Утасныхаа дугаарыг өмчлөх боломж

Хуучирсан мэдээ: 2014.06.27-нд нийтлэгдсэн

Утасныхаа дугаарыг өмчлөх боломж

9911хххх-тэй дугаар зарна гэх зарын дагуу холбож асуувал, хойд дөрвөн орон нь хос хосоороо адилхан буюу бидний хэлдгээр азын дугаар биш ч 15 сая төгрөг гэнэ. Бараг жилийн 8 хувийн хүүтэй байрны урьдчилгаа төлчихөөр мөнгө байгааг хэлбэл “Болихгүй юу. Хоосон юм байж юундаа тансаг дугаар сонирхсон юм” гэсээр утсаа таслах нь тэр. Харин ч хямд зарж байгаа нь тэр юмсанж. Мөнгөтэй, хөрөнгөтэй хүмүүс авах л үнэ байр. Гэхдээ тэрхүү дугаарыг барилаа гээд илүү зардал гаргана уу гэхээс ихээхэн ашиг олохгүй нь лавтай. Тэгсэн хэрнээ хамгийн эрэлттэй дугаар гэж байгаа. Ийм дугаартай байж гэмээнэ албан тушаалтантай утсаар холбогдож, ажлаа амжуулдаг талаар бизнесийнхэн гомдоллож аргагүй эрхэнд тэдэнтэй холбогдохын тулд авдаг гэсэн. Үнэндээ ч зарим үүрэн холбооны операторыг утаснаас дуудлага ирэхэд харчихаад “Комиссын/хуучин хувцас хунарын худалдааг ингэж хэлдэг болсон/ дугаар байна. Гуйлга л гуйх гэж байгаа биз. Яав ч олигтой нөхөр биш” гээд халаасалчихаж байгааг олонтаа харсан билээ.

Баярхуу ч гэх үү, балайрам ч юм уу нэг тийм, бидний дунд газар авсан зан бий. Тэр нь идэш, уушийг нь дийлэхгүй хэрнээ том хөдөлгүүртэй хүчтэй машинаар гангарч, хамгийн өндөр тарифтай үүрэн холбооны операторын дугаараар ярьж, хоёр гурван сарынхаа цалинтай тэнцэхүйц үнэтэй утсыг лизенгээр хамаагүй авах явдал.

Энэ утгагүй хийрхэлээс нь болоод дарга, даамал, томчуудын барьдаг “Мобиком”-ын 9911хххх, скайтелийн 9191хххх, 9111хххх дугаар барихгүй л бол хүн биш мэтээр сэтгэдэг хэсэг хүмүүс ч бий. Ямар сайндаа ч үүрэн холбооныхон дээрх дугааруудаа нэр хүндийн баталгаа энэ тэр гэж рекламддаг. Тийм ч биз, үгүй ч биз. Түүнийг нь сонсоод илийрэгчид ч бас ихээр тоологдоно доо. Гэхдээ тэрхүү дугаарыг барилаа гээд илүү мөнгө төлнө үү гэхээс хөнгөлөлт эдэлдэггүйг санах хэрэгтэй. Харин ч эсэргээрэй. Олимпын аварга төрсөн тэр жил үүрэн холбооныхон алтан дугаараасаа бэлэглэж өрсөлдсөн. Гэтэл алтан дугаар нь нөөцөнд үлдээгүй “Жи-мобайл”-ийнхан жирийн хэрэглэгчийн дугаарыг нь шууд хааж, дээрэмдэж дугаарыг нь аваад олимпын аваргад тал зассан явдал гарсан.

Хамгийн гол шалтгаан нь хэрэглэгчид үйлчилгээнийх нь тариф үнэтэй ч хуучин дугаараа барьсаар байдаг шалтгаан нь олон жил барьж, харилцагчид нь цээжээрээ мэддэг болчихсон дугаараа сольчихвол ажлаа амжуулж чадахгүйд хүрч, харилцаа, холбоо тасарна гэдгээс болгоомжилж үнэтэй ч аргацаан хуучин дугаараа барьж шулуулсаар байдаг.

Таатай мэдээлэл дуулгахад, энэ бүхнийг цэгцлэх үүднээс Засгийн газраас Харилцаа, холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг өчигдөр УИХ-аар хэлэлцэж, үргэлжлүүлэн хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзлээ.

1995 оноос эхлэн үүрэн телефон холбооны үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгож эхэлснээс хойш өдгөө үүрэн холбооны зах зээл дээр “Мобиком” ХХК, “Скайтел” ХХК, “Юнител” ХХ“Жи-Мобайл” ХХК гэсэн дөрвөн үйлчилгээ эрхлэгч байгууллага үйл ажиллагаа явуулж байна.

Үүрэн телефон холбооны нийт хэрэглэгчдийн 12.21 хувийг дараа төлбөрт хэрэглэгч, 87.79 хувийг урьдчилсан төлбөрт хэрэглэгч бүрдүүлж байна гэдгийг төсөл санаачлагчид судалж гаргажээ. Өнгөрсөн оны байдлаар үүрэн телефон холбооны хэрэглэгчийн тоо 4 сая 247.4 мянгад хүрч, нийт үүрэн холбооны нэвтрэлтийн түвшин 144.9 хувьд хүрсэн нь дэлхийн дундаж үзүүлэлтээс 51.8 нэгжээр өндөр үзүүлэлт аж. Өөрөөр хэлбэл, дээр дурдсан үнийн нөхцлөөс нь үүдээд зарим хэрэглэгчид хэд хэдэн операторын утас барьдаг болох нь эндээс харагдаж байна.

Энэ бүхнийг цэгцлэх үүднээс дээрх төслийг батласнаар үүрэн холбооны сүлжээнд “дугаартайгаа шилжих үйлчилгээ”-г нэвтрүүлэх, хэрэгжүүлэх юм.

Энгийнээр хэлбэл энэ үйлчилгээ нь та нэг оператор компанийн бүртгэлээс гарч нөгөө оператор компанид бүртгүүлэн шинээр хэрэглэгч болох үедээ хүсвэл одоогийн ашиглаж буй дугаараа шилжүүлэн хэрэглэх боломжтой болно гэсэн үг.

Дугаартайгаа шилжих үйлчилгээг 1990-ээд оны дунд үеэс нэвтрүүлж эхэлснээс хойш зах зээлийн өрсөлдөөн болон үйлчилгээний чанар, хэрэглэгчдийн сэтгэл ханамжид үзүүлэх эерэг нөлөөлөл бодитой байснаас үүдэн энэ үйлчилгээг нэвтрүүлэх орнуудын тоо улам өсөн нэмэгдэж 2012 оны долдугаар сарын байдлаар Европийн 39, Ази-Номхон далайн бүс нутагт 9, Америк тивийн 12 улс, Ойрхи дорнод, Африкийн 13, нийт 73, 2013-2014 онд 5 улс хэрэгжүүлснээр нийт 78 орон нэвтрүүлээд байгаа бөгөөд цаашид  улам нэмэгдэх төлөвтэй байна.

Ингэж шилждэг болсноор хамгийн түрүүнд хэрэглэгчдэд ашигтай. Хэрэглэгч оператораа сольж байгаа хэрэглэгчдийн хувьд бусдад дугаараа хэлэх, нэрийн хуудсаа солих зэрэг зардал, төвөгтэй үйлдлийг хийх шаардлагагүй. Нөгөөтэйгүүр таны дугаар хуучин дугаар чинь учраас бусдад тэр тухайгаа хэлж дахин дугаараа сануулах шаардлагагүй болно.

Мэдээж ингэснээр өнөөдөр бидэнд үгүйлэгдээд буй хоёр гурван операторын хэрэглэгч байх шаардлагагүй болж хямд үнэтэй, илүү чанартай, сайн үйлчилгээг авах нөхцөл бүрдэнэ.

Ингэснээр үүрэн холбооныхон нэр хүндийн баталгааг бус хамгийн хямд тарифыг санал болгож шударга өрсөлдөх болно. Тиймээс үүнийг дэмжээд байхаас өөр яах вэ?!

Л.ХАЛИУ

NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж