Дугаарын бизнесийг ил тод эхлүүлье

Хуучирсан мэдээ: 2014.02.24-нд нийтлэгдсэн

Дугаарын бизнесийг ил тод эхлүүлье

-Дугаарын сонголт хийх хүсэл, хэрэгцээ байсаар ч ирсэн, байх ч болно. Тав, зургаан оронтой болголоо ч “азын дугаар”, “адил тооны цуглуулга” “өгссөн тоо”-ны аль аль нь байж л таарна-

Улсын дугаарын стандарт нэг их удахгүй өөрчлөгдөх бололтой. Учир нь энэ сэдэв цуу ярианы хэмжээнд биш, яам газруудын хоорондох бичиг цаасны ажил, бүр тодруулбал, судалж, санал аваад, боловсруулж буй гэдгийг албаны хүмүүс баталж байна. Хамгийн гол нь боловсруулсан саналаар бол өнөөдрийн үйлчилж буй 21 аймаг, Багануур, Улаанбаатар гэсэн бүсчлэлийн товчлолоор автомашины дугаарлалтыг хийдэг нь өөрчлөгдөж, үсгийн хувьд нэг стандарттай болох аж. ТӨА, СЭА, УБА гэхээ болино гэсэн үг. Ингэх шаардлагаа албаныхан тайлбарлахдаа “Орон нутаг хооронд машин шилжихээр бол дугаар солигддог, ийн нэг стандарттай болсноор машин шилжихэд номер солих шаардлагагүй болно. Жилд ойролцоогоор 300 мянган машин шилждэг. Үүний 200 мянга орчим нь орон нутаг дамнасан шилжилт хөдөлгөөнд ордог. Энэ бүх шилжилтэд дугаараа солих зардал гарахгүйгээр эдийн засгийн хэмнэлт авчирна” хэмээж буй. Мөн дугаар солих үндэслэлүүд улам бүр лавширч байгаа бөгөөд тээврийн хэрэгслийн бүртгэлд байгаа тоо нь, оношилгоонд орж татвар төлдөг тооноос зөрдөг гэнэ. 610 мянган машины 200 мянга гаруй нь үзлэгт ордоггүй, татвар төлдөггүй, өөрөөр хэлбэл, аль нэг хашаанд тоосонд дарагдаад хэвтэж байдаг гэсэн үг. Үүнийг зохицуулах арга нь дугаар солих гэж үзжээ.

Гэвч үүнтэй холбоотойгоор нэг асуудал гарна. Тэр нь азын дугаар буюу харах болоод хэлэхэд гоё дугаарыг хэрхэх вэ гэдэг. Албан бус стандартаар бол 4455, 6677 гэх дугаар 500 мянга, 8888, 7777, 1000, 2000 гэх мэт дугаарууд 4-5 сая төгрөгийн ханштай. 0001, 0002 гэх мэт дугаарууд бүр 7-8 сая төгрөгт хүрдэг. Мөнгөө төлж “гоё” дугаар авсан нөхөд тийм ч амархан үнэ цэнэтэй дугаараа солиулчихгүй. Яг л хашаагаа суллаж өгөхгүй гэж муйхарладаг газрын эзэд шиг зүтгэж таарна. Түүнчлэн шинэ хуваарилалт гэдэг өмнө нь дугаарын наймаагаар хоолоо олж иддэг хурган дарга нарын хувьд ахиухан мөнгө хийх боломж ч гэж харагдана. Дугаар зардаггүй, худалддаггүй, тохирлоор авдаг гэж тайлбарладаг ч үнэн хэрэгтээ Авто тээврийн газрын хэдэн даргын, 2009 оноос өмнө бол Замын цагдаагийн хэдхэн нөхдийн бизнес байсан гэдгийг хэн ч мэднэ. Тээврийн хэрэгслийн оношилгоо, хяналт зохицуулалтын албаны бүртгэлийн дарга П.Нүрзэд хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Авто тээврийн газраас шинэ сери задлаад манайд хүлээлгэн өгдөг. Энэ задарсан сериэс жолооч нар дуртай дугаараа сонгоод авах боломжтой юм. Гэхдээ жолооч нарын сонирхдог азын дугаарууд  харамсалтай нь манай газарт ирдэггүй. Учир нь Авто тээврийн газраас манайд өгөхдөө азын дугааруудыг түүгээд авчихсан байдаг. Тодруулбал, шинэ серийн дугаар задарлаа гэхэд 79-79, 79-00, 79-99 гэсэн азын дугаар нь манай газарт ирдэггүй” гэж дугаарын бизнесийнхний тухай цухас боловч дурдсан нь бий.

Ингэж л автомашины улсын дугаарыг санамсаргүй байдлаар буюу автомат тохирлын дагуу сонгодог гэх ч хамаг аятайхан дугаарууд үнэтэй машинтай, мөнгөтэй нөхдөд очсон хэвээр. Гол нь азын дугаараас гадна төрсөн өдөр, утасны дугаарынхаа “амидаа”-г машиндаа зүүх боломжоос хэн ч татгалзахгүй. Өөрөөр хэлбэл, дугаарын сонголт хийх хүсэл гэх хэрэгцээ байсаар ч ирсэн, байх ч болно. Тав, зургаан оронтой болголоо ч тэнд “азын дугаар”, “адил тооны цуглуулга” “өгссөн тоо”-ны аль аль нь байж л таарна.

Гэвч үүнийг шийдэх эрх бүхий хэдхэн нөхөд л олгох эсэхийг шийднэ гэдэг харамсалтай. Үнэхээр улсын дугаарын стандартыг өөрчилж байгаа юм бол “дугаарын хуваарилалтын бизнес” төрд очих ёстой. Азын дугаарыг шагласан мөнгө хэдэн дарга нарын халаасанд биш, төсөвт орж, хэн хэдэн төгрөгөөр ямар дугаар авсныг ил тодоор зарлах хэрэгтэй. Азын болоод өгссөн дугаарыг ил тод үнэлээд, мөнгөтэй чадалтай нь ав гээд өрсөлдүүлчих. Машин автоматаар сонгож өгснийг нь авъя гэвэл хямд үнээр л авна биз. Харин өөрөө сонголт хийгээд тэр нь байвал нэмж мөнгө төлөөд л авах шударга. Азын дугааруудыг харин хэн нь бядтай нь шударгаар үнэ хаялцаад аваг. Үр дүнд нь хэдэн төгрөг улсын төсөвт маань орог. Шинэчилж шийдэх гэж л байгаа юм бол, дугаарын хууль бус бизнесийг ч эхнээс нь зөв шийдэх ёстой.

Б.ЭНХМАНДАХ

Эх сурвалж: "NEWS WEEK" сонин №050


NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж