Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн барьсан Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл хоёр чуулган дамнаж байна. Энэ хуулийн төсөл нь УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүний үүргийг давхар гүйцэтгэхгүй байх төсөл юм.
Энэ хууль өргөн баригдсан цагаасаа эхлэн шүүмжлэл дагуулж, намууд ч байр сууриа нэгтгээгүйгээс хаврын чуулганы хуралдаан руу шилжсэн. Одоогийн УИХ-ын чуулганы танхимд “давхар дээл”-тэй гишүүд олон бий. Засгийн газар 19 сайдтайгаас 17 нь УИХ-ын гишүүний албыг давхар хашдаг. Энэ нь УИХ-ын үйл ажиллагааг доголдуулах, хурал таслах, ирц хүрэхгүй гэсэн шалтгаанаар байнгын хороо болон УИХ-ын чуулганы хуралдаан завсарлах гээд олон сөрөг үр дагаврыг бий болгосон. Тиймдээ ч УИХ-ын гишүүдийн ирцийн мэдээллээс сайд нь хамгийн их чуулганы хуралдаан тасалсан дүнтэй намрын чуулганыг үдсэн.
“Давхар дээл” тайлах төсөл хэлэлцүүлгийн явцад улс төрийн намуудын үл ойлголцлоос болж гацсан. Үүний дотор хуулийн хэрэгжих хугацаа буюу хууль санаалагч Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн барьсан хуулийн хугацаа хамгийн их маргаан дэгдээгээд буй. Хууль санаачлагчийн зүгээс хууль хэрэгжих хугацааг 2016 оны долдугаар сарын 1 гэж тусгасан боловч сөрөг хүчин тэргүүтэй УИХ-ын зарим гишүүн Засгийн газартаа хяналтаа тавих чиг үүргээ гүйцэтгэж, ухаалаг төрийг бий болгохын тулд хуулийн хэрэгжих хугацааг хууль баталсан өдрөөс нь хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзээд буй. Энэ нь сөрөг хүчнийхэнд ч, сайд болох “санаатай” нэгний хувьд ч боломж болсон. Өөрөөр хэлбэл, улс төрийн шоу хийх нэг арга хэрэгсэл болж хувирсан. Ялангуяа сөрөг хүчний хувьд данхайсан бүтэцтэй төрөө ухаалаг болгохыг шаардаж, хуулийг баталсан өдрөөс нь хэрэгжүүлэхийг хоёр гараа өргөн дэмжиж байгаа. Үүний дотор АН-ын доторхи зарим гишүүд ч хуулийг баталсан өдрөөс нь хэрэгжүүлэх санал гаргаж, чуулганы хуралдаан дээр “давхар дээл”-тэй гишүүдийг мушгих болсон.
Гэхдээ энэ хууль 2016 оны долдугаар сарын 1-ээс хэрэгжих нь тодорхой. Учир нь, олонхийн бүлгийн зүгээс Засгийн эрх барьж байгаа тохиолдолд өөрсдийн бодлого, сонгуульд өгсөн амлалтаа биелүүлж, дараагийн сонгуульд оролцох боломжоо алдахыг хүсэхгүй. Нөгөөтэйгээр хууль санаачлагч Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс ч энэ хуулийг өргөн барихдаа Засгийн газрыг огцруулах, хагалан бутаргах бус том төрөөс ухаалаг төр рүү шилжихийн тулд Засгийн газрын гишүүдийг парламентын танхимаас гадуур сонгодог байх зарчмыг дараагийн сонгуулиас хэрэгжүүлэх саналыг гаргаж, өргөн барьсан. Үүнийг ч УИХ-д сууж байгаа 76 гишүүн мэдэхийн ихээр мэдэж байгаа. Тэгвэл яагаад гэнэт энэ хуулийг батлагдсан өдрөөс нь эхлэн хэрэгжүүлэх “уриалга” бүхий санал гарч эхлэв. Сөрөг хүчний зүгээс ч, АН-ын зарим нэг гишүүний зүгээс ч зүгээр л улс төрийн шоу хийж байгаа нь тод харагдана. Учир нь, Ерөнхийлөгч энэ хуулийг өргөн барьсны дараа буюу хуулийн хэрэгжих хугацааг 2016 оны долдугаар сарын 1-ний өдрөөс гэж тодорхой заасан бөгөөд хэрэв энэ хуулийг хэрэгжих хугацааг наашлуулах, сайдын суудалд “санаархагчдын” хүсэл биелэхэд хүрвэл Ерөнхийлөгч хориг тавина. Үүнийгээ ч хууль санаачлагч тодорхой хэлсэн байдаг. Хууль санаачлагчийн хувьд ч, олонхийн хувьд ч хуулийн хэрэгжилтийг 2016 онд хэрэгжүүлэх нь илүү оновчтой хувилбар болно. Нэгэнт байгуулагдсан Засгийн газрыг унагах, тогтворгүй байлгах нь өөрөө улс орны эдийн засаг, нийгмийн амьдралд сөрөг нөлөөтэйг мэдэхгүй хүн үгүй байх. Тиймээс “давхар дээл” тайлах төсөл батлагдах нь тодорхой. Хаврын чуулганаар эхний ээлжинд хэлэлцэн батлах төслүүдийн нэг нь “давхар дээл” тайлах төсөл. Харин хуулийн хэрэгжих хугацаа 2016 оны долдугаар сарын 1 буюу хууль санаачлагчийн өргөн барьснаар батлагдвал 2016 оны сонгуульд ялалт байгуулсан нам буюу сонгогчдоос олонхийн санал авсан намын сайд нар дан дээлтэй байхаар болж байна.