“Бурхан уйдахаараа Парис хотын дээрээс хараад баясаад суудаг.“ гэж нэг сайн танил минь их гоё хэлж билээ. Тэгэхээр бурхан ганц Eiffel –ын цамхаг, Louvrын музей гээд зогсохгүй Opera Garnier гэж Парисын алдарт дуурын театрыг бас дээрээс хараад баясаад сууж байдаг байх. Учир нь энэ театр нь архитектурынхаа хувьд ч театр, уран бүтээлийнхээ хувьд ч дэлхийн үнэхээрийн гайхашигтай сайхан театрын нэг юм.
Анх Opera Garnier-г барихаас өмнө олон нийтийн дунд нэрээ нууцалсан anonym уралдаан заралжээ. Тэгсэн түүнд нь Charles Garnier гэж тэр үедээ нэрд гараагүй байсан 35 настай залуу архитекторч түрүүлээд 1862 онд барьж эхэлсэн байна.
“Энэ ямар гээчийн барилгын загвар вэ?“ гэж Napaleon Garnier-аас асуухад “Эрхэмсэг хаантан минь, энэ бол 3-р Napaleon-ы загвар” гэж хариулжээ. Яг л энэ богинохон бөгөөд оновчтой хариултанд Opera Garnier-ын барилгын онцлог тэр чигээрээ багтаж байгаа юм. Учир нь Garnier энэ дуурын театрын барилгын загварыг тэр үед буюу 19 зууны 2-р хагасд хийгдсэн Haussman-ы Парисын их сэргээн засварт тохируулсанаас гадна, түүнээс илүүтэйгээр өөрийгөө хэт өргөмжлөгч тансаглах дуртай 3-р Napaleonд тааруулж хийсэн юм. Тэгээд ч тэрүү шинэ сүрлэг, үзэсгэлэнтэй дуурын барилгын ажил 13 жил үргэлжилсний дараа 1875 онд нээгджээ. Энэ үеээс эхлээд энэ гайхамшигтай lyrical neoclassical архитектуртай Opera Garnier нь Парис хотын нандин эрдэнэ болж үлдсэн юм. Энд сонирхуулж дурдахад тоглолтгүй үед буюу өдрийн цагаар энэ театрын архитектурыг сонирхсон хүн орж үзэж болдог. 2013 он гэхэд л 710 000 хүн тоглолт биш зөвхөн театрын гайхамшигтай уран барилгыг үзэх гэж зочилсон байна.
Ингээд угийн театрын хөшигний ардах амьдрал миний сонирхолыг үргэлж татаж байдаг учир Opera Garnier-ын балетын жүжигчин Emma d’Humier тай театрт нь уулзаж ярилцлага авсан юм. Дөнгөж өглөөний дасгалаа дуусгаад гарч ирсэн тул дасгалын хар өнгийн купалник, трикотой, хөлөө хүйтнээс хамгаалсан зузаан ноосон ягаан өнгийн оймс өмссөн тэр бүсгүй нүүр дүүрэн инээмсэглэсээр намайг угтлаа.
Тэр надад Garnier (Гарние?) дуурын театрын тайз, дасгалын танхим, оёдлын тасаг, техникийн өрөө гээд л бүгдий нь нэг бүрчлэн танилцуулахаас гадна тэдний театрын амьдрал, уран бүтээлийн тухай сонирхолтой ярилцлага өрнүүлсэн нь миний хувьд үнэхээр сайхан завшаан байлаа. Тэр балетчин болохоор бид балетын тухай түлхүү ярьсан нь ойлгомжтой.
Emma d’Humier ярихдаа, – Манайх нийт155 бүжигчинтэй. Парисын дуурын театр өөрийн гэсэн балетын сургуультай. Тэр нь бүр анх 1661 онд 14-р Ludwig-ын санаачлагаар Бүжигийн академи нэртэй байгуулагджээ. Энэ балетын сургууль нь 16, 17 зууны францын бүжгийн онцлогийг дээдэлж одоог хүртэл сургалтандаа уламжилж авч явахаас гадна бас орчин үеийн бүжгийн урсгалуудыг оруулдаг. Emma энэ сургуулыг төгсөөд одоо театртаа 4 дэх жилдээ ажиллаж байгаа ба түүгээрээ их бахархаж байдаг залуу уран бүтээлч юм. Анх түүний жилд балетын ангид гучин хүүхэд элсэж ороод наймуулахнаа төгссөнөөс ердөө хоёр нь л Парисын дуурын театрт бүжигчнээр шалгарч орсны нэг нь Emma юм байна.
Тэрээр цааш нь ярихдаа манай театрын бүжгийн зарчим бол „ Балет бол урлаг, урлагийн бүтээл.“ юм. Францын балет нь ерөөсөө л цэвэр ариун сонгодог бүжиг. Жишээ нь бидний тоглодог цэвэр сонгодог болох Жизел бүжгэн жүжгээс францын балетын онцлог жинхэнэ утгаараа тодорч харагддаг. Үүгээрээ бид дэлхийд их алдартай билээ. Тийм болохоор техник, зөвхөн техникийн чадвар үзүүлж бүжиглэх нь яагаад ч эхний зорилго нь байж болохгүй гэнэ. Мэдээж бүжигт хамгийн дээш үсрэх эсвэл хамгийн олон pirouette эргэх гэх мэт техникийн чадвар чухал байлгүй яахав. Гэхдээ тэр бүжигчний бүжиглэлт зөвхөн үүгээр хэмжигдэх юм бол энэ илүү спортын шинж рүү орно. Үүнийгээ илүү тод ойлголуулахын тулд Emma их сайхан жишээ авч ярилаа. Одоо Парисын дуурын театрт ажилдаг алдарт балетчин Aurelie Dupont хамгийн урт хөлгүй ч, хамгийн гоё биегүй ч харин хамгийн цэвэр нандин, дур булаам, үзэсгэлэн төгөлдөр бүжиглэж дүрээ амилуулдаг учир энэ театрын од нь юм гэж. Aurelie Dupont 2 хүүхэдтэй одоо 42 настай балетчин. Тэр 25 настайдаа Don Quichotte бүжгэн жүжгийн гол дүр Китрид тоглоод эдний хамгийн дээд “Étoile“ буюу од өргөмжлөлийг авчээ. Түүний уран бүтээлд 29 бүжиг дэглээчийн бүтээл байхаас зарим нь бүр өөрт нь зориулж тавьсан бүтээлүүд байдаг.
Энэ завсар нэг сонирхолтой зүйл дурдахад энэ театрын тайз нь урдаасаа намхан эхлээд тайзны хойноо өндөр болж дуусдаг далий тайз юм. Тэгээд өндөр бүжигчид нь урд эгнээнд намханууд нь арын эгнээнд бүжгэлдэг. Тэр нь үзэгчдэд, ялангуяа тайзны доор сууж байгаа үзэгчдэд бүжигчдийг бүрэн төгс харахад илүү талтай байдаг юм байна. Учир нь тэгш тайзтай театрын тайзны яг доор урд сууж байгаа үзэгчид жүжигчдийн хөлий нь сайн харж чаддаггүй тал байдаг.
Парист 2 дуурын театр байдаг. Нэг нь Opera Garnier нөгөө нь 1989 онд нээгдсэн Opera Bastille. Энэ 2 театр хоёулаа францын Opera National de Paris буюу Парисын үндэсний дуурын театр гэж нэг цогц болж явдаг юм байна. Энд байнгын 1500 хүн ажилдаг. Парисын үндэсний дуурын театрын 2013 оны жилийн тайланд дурдахдаа эдний 2013 оны санхүүжилт нийт 193,9 сая евро. Түүний 98,4 сая еврог улсаас санхүүжилт авч үлдсэний нь өөрсдийн билетийн худалдаа болон үйлчэлгээгээр олжээ. Санхүүжилтынхаа бараг 50% өөрсдөө олно гэдэг бол их амжилттай ажиллаж байгаагын илрэл юм. Учир нь францын театруудын дундаж үзүүлбэр нь 20% өөрсдийн билетийн худалдаа болон үйлчилгээгээр олоод 80 хувь улсаасаа санхүүждэг гэж францын Атлантико news website бичсэн байна.
Ер нь урлаг гайхамшигтай хөгжсөн Франц улсад улс нь урлагийн салбараа маш их дэмжиж байнга санхүүгын дэмжлэг үзүүлж байдаг. Тэр дундаа Парисын дуурын театрт франц улс бүр илүү их төсөв гаргаж өгдөг байна. Тэгсэн ч энэ театр нь өөрийн хүчээр олох санхүүжилтээ 55 хувь болтол өсгөхийг эрмэлзэж байгаа юм байна.
Энэ амжилтыг Emma тайлбарлахдаа манай дуурын театрын нэг улиралын хөтөлбөрт урлагт дуртай хүн болгоны сонирхолд тохируулсан олон төрлийн бүтээлүүд байдаг. Эртний болон орчин үеийн дуурь, бүжгэн жүжиг, концерт, дээрээс нь дэлхийн авяаслаг найруулагч, бүжиг дэглээч гэх мэт уран бүтээлчдийг урьж хамтын шинэ бүтээл хийдэг. Бас хүүхэд залуучуудад зориулсан бүтээлүүд заавал улирал болгоны хөтөлбөрт орно. Дэлхийн сонгодог Хунт нуур бүжгэн жүжиг, Тоска дууриас өгсүүлээд жааз хөгжмийн концерт, хип хоп бүжгийн тоглолт гээд маш өргөн хэмжээний сонголттой юм. Түүнээс гадна залуу уран бүтээлчдийг дэмжиж тэдэнд бас өөрсдийн уран бүтээлээ энэ алдартай театрт тоглох боломж өгдөг байна. Энэ бүх хөтөлбөрийн нэг онцлог нь залуу үзэгчдийг байнга татаж байх үнэхээрийн оновчтой маркетингийн арга юм гэж надад санагдлаа.
Emma-с би танай бүжгийн дасгалыг үзэж болохуу гэж асуухад „ Харамсалтай нь болохгүй, манай театр олон нийтэд их хаалттай, хааяа нэг Шведийн хатан хаан гэх мэт нэртэй хүмүүст дасгалаа үзүүлэх тусгай зөвшөөрөл олгодог.“ гэж хариулсан юм.
Ерөөсөө энэ театр нь маш их уламжлалаа дагадаг баримталдаг, нэгэн бодлын хуучинсаг үзэлтэй гэж хэлж болохоор юм. Удирдах албан тушаалтнуудаа хүртэл дотроосоо л сонгодог байна. Бүжиг ангийн захирал нь гэхэд л одоо 17 дахь жилдээ театртаа ажиллаж байх юм. Гэхдээ сүүлийн үед Парисын дуурын театрт их том өөрчлөлт явагдаж байна. Emma энэ талаар ярихдаа Парисын дуурын театр түүхэндээ анх удаа 2014 оны 10 сараас эхэлж балетын шинэ захиралаар „гадны хүн“ буюу тодруулж хэлбэл New York City Ballet-ын бүжигчин байсан бүжиг дэглээч 34 настай Benjamin Millepied сонгожээ.. Benjamin Millepied нь 2010 онд Oscar-ын шагнал авсан Darren Aronofsky-ын Black Swan киноны бүжиг дэглээч, зөвлөхөөр ажилахаас гадна энэ киноны гол дүрд тоглосон Hollywood-ын алдарт жүжигчин Natalie Portman-тай гэрлэсэн юм. Энэ сонголт нь маш их шүүмжлэл авчирч хэвлэл мэдээллүүдээр “энэ бол шок“, “Францын хамгийн гайхамшигтай, уламжлалаа баримталдаг Парисын дуурын театр ирээдүйгээ Hollywood-аас хайх гэжүү?“ гэх мэт бичиж нэлээд сенсаац болж байлаа.
Тэгэхээр Парисын дуурын театрын ертөнцөд шинэ салхи орж байна. Франц улс эдийн засгийн хямралд ороод их хөдөлгөөнд байгаа шиг Парисын дуурын театр бас их хөдөлгөөнд байна. Ялгаа нь гэвэл энэ театр эдийн засгийн хямралд ороогүй харин ч амжилттай ажиллаж байгаа хэрнээ өөрийн ертөнцдөө өөрчлөлт хийхээр шийджээ.
Ямар ч байсан үзэгчид Парисын дуурын театрын ирээдүйн уран бүтээлийг тэсэн ядан.
Ц. ГЭРЭЛ
Эх сурвалж: "ТОЙМ" сэтгүүл