Аравдугаар сард дэлхий дахинд

Хуучирсан мэдээ: 2014.11.04-нд нийтлэгдсэн

Аравдугаар сард дэлхий дахинд

Каталончууд өөр арга хайна гэв

 

 

Каталоны өөртөө засах орон Испаниас тусгаарлаж, тусгаар тогтносон улс болох хүсэл Мадридын зүгээс ширүүн эсэргүүцэлтэй тулгарч талаар болсон ч каталончууд тусгаар тогтнох хүслээ хэзээ ч орхихгүй, өөр арга зам хайх болно гэдгээ мэдэгдсэн юм. Католончууд энэ сарын 9-нд Испаниас тусгаар тогтнолоо зарлахаар бүх нийтийн санал асуулга явуулах гэж байсан ч Испанийн Үндсэн хуулийн цэц үүнийг Үндсэн хуульд харш гэж үзсэн юм. Каталоны ерөнхийлэн захирагч бүх нийтийн санал хураалтыг цуцалснаа мэдэгдэж, үүнийг эрх зүйн баталгаа байхгүй гэж тайлбарласан юм.

 

Испанийн хүн амын 16 хувь, ДНБ-ний тавны нэг хувийг эзэлдэг, аж үйлдвэр өндөр хөгжсөн тус бүс нутгийг Испани тавиад туухыг хүсэхгүй байна. 1992 оны Олимпын наадмаас хойш Каталоны нийслэл Барселона хот Европын хамгийн их хүн очдог  хотуудын нэг болсон байна. Испанид таван жил үргэлжилсэн эдийн засгийн хямралыг авчирсан 2008 оны үл хөдлөх хөрөнгийн хямрал болон бүс нутгийн өөрийн удирдлагад илүү эрх мэдэл өгсөн Испанийн 2006 оны засгийн газрын шийдвэр нь Каталончуудын тусгаар тогтнох үзлийг дэвэргэсэн гэдэг.

 

Эбола 13,500 үхэл тарив

 

 

Өнгөрсөн сарын эхээр эбола вирусын халдвараар нас барагсдын тоо 3331 байсан бол энэ сарын эхний өдөр үхэл таригч вирус хэдийн 13,500 хүний амийг авч одсон талаар ДЭМБ мэдээлэв. Дэд бүтэц, эрүүл мэндийн тогтолцоо хөгжөөгүй баруун Африкийн гурван оронд тархаад буй эбола вирусын халдвар аравдугаар сард өндөр хөгжилтэй Испани, АНУ-д илэрсэн нь дэлхий дахинд аюулын харанга дэлдсэн. Эбола вирусын тархалтаас сэргийлж, Сьерра Леонед энхийг сахиулагч 800 албан хаагч хөл хорионд орсон бол Карибын орнууд халдвар тархсан баруун Африкийн орнуудаас очсон аялагчдад хориг тавьж эхэлсэн юм. Африкийн орнуудаас Нигери эболагийн дэгдэлтийг зогсоосноо мэдэгдсэн. Хэдий тийм боловч нутгийн иргэд сарьсан багваахай шарж идсэнээс анх үүсэлтэй гэх үхэл таригч вирус аюулын харанга дэлдсээр байгаа бөгөөд хүн ам хэт төвлөрсөн, ядуу буурай Азийн орнууд уг вирусын халдвар тэнд хүрвэл хянаж чадахгүй хэмээн түгшиж байна.

 

Нобелийн эзэд  хэн хэн байв?

 

 

2014 оны Нобелийн шагналын эзэд:

 

Анагаах ухааны салбарт орон зайн байршлын системийг хариуцдаг тархин дахь эсүүдийг тодорхойлох судалгааны ажлаараа Их Британийн эрдэмтэн Жон О`Кифе, Норвегийн эрдэмтэн Мэй-Брит Мозер болон Эдвард Мозер,

 

Химийн салбарт молекулын түвшний асар өндөр нарийвчлалтай гэрлийн микроскоп бүтээсэн АНУ-ын эрдэмтэн Эрик Бетциг, Уильям Морнер, мөн Германы эрдэмтэн Штефан Хелль,

 

Физикийн салбарт LED технологийн хамгийн сүүлийн үеийн ололт болох цэнхэр гэрлийн диод бүтээлээр Японы эрдэмтэн Исаму Акасаки болон АНУ-ын эрдэмтэн Шужи Накамура нар,

 

Утга зохиолын салбарт Францын зохиолч Патрик Модиано,

 

Эзийн засгийн салбарт “зах зээлийн хүчин ба зохицуулалтын дүн  шинжилгээг” хийсэн Тулузын их сургуулийн профессор Жан Тироль нар байв.

 

Умард Солонгосын дарангуйлагч учир битүүлгээр “алга болсон нь”

 

 

Умард Солонгосын удирдагч Ким Чен Ун өнгөрсөн сар гаруйн хугацаанд шагайндаа мэс засал хийлгэхээр 100 хоногийн акт авсан хугацаанд дарангуйлагчийн учир битүүлэг алга болсон талаар олон улсын хэвлэлээр янз бүрийн таамаг хөвөрсөн юм. Умард Солонгосын цорын ганц “илүүдэл жинтэй иргэн” дарангуйлагч өнгөрсөн есдүгээр сарын 3-нд тус улсын төв телевизээр гарснаас хойш олон нийтийн өмнө гаралгүй байсаар аравдугаар сарын 14-нд телевизээр таяг тулсан гарчээ.

 

Хоёр Солонгос золтой л “байлдсангүй”

 

Умард Солонгосын цэргийн өндөр албан тушаалтан хилийн нэгэн сууринд Өмнөдийн албаны хүнтэй нууц байдалд уулзалт зохион байгуулсны дараа хоёр Солонгосын хил дээр харилцан буудалцсан хэрэг гарчээ. Буудалцаан хоёр орны тэртэй тэргүй хурцадмал харилцаанд цэг тавьчихаагүй өнгөрсөн юм. Буудалцаан Өмнөдөөс Пхеньянийн эрх баригчдыг буруутгасан суртал ухуулгатай хийлсэн цилиндрүүдийг хилийн орчмоос хөөргөснөөс үүджээ. Умард Солонгосоос дүрвэн гарсан иргэд байсхийгээд хилийн орчмоос Пхеньянийг шүүмжилсэн суртал ухуулга, хоол хүнс зэргийг агаарын бөмбөлөгтэй хөөргөдөг юм байна. Умардын хилийн цэргүүд энэ удаа анхааруулж буудсан ч дараагийн удаа ийм үйлдэлд Пхеньянь зохих хариуг нь өгнө гэдгээ мэдэгдсэн юм.

 

Хятад “шүгэл үлээгчдийг” хамгаална

 

 

Хятадын Коммунист намын төв хорооны ээлжит бүгд хурал болов. 205 гишүүн хуралдсан Хятадын хамгийн том удирдах аппаратын бүгд хурлаар улсын хууль, эрхзүйн системийг боловсронгуй болгох тухай удирдамж гаргаж нийтэд дэлгэжээ. Хятад улс хуулийн хэрэгжилтийг хангах хяналтын системийг бэхжүүлж, хууль, шүүхийн шударга бус системийг халж, олон нийтийн итгэлийг бий  болгох  шүүхийн хараат бус байдлыг сайжруулахаар удирдамжиндаа заажээ. Хятад авилгын эсрэг улс орон даяар ширүүн тэмцэл өрнүүлж эхэлсэн бөгөөд өнгөрсөн хоёр жилийн хугацаанд авилгын хэрэгт холбогдсон 162 мянган албан хаагч ажлаасаа халагдсан байна.

 

Японы ерөнхий сайд нэг өдөр хоёр “бүсгүйгээ” алдав

 

 

Улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхээр кабинетаа өөрчилсөн Японы ерөнхий сайд Шинзо Абэгийн засгийн газрын хоёр сайд эмэгтэй нэг өдөр огцорсон.  Шинзо Абэгийн сүр дуулиантай томилсон таван сайд эмэгтэйн нэг, ирээдүйтэй улс төрч гэгдэж байсан Юко Обучи намынхаа хандивын сангийн мөнгийг гишүүд, дэмжигчдэд зориулсан соёл урлагийн арга хэмжээнд зарцуулсан, хүргэн ахынхаа компаниас 3.8 сая иенийн бараа авч, албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр суудлаасаа огцорсон бол Хууль зүйн сайд Мидори Мацушима сонгуулийн кампанит ажлын үеэр өөрийн зурагтай дэвүүрийг сонгогчдод бэлэглэсэн хэргээр огцорсон юм. Японд улс төрийн санхүүжилттэй холбоотой хэрэг олон нийтийн анхааралд ихээр өртдөг бөгөөд дэвүүр тарааж,  сонгогчдын саналыг худалдаж авсан хэрэгт унажээ.

 

Бразилийн хатагтай ерөнхийлөгч сонгуульд ялав

 

 

Бразилийн ерөнхийлөгчийн сонгуульд тус улсын одоогийн ерөнхийлөгч Дильма Русефф 51.6 хувийн саналаар ялалт байгуулж, улиран сонгогдсон. Бразилийн Ажилчдын нам дөрөвдэх удаагаа дараалаан сонгуульд ялалт байгуулсан нь энэ боловч дөрвөн жилийн өмнөх шигээ хүчтэй дэмжлэг авч чадаагүй билээ. Хатагтай ерөнхийлөгчийг дэмжигчид нь түүний өнгөрсөн хугацаанд эхлүүлсэн нийгмийн халамжийн бодлогыг дэмжигч ядуус, эмзэг давхаргынхан байсан бол өрсөлдөгч Эйсио Невесийг түүнийг Бразилийн эдийн засгийг өсгөж чадах эдийн засгийн бодлого хэрэгжүүлнэ гэж итгэсэн дундаж болон чинээлэг давхаргынхан байжээ.

 

Украины дээд Радын сонгуульд барууныг дэмжигчид ялав

 

 

Украины дээд Радын сонгуульд барууныг дэмжигч намууд гол ялалт байгуулсан бөгөөд Ерөнхийлөгч Пётр Порошенкогийн Эв санааны нэгдэл нам болон Ерөнхий сайд Арсений Яценюкийн Ардын фронт нам тус бүр 21-ээс дээш хувийн санал авсан. Сонгуульд ялалт байгуулсан хоёр намын лидер эвсэл байгуулахаар тохиролцож, үүнд бусад нам, фракцуудыг ч бас нэгдэнэ гэж найдаж байгаа юм. Дээд Радын сонгуулиас долоо хоногийн дараа Украины зүүн хэсэг дэх салан тусгаарлагчдын хяналтанд буй Донецка, Луганск муж мөн санал хураалт явуулсан юм. Санал хураалтын 50 хувийн дүнгээр Донецкийн Бүгд Найрамдах улс хэмээн тунхагласан Донецка мужийн сонгуулийн дүнгээр салан тусгаарлагчдын лидер Александр Захарченко 70 хувиас дээш санал авчээ. Киев болон Барууны орнууд Донецка, Луганскийн санал асуулгыг хууль бус гэж үзэж байгаа бөгөөд санал хураалтын дүнг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдээд байна.

 

Н.ЭНХТУЯА

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж