Хуучирсан мэдээ: 2014.02.20-нд нийтлэгдсэн

Катя Зол… Түүний жинхэнэ нэрийг Г.Золцэцэг гэдэг. Тэр олонхийн хувьд шинэ танил биш. Гэхдээ хуучны танил ч биш. Хоёрдугаар сарын 6-нд АНУ-ын Нью-Йоркт нээлтээ хийсэн “Mercedes-Benz” шоунд оролцож, 2014 оны хавар, намрын коллекцио танилцуулсан нь Катя Золын хувьд өөрийгөө илтгэн харуулах дахин нэг давшилт болов.

Европ төрхтэй монгол загвар зохион бүтээгчийн Нью-Йоркийн тайзнаа загвараа толилуулсан энэ үйл явдлыг олон нийт магтаал, шүүмжлэлийн аль алинтай хүлээн авсан ч Монголын Ерөнхийлөгч хүртэл энэ бүсгүйгээр бахархаж байгаагаа илэрхийлжээ.

Катя Зол нэр шигээ өвөрмөц бүсгүй. Түүний бага нас Хэнтий, Дорнод аймагт өнгөрчээ. Дунд сургуулиа “Ирээдүй цогцолбор” сургуульд дүүргэсэн тэрээр ОХУ-ыг зорьж, эрчим хүчний чиглэлийн мэргэжил эзэмшихээр суралцжээ. Гэвч хоёр жил сураад сургуулиа орхисон байна. Англи, хятад хэлийг боломжийн хэмжээнд эзэмшсэн бүсгүй Малайзад амьдрахаар болж, загвар зохион бүтээх мөрөөдлөө аажим аажмаар биелүүлж эхэлсэн байжээ. Гэхдээ маш багаас нь эхэлсэн. Түүний анхны загварыг өмссөн эзэд нь өхөөрдөм бяцхан нохойнууд байсан нь сонирхолтой. Нохойнд зориулан хувцас урлаж эхэлсэн Катя Зол Малайзад амьдарч байхдаа 300 ширхэг хувцас урлан, нохойн салонд нийлүүлж, олсон орлогоороо анхны оёдлын машинаа авч байжээ. Малайзад загвар зохион бүтээгчийн мэргэжил эзэмшихийн хажуугаар амьдралаа залгуулах өөр бусад ажлуудыг хүртэл амжуулан хийдэг байсан түүнд хэлний мэдлэг, загварын авьяас мэдрэмж нь загварын агентлагуудтай хамтарч ажиллах эхлэлийг тавьж өгчээ.

“Rolls model agent”-тай эхлүүлсэн хамтын ажиллагаа нь түүнийг “Katya Zol” гэх загварын нэрээрээ нэршсэн өөрийн гэсэн брэндтэй болоход гол түлхэц болжээ. Дубайд монгол ноолууран бүтээгдэхүүнийг сурталчилж, дэлхийн баячуудын өлгий Арабын зах зээлд нэвтэрсэн, Араб үндэстэнд зориулсан загварын коллекци гаргасан, Соёл, спорт, аялал жуулчлалын яамны санхүүжилтээр гадаад ертөнц рүү илүү анхаарал хандуулж байгаа, Нью-Йоркийн загварын шоу руу жил бүр салхи татуулан нисэх болсон гээд Катя Зол гэх хатагтайн тухай мэдээллүүд ар араасаа шуурч байна. Аль нь ч бай, эцсийн дүндээ түүнийг “Давшигч бүсгүй юм” гээд хэлчихэд юу нь буруудахав.

Хоёрдугаар сарын 6-13-ны хооронд үргэлжилсэн “Mercedes Benz” загварын долоо хоногт загвар өмсөгч Катя Зол, мейк-ап артист Э.Эрдэнэсувд, топ модел Г.Уранцэцэг, загвар өмсөгч Г.Оюунгэрэл, С.Төгсөө, уртын дуучин Д.Үүрийнтуяа нарын 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг оролцжээ. Үзэгчдийн суудалд “Киви” хамтлагийн дуучин Ука нарын цөөнгүй зочид мөн тухалсан байв.

Загвар зохион бүтээгч Г.Золжаргал Нью-Йоркийн загварын тайзнаа ноос, ноолуур, нэхий, эсгий болон сарлагийн хөөвөр зэрэг материалуудыг ашиглан урласан үндэсний бөгөөд орчин үеийн өнгө төрхийг харуулсан загваруудаа толилуулжээ.





Э.ТЭКҮ

Эх сурвалж: "NEWS WEEK" сонин №049

NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж