүүлэх хамтын ажиллагааны шинэ чиглэл байж болох юм. Германы электроны ба мэдээллийн технологийн хөгжилд ховор металл, газрын ховор элементийн эрэлт их байна.
Хоёрдугаарт: Монгол Улсад коксжих нүүрсний үлэмж хэмжээний нөөц байна. Газрын ховор элемэнт, ховор металын баялаг байна. Эрдэс баялгийн салбарт гурав дахь зах зээлийн хүчин зүйл чухал ач холбогдолтой байна. Эдгээр болон бусад ашиг сонирхлын хүчин зүйлүүд дээр тулгуурлан Монгол Германы эрдэс баялгийн салбарын хамтын ажиллагааг “Техникийн” түвшнээс харилцан ашигтай эдийн засгийн хамтын ажиллагаанд шилжүүлэх шинэ үеийг эхлүүлэх боломж байна.
Хэрэгжүүлж болох төслүүд дотроос нэн даруй эхлүүлэх нь:
• Тавантолгойн орд дээр коксын үйлдвэр барьж, коксыг ОХУ-аар дамжуулан тээвэрлэж ОХУ-ын хойд хэсгийн портод хүргэж тэндээсээ Герман уруу зөөх гэхчлэн тээврийн асуудлыг ОХУ-тай хамтарч шийдэх
• Эсвэл Тавантолгойгоос БНХАУ-ын нутгаар тээвэрлэн далайн порт хүргэж, тэндээсээ Герман руу далайгаар тээвэрлэж болох юм.
• Ховор метал, газрын ховор элементийн геологи хайгуулыг тодорхой илрэл, эрдэсжилт бүхий газрууд дээр хийж үйлдвэр байгуулж эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн Германд экспортлох
• Нүүрсийг хийжүүлэх, шингэрүүлэх үйлдвэрийг барьж байгуулах зэрэг ажлыг даруй эхлүүлэх
• Боловсон хүчин бэлдэх, эрдэм шинжилгээний хамтарсан судалгаа хийх ажлыг эрчимжүүлэх судалгааны лабораторын баазыг бэхжүүлэх шаардлага боломж байгааг ашиглах хэрэгтэй байна.
Уул уурхайн үйлдвэрлэлийн байгаль орчны нөхөн сэргээлтийн талаар Германы туршлага нь зөвхөн Европын стандартын загвар болж буй төдийгүй дэлхийн стандартын түвшинг тодорхойлж байгаа учраас энэ чиглэлээр хамтран ажиллах нь Монголын уул уурхайн хөгжилд онц чухал ач холбогдолтой болно.
Энэ бүхэн Монгол Германы эрдэс баялгийн салбарын хамтын ажиллагааны шинэ үеийн эхлэлийн боломж бөгөөд цаашдаа улам өргөсгөж болох юм.