Хөдөөгийн хавар сайхан

Хуучирсан мэдээ: 2014.03.30-нд нийтлэгдсэн

Хөдөөгийн хавар сайхан

Хавар болохоор л нутаг санагдана. Хүүхэд насны минь гэгээн дурсамж бүхэн хөдөөгийн нэгэн буйдхан сумтай холбоотой болохоор ч тэр үү, яг одоо нутагт минь ямар сайхан байгаа болоо гэж бодогддог.

Нялх төлийн дуу цангинасан хөдөөгийн хавар тийм гэхийн аргагүй үнэртэй бас өнгөтэй.  Тэр тусмаа хүүхдийн жаргалтай инээдэнд дуниартсан сумын төвийн хавар ямар сайхан гээч.

Охид дээс эргүүлж, чарта харайж, хөвгүүд  тэвэг өшиглөж, маатаг тоглоно. Тэр үед фээсбүүк, PC байтугай телевизтэй айл ч олон байгаагүй. Тиймээс орой болонгуут гудамж, гудамжаараа нийлж, бөмбөг өшиглөж, чоно тарвага болж тоглодог байсан.  Ах нар гудамжны өнцөг дээр гитар тоглож, эгч нар хоёр сүлжсэн урт гэзгээ хаялан урдуур хойгуур нь алхаж сумын улаан буланд үдэшлэг зохиогдох зар гарсан эсэхийг шалгана. “Үдэшлэгтэй” гэсэн зар хадсан өдөр сумын эгч нарын  нүдэнд баярын оч гийнэ. Одоогийнх шиг бүх юм элбэг цаг байсан биш, үдэшлэгт бэлтгэж эгч нар хэн нэгнийхээ үсийг цаасаар ороож, бие биенийхээ хувцасыг сольж өмсцгөөдөг байж дээ. Тэд орой болохыг тэсч ядан хүлээж байгаа нь жижигхэн хүүхэд бидэнд ч мэдрэгддэг байв. Тэдэн шиг хурдан том болоод үсээ ороож, үдэшлэгт явахыг мөн ч их мөрөөддөг байж дээ. 

Манай суманд шар цэцэг их ургадаг. Нэгэн удаа хажуу айлынхаа охинтой хамт шар цэцэг түүж идээд ээждээ  гэрийнхээ даалгаврыг хийсэнгүй гэж загнуулж байсан минь одоо ч тодхон. “Гэдэсэнд чинь цэцэг ургана  даа” гэсэн эгчийнхээ үгнээс айж шөнөжин гэдсээ дарж хонож байсан юм даг.

 Орой болонгуут сум тэр чигтээ хүүхдийн дуунд аз жаргалтай гэгч нь бүүвэйлэгдэж, харуй тасартал, хацраа сайрттал  тоглосон хүүхдүүдээ ээж, аав нар  нэрээр нь дуудаж гэртээ оруулна. Нэг л их гавъяа байгуулсан аятай гараа угаачихаад, ээжийнхээ аягалж өгсөн гурилтай шөлийг идэх ямар амттай гээч. Одоо ч аманд амтагдах шиг, тийм амттай хоолыг ээж минь хийж өгдөг байж дээ.   “Танайх ямар хоол хийх вэ” хэмээн асууж “бууз” гэвэл бушуухан орж  хоолыг нь  “буудна”. Тэр үеийн айлууд ямар ч хүртээмжтэй их бууз хийдэг байсан юм бол гэмээр дөрөв, тавуулаа орж идчихээд хээв нэг хэхрээд гардаг байж билээ. Хавар цагийн хамгийн гоё хоол бол чанасан толгой шийр. Төмпөнд гарсан чанасан махнаас аав минь огтолж өгөөд, гэрээрээ тойрч суугаад хооллох шиг аз жаргал хаа ч үгүй.

Тухайн үед цахилгаан их тасардаг, тийм болохоор лааны гэрэлд ааваараа үлгэрийн ном уншуулдаг байснаа санаж байна.

Сумын төвийн хэдхэн байшин дээр гоёмсгоор будан жаргах нар хүртэл дулаахан. Нар жаргаж, бүрий тасарсан хойно, сумд нам гүм ноёлж хаа нэгтээ хуцах нохойн дуу л тэрхүү анир чимээгүй байдлыг эвддэг байж дээ.
Хаврын хаварт сэтгэлийн дурсамжийг хөглөх миний нутгийн хавар ямар болж байгаа бол. Хөдөөгийн хавар ямар сайхныг хөдөө  өссөн хүмүүс бол мэдэж байгаа байлгүй дээ.

Н.ХҮСЛЭН
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж