“Шинэ Коломбо төлөвлөгөө”-нд хамрагдана

Хуучирсан мэдээ: 2014.07.08-нд нийтлэгдсэн

“Шинэ Коломбо төлөвлөгөө”-нд хамрагдана

Гадаад харилцааны сайд Л.Болдын 2014 оны 3 дугаар сард Австралийн Холбооны Улсад хийсэн айлчлалын үеэр тавьсан саналын дагуу Австралийн Засгийн газраас хэрэгжүүлдэг “Шинэ Коломбо төлөвлөгөө”-нд Монгол Улсыг 2015 оноос албан ёсоор хамрагдахыг урьсан урилгыг Австралийн Гадаад хэргийн сайд Жули Бишоп ирүүлсэн байна.
 
Австралийн Шинэ Засгийн газраас гадаад бодлогын хүрээнд Австралийг бүс нутгийн хөгжилд илүү оролцуулах үүднээс “Шинэ Коломбо төлөвлөгөө” буюу Австрали залуучуудыг Засгийн газрын тэтгэлгээр Ази, номхон далайн орнуудад боловсрол эзэмшүүлэх асуудлыг 2013 оны 12 дугаар сараас албан ёсоор эхлүүлсэн. Уг хөтөлбөрт хамрагдсан Австрали оюутнууд нь богино болон урт хугацааны сургалтад хамрагдах бөгөөд тус хөтөлбөрийг Япон, Индонези, Сингапур зэрэг улсад амжилттай хэрэгжүүлж байгаа юм.
 
Түүнчлэн “Шинэ Коломбо төлөвлөгөө”-нд хамрагдахтай уялдуулан Австралийн “Амралтаараа ажиллах” буюу “Work and Holiday” визийн ангилалд Монгол Улсыг хамруулах чиглэлээр Гадаад харилцааны яам ажиллаж байна. Тус визийн ангиллын хүрээнд 18-30 насны залуучуудад Австрали Улсад 12 сар хүртэлх хугацаанд аялан жуулчлах, үүнээс 4 хүртэлх сарын турш богино хэмжээний сургалтад хамрагдах, хөдөлмөрлөх боломжийг олгох юм.
 
“Амралтаараа ажиллах” визийн ангилалд хамрагдах гол шалгуур нөхцөл нь харилцан адил байх зарчим юм. Манай улсын хувьд 12 сар хүртэлх хугацаанд өөрийн нутаг дэвсгэрт хөдөлмөр эрхлэх болон богино хугацааны боловсрол эзэмших эрхийг нэгэн зэрэг олгосон эрх зүйн зохицуулалт байхгүй учраас дээрх хоёр асуудлаар албан ёсны яриа хэлэлцээ хийхэд тодорхой цаг хугацаа шаардлагатай байгаа болно.
 
 
 
Эх сурвалж: mfa.gov.mn
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж