Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар төллөвөл зохих эх малын 32.0 хувь буюу 6878.5 мянган эх мал төллөж, 6845.8 мянган төл буюу 18.3 мянган ботго, 39.6 мянган унага, 142.3 мянган тугал, 3394.0 мянган хурга, 3252.1 мянган ишиг хүлээн аваад байна.
Мал төллөлт өмнөх 7 хоногоос 3.4 саяар нэмэгдэж, төл бойжилт 99.0 хувьтай байна.
Мал төллөлтөөр Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Дархан-Уул, Дундговь, Увс, Ховд аймгууд 40 –өөс дээш хувьтайгаар тэргүүлж байна.
Ойрын өдрүүдэд сэрүүсч, ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орж, хүйтрэх тул даваа, гүвээ цасанд хаагдах, халтиргаа гулгаа үүсэх болзошгүй. Гол, мөрөнд халиа, тошин гүйх, мөсөн дээгүүр ус урсах, үзэгдэл нэмэгдэж, голын мөсний зузаан 10-45 см нимгэрч, зузаарлын эрчим буурсаар байна. Иймд малчид, ард иргэдийг малаа хол бэлчээхгүй байх, бага насны хүүхдийг малд явуулахгүй байх, мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхээс татгалзаж, мөс цөмрөх аюулаас болгоомжлохыг онцгойлон анхааруулж байна.
Энэ сарын 4-нд ихэнх нутгаар, 5-нд зарим газраар, 6-нд нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно. Салхи 4-нд нутгийн өмнөд хэсгээр, 5-нд говь талын нутгаар, 6-нд зүүн зүгийн нутгаар секундэд түр зуур 16-18 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 7-12 градус, Увс нуурын хотгор, Хүрэн бэлчир, Эгь-Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Халх голын сав газраар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 3-8 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 4 градус дулаанаас 1 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн байна.
Эх сурвалж: www.mofa.gov.mn