Өнгөрсөн хоёрдугаар сард салбар бүрийн тэргүүлэх мэргэжилтнүүдийг оролцуулан “Үндэсний Хөгжил-Монгол Хүн” форумыг зохион байгуулах үеэрээ “УЛС ТӨРИЙН ШИНЭ ХҮЧИН” болохоо мэдэгдэж байсан “Хөгжил-Хүн” клубынхан өчигдөр “Үндэсний Хөгжил-Монгол Зорилго” нэртэй чуулганыг зохион байгууллаа.
Яагаад бидэнд “Монгол Зорилго” хэрэгтэй вэ? гэсэн агуулгын доор явагдсан уг чуулганаар тэд Эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй асуудлыг хөндөн ярилцсан байна. Үүнд:
Манай улсын эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн дийлэнх хувь нь урьдчилан сэргийлэх бус эмчлэх тусламж үйлчилгээнд зарцуулагдаж байна. Манай улсын эрүүл мэндийн салбарын санхүүжилтын 75% нь төрөөс, 20% нь ЭМД-ын сангаас, 5% нь төлбөрт үйлчилгээний болон бусад орлогоос бүрдэж байна. Эрүүл мэндийн салбарт төрөөс өгч буй санхүүжилтийн хувь бага биш мөртлөө энэхүү мөнгөний урсгалыг бид үр ашигтай, иргэдэд хүртээмжтэй ашиглаж удирдаж чадаж байна уу гэдэг нь тун тодорхойгүй байна. ЯАГААД?
Бусад салбарын бодлогод хүн амын эрүүл мэндийн асуудлыг тусган эрүүл мэндэд тэдний оролцоог нэмэгдүүлэн, хамтын ажиллалааг сайжруулан эрүүл мэндийг хамгаалах дэмжих үйл ажиллагаануудыг яаралтай тусгах цаг нь болжээ. Цэцэрлэгийн нас, ерөнхий боловсролын сургууль, бүлэг хамт олонд тулгуурлан 30 хүртэлх насны хүмүүст эрүүл амьдралын хэв маягийг өөрчлөх, эрүүл мэндийн боловсрол олгох, дэмжих тогтолцоо бүрдүүлэх хэрэгтэй.30 дээш насны иргэдэд хувь хүний хариуцлага, албан журмаар эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгийг эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгуурлан эрүүл мэндээ хамгаалах тогтолцоог бүрдүүлэх хэрэгтэй. Эмчээ, эмнэлгээ сонгож үйлчлүүлдэг, наад зах нь эрүүл мэндийн фитнес клубт даатгалаараа явж болдог тогтолцоо бидэнд үгүйлэгдэж байна.
Агаар, ус, хөрсний бохирдлыг бууруулах,эрүүл хоол хүнсний хэрэглээтэй, хүнд ээлтэй, эрүүл орчин бий болгох зорилгоор ЭРҮҮЛ хот төслийг үндэсний хэмжээнд зохион байгуулж үе шаттайгаар хэрэгжүүлэх хэрэгтэй. Бие даасан эмнэлгийн засаглалтай, бүх нийтийн хамрагдал бүхий нийтийн эрүүл мэндийн даатгалтай, санхүүжилт, худалдан авах үйл ажиллагаанууд нь оновчтой, чадварлаг хүний нөөцтэй, эмч сувилагч гээд мэргэжилтэнгүүд нь цалин хөлс, урамшуулалын тогтолцоондоо сэтгэл ханамжтай ажилламаар байна. Монгол улсын ХӨГЖИЛ-ийн тулах цэг нь эрүүл Монгол ХҮН билээ.
УЛС ТӨРИЙН ШИНЭ ХҮЧИН