-Долоо хоног бүр Улаанбаатар нэгтгэлийн цэцэрлэгчид арчилгаа хийдэг гэх хэдий ч зарим газарт хэдэн сар хүний гар хүрээгүй нь илт-
Бид мод тарих өдөртэй. Ерөнхийлөгчийн зарлиг буулгаснаар жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гаригийг бүх нийтээр мод тарих өдөр болгосон. Жилд хоёр удаа тохиох энэ өдрөөр хороон даргаас эхлээд Улсын их хурлын гишүүд хүртэл мод тарихаар хүрз, жоотуу барих болсоор хэдийн таван жил өнгөрчээ.
Өнгөрсөн жил нийслэлийн ногоон байгууламжид 4.6 тэрбум төгрөг зарцуулсан. Энэ хөрөнгө гудамж талбайн цэцэгжилт, зүлэгжүүлэлтээс гадна захын гэр хорооллыг моджуулахад зарцуулагдсан байна. Өнгөрсөн жилийн хувьд төвийн гудамжнаас гадна Амгалан, 22-ын товчоо, Долоон буудал зэрэг алслагдмал хэсгийг моджуулсан хэмээн Нийслэлийн ногоон байгууламж хариуцсан мэргэжилтэн Л.Баатарцогт мэдээлсэн. Ер нь өнгөрсөн жилүүдэд суулгасан мод 95 хувьтай ургасан хэмээн мэргэжилтнүүд ам нэгтэй хэлж байв. Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар тарьсан 100 модны 80 нь ургавал боломжийн хэмээн үнэлдэг байна. Тэгвэл өнгөрсөн жил тарьсан модны ургалт 80 бус, бүр 95 хувьтай хэмээн дүгнэсэн нь сонирхол татав.
ГУРАВ АЛХААД УХСАН НҮХ
32-ын тойргийг зорилоо. Зам дагуу цементээр хүрээлэн, дөрвөлжилж зассан шороо үзэгдэнэ. Тохой хэртэй мөчир ганц, нэг харагдав. Урагш, хойш давхисан машин, мотоциклийн мөр ч мод тарьсан талбай дээр үзэгдэв. Гурав алхаад л сүрлэг сайхан мод байхаар тооцоолж тарьсан бололтой. Гэвч гурав алхаад л ухсан хар шороо харагдав. 95 хувийн ургалттай гэх өнөө моднууд хаачив? Ногоон байгууламжийн инженер Г.Оюунбатын хэлж буйгаар өнгөрсөн жилээс гэр хорооллыг моджуулахаар идэвхтэй ажиллаж эхэлжээ. Энэ хүрээнд Долоон буудал, Баянхошууны хойд хэсэг, Үйлдвэрчний гудамжинд мод тарьсан аж. Гэвч иргэд тарьсан модыг нь хугалж аваад гал түлэх, хулгайлах, үндсээр нь сугалж аваад явчихдаг аж. Тэрбээр “Яармаг, Нисэхэд мод тарилаа гэхэд зайдуу болохоор үхэр, мал ороод идчихнэ. Гэр хороололд мод таривал иргэд хулгайлаад явчихна. Хүндрэл их гарч байна” хэмээн халаглаж суув. Зарим иргэдийн энэ мэт ухамсаргүй байдал нь хөдөлмөрлөж буй нэгнийхээ урмыг навс хугалж байгаа юм.
“Мод тариад, түүнийгээ эргэж тойроод арчилж байх сайхан. Даанч маргааш нь очиход үндсээр нь сугалсан байдаг. Ингээд л хийсэн ажил маань үр бүтээлгүй болдог” хэмээн Ногоон байгууламжийн ажилтан Н.Оюун Эрдэнэ ярьж байлаа.
"ТУСЛАМЖИЙН МОД БИДЭНД ХАМААГҮЙ"
Манайд дарга, даамлуудаас гадна төсөл, хөтөлбөр, тусламжийн хүрээнд мод тарих нь элбэг. Сүр дуулиан болж мод, бут тариад явна. Эргээд өнөөх нь хайхрах эзэнгүй үлддэг жишээ олон байна.
Аль дөрвөн жилийн өмнөөс Яармагийн дэнжийг цэцэрлэгт хүрээлэн болгоно хэмээн ярьж, телевиз, сонин, сайтуудаар энэ тухай мэдээ хэсэгтээ цацагдсан. Гэр хорооллоор дүүрсэн, сул шороо ихтэй Яармагийн дэнж үнэхээр цэцэрлэгт хүрээлэн болж чадсан эсэхийг, тарьсан моднууд нь хаана байгааг сонирхов. Ногоон хашаагаар хүрээлэгдсэн, 3-4 талбай зам дагуу харагдав. Цагийн сайханд бяцхан төгөл байсан бололтой. Гэвч өнөөдөр чихэр, шоколадны цаасаар дүүрсэн, хэдхэн бургастай хашаа болж хоцорчээ. Үхэр, мал таатайяа бэлчиж байгаа харагдав. Тойрч алхахаас залхуурсан хөвгүүд хашааг нь даван нэвт туучин алхална.
Долоо хоног бүр Улаанбаатар нэгтгэлийн цэцэрлэгчид очиж, арчилгаа хийдэг гэх хэдий ч энэ газар хэдэн сар хүний гар хүрээгүй нь илт байв. Ойролцоо байрлах 8 дугаар хорооны нийгмийн ажилтны хэлснээр Япон, Монголын хамтын нийгэмлэгийн тусламжаар тохижуулсан цэцэрлэг юм гэнэ. Арчлах, тордох эзэнгүйгээс ийм байдалд хүрчээ. Орчин тойронд нь мод тариад, тохижуулаад өгсөн байхад арчлаад байж болдоггүй юм уу хэмээн ойролцоох хорооны ажилтнаас тодруулав. Харин 7, 8 дугаар хорооныхон “Бид арчлах ёсгүй, бидэнд хамаагүй” гэв. Нийслэлийн ногоон байгууламжийн мэргэжилтэн Л.Баатарцогт ч “Тусламжаар тарьсан мод бидэнд хамаагүй” гэсэн юм. Уг нь Улаанбаатар нэгтгэлийн цэцэрлэгчид Нисэх, 22-ын товчоо зэрэг алслагдмал газар руу долоо хоногтоо нэг удаа очиж арчилгаа хийдэг бололтой. Гэвч энэ хэсэг нь мөн л тусламжийн цэцэрлэг учраас тэдэнд хамаагүй юм байх. Яармагийн дэнжийг цэцэрлэгт хүрээлэн болгох ажил нэг иймэрхүү янзтай байна.
МЭРГЭЖЛИЙН ЦЭЦЭРЛЭГЧИД АЖИЛЛАЖ БАЙНА
2013 оноос нийслэлийн гудамж талбайн ногоон байгууламжийг арчлахад мэргэжлийн хүмүүсийг ажиллуулдаг болсон нь томоохон дэвшил болжээ. Анх 200 цэцэрлэгчийг бэлтгэж, жил бүр 100 хүнээр тоог нь ахиулсаар байгаа аж. Ингэж мэргэжлийн цэцэрлэгчидтэй болсноор ногоон байгууламжийг 20 гаруй төрлийн технологиор арчилдаг болсон байна. Жил бүр дээр дооргүй мод тарилаа хэмээн мэдээлж байна. Жил бүр тэдгээр моднуудыг арчлах цэцэрлэгчдийг бэлтгэж байна. Ингээд байхад өнөө моднууд хаашаа алга болоод байгаа юм бэ гэх асуултыг тэдгээр мэргэжлийн цэцэрлэгчдэд тавив.
“Бид 4-11 дүгээр сар хүртэл ногоон байгууламжийн арчилгаагаа тасралтгүй хийдэг. Баруун, зүүн салаа гэж хувааж аваад, 12 хэсэгт байрлан ажилладаг. Алслагдмал газар руу бөөндөө машинаар хүргүүлэн очиж, долоо хоног бүр арчилгаа хийдэг” гэв.
Энэ жилийн хувьд ногоон байгууламжид зарцуулах төсвийг нэмж, 5.8 тэрбум төгрөг төсөвлөсөн байгаа аж. Энэ хүрээнд төвийн зургаан дүүргийн 27 гудамжинд ногоон байгууламжийн арчилгаа, нөхөн сэргээлт хийхээр болжээ. Харин хотын зах хэсэг болох Долоон буудал, Амгалан, 22-ын товчоо, Яармаг, Нисэхэд мод тарих ажлаа үргэлжлүүлэх юм байна. Эдгээр газруудад 300 мянган хайлаас, гоёлын бут, сөөг, шилмүүст модыг тарихаар төлөвлөжээ.
Ирэх долоо хоногийн бямба гарагт бүх нийтээр мод тарих өдөр дахиад л тохионо. Мод тарих өдөртэй болж, бүх нийтээр нэгдэнэ гэдэг бахархууштай явдал. Гэхдээ тарьсан моднууд нь дахиад хоосон шороо болж хоцорвол харамсалтай.
Б.ЗОЛЗАЯА
Эх сурвалж: "NEWS WEEK" СОНИН