“Давхар дээл” тайлах хуулийн төсөл төрхөмдөө буцсан ч түүнийг тойрсон үйл явдал улам л өрнөх шинжтэй. Засгийн газрын бүтцэд өөрчлөлт хийх санаа агуулж, намынхаа эсрэг кноп дарсан гэх үндэслэлээр УИХ-ын дарга З.Энхболд Ардчилсан намын Хяналтын зөвлөлийн хуралдаанаар “шүүлгүүлж” мэдэшгүй байгаа бол Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга Засгийн газрын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ өнгөрсөн баасан гаригт УИХ-ын даргад өргөн мэдүүлэв. Хэн, хэн нь сонирхолтой кандинат учир хийж буй үйлдэл нь олны анхаарлыг татаж эрх баригч хүчин ямар шийдвэр гаргахыг чих тавин хүлээж сууна.
Хоёр жил орчмын хугацаанд Засгийн эрхийг барьж буй Ардчилсан намд энэ хооронд бишгүй л олон зүйл болсон. Сөрөг хүчний зүгээс Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нарыг огцруулах асуудлыг тавьж байсан бол УИХ, Засгийн газрын өмнөөс хариуцлага хүлээхээ мэдэгдэж, УИХ-ын гишүүн Р.Амаржаргал бүрэн эрхээсээ түдгэлзэх хүсэлт тавьсан ч олонхийн бүлэг МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэгтэй эвсэж байгаад хэн, хэнийг нь явуулалгүй байранд нь үлдээсэн. Тиймээс Үйлдвэр хөдөө, аж ахуйн сайд Х.Баттулгын чөлөөлөгдөх хүсэлтийг нь хүлээн авахгүй байх магадлал бас бий.
Мөн өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт МоАХ-ны гишүүд, дэмжигчид хэлэлцүүлэг зохион байгуулсны дараа Ерөнхий сайд Н.Алтанхуяг сайд Х.Баттулгатай уулзсан тухай яриа дуулдаж байна. Энэ үеэр Ерөнхий сайд эвтэй байхыг хүссэн гэх. Ардчилсан нам доторх МоАХ фракцынхан хөдөлбөл нэлээд том хөдөлгөөн өрнөхийг Н.Алтанхуяг сайд хэнээр ч хэлүүлэлтгүй мэдэж буй. Тиймдээ ч дараагийн нүүдлээ хийхийн тулд сайд Х.Баттулгатай уулзсан хэрэг биз. Гол нь тэр Ерөнхий сайдын үгийг авдаг болов уу.
“Галт тэрэг хөдөлсөн” гэдэг шиг Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд байх үеэс баримталж ирсэн бодлогынх нь эсрэг төмөр замын нарийн цариг УИХ-д өргөн мэдүүлэгдсэн үед “Женко” хөдлөхгүй бол хэн өмнөөс нь хөдлөх билээ. Шийдвэр гаргагч төвшинд нарийн царигтай төмөр зам тавихыг дэмжигчид цөөнгүй бий. Дээр нь нүүрсний салбарынхан, цаашлаад эдийн засагчид түүний барьж буй бодлогын эсрэг үзэл бодлоо илэрхийлсээр ирсэн.
Нүүрсний үнэ шалдаа буусан үед авто машинаар тээвэрлэлт хийх нь өрсөлдөх чадварыг унагаж, татварын орлогод даацтай нөлөөлөхгүй байгааг Сангийн сайдаас эхлүүлээд Ерөнхий сайд олонтаа сануулж буй. Хамгийн сүүлд Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр “Эдийн засгийн нөхцөл байдал ийн хүндэрсэн нь төмөр замаа тавиагүйтэй холбоотой” гэж мэдэгдсэн нь олны анхаарлыг татсан. Хэдийгээр дээрх сайдуудаас хэн нь ч цариг өргөн байх нь Монголд аюулгүй байдал талаасаа илүү ашигтай, нарийн байх нь эдийн засаг талаасаа илүү тустай тухай ам нээгээгүй ч Монгол гэдэг “айл” нүүрсээ өмнөд хөрш рүү, цаашлаад гуравдагч хөрш рүү гаргахад төмөр зам хамгийн чухал нөлөө үзүүлэхийг сануулсан хэрэг.
Харин УИХ төмөр замыг өргөн, нарийн царигтай байхаар батлах уу эсвэл аль нэгийг нь дэмжиж батлах уу гэдгээс хамаарч Үйлдвэр хөдөө, аж ахуйн сайд Х.Баттулгын улстөрд хийх нүүдэл ч бас хамаарах нь тодорхой болж байх шиг байна. Түүний хувьд уул уурхайн бүтээгдэхүүнийг экспортлох төмөр зам өргөн царигт суурилах ёстой. Аль хувилбарыг УИХ дэмжиж батлах бол…
Г.НАРАН