Тайландад Засгийн газрын эсрэг жагсаал болжээ

Хуучирсан мэдээ: 2014.05.10-нд нийтлэгдсэн

Тайландад Засгийн газрын эсрэг жагсаал болжээ

Тайландын Үндсэн хуулийн шүүхээс өнгөрсөн лхагва гаригт /V.7/ Ерөнхий сайд Йинглак Шинаватраг эрх мэдлээ хэтрүүлсэн хэргээр албан тушаалаас нь огцруулсан билээ. Үүний дараа Тайландын Засгийн газар Йинглакийн оронд Ниваттхумронг Бунсонгпайсаныг түр Ерөнхий сайдаар сонгосон юм. Гэвч Тайландын нийслэл Бангкок хотноо өчигдөр /V.9/ дахин Засгийн газрын эсрэг жагсаал цуглаан зохион байгуулагджээ. Жагсагчид Тайландын Засгийн газрыг бүхэлд нь огцруулж, улс төрийн шинэчлэл явуулахыг шаардан парламентын орндоны гадна жагссан байна. Олон зуун хүн оролцсон Засгийн газрын эсрэг жагсаалын үеэр жагсагчид цагдаа нартай мөргөлдсөнөөс таван хүн гэмтэж бэртсэн аж. Бангкокийн цагдаа нар Засгийн газрын ордон болон үндэсний телевизийн байр руу нэвтрэхийг завдсан жагсагчдын эсрэг даралттай ус ашиглахад хүрчээ.

Тайландад өнгөрсөн арваннэгдүгээр сард Ерөнхий сайд Йинглакийг огцруулахын төлөөх эсэргүүцлийн жагсаал эхэлснээс хойш улс төрийн тогтворгүй байдал үргэлжилж буй юм. Йинглакийн Засгийн газрын эсрэг жагсаал цуглаан, үймээний үеэр 25 хүн амь үрэгдсэн билээ. Тайландын сөрөг хүчнийхэн Йинглак Шинаватраг ах Таксиныхаа заавраар ажиллаж, түүнийг улс төрд буцаан авчрах зорилготой хэмээн хардсанаас огцруулахаар тэмцэж эхэлсэн юм. Харин Йинглак Шинаватра ард олны эсэргүүцлийг намжаахын тулд өнгөрсөн хоёрдугаар сард Тайландад парламентын ээлжит бус сонгууль явуулсан боловч үр дүнг нь хүчингүйд тооцсон аж.

Б.АНХТУЯА

NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж