
Хүндэтгэлийн хүлээн авалтын арга хэмжээг нээж тус хүрээлэнгийн Ерөнхийлөгч Лорн Крайнер үг хэлж, АНУ-ын сенатор Жон Макейн хүндэт зочдод баяр хүргэн хүндэт өргөмжлөл гардуулсан байна.
Ойн арга хэмжээнд хүндэт зочноор уригдсан Э.Бат-Үүл хэлсэн үгэндээ, улс төрийн нам сонгуульд ялахын тулд ард түмэнтэйгээ ойр байж, улс төрийн амжилт орон нутгаас эхэлдэг тухай онцолсон байна. Түүнчлэн тус хүрээлэн сүүлийн 20 гаруй жил Монгол Улсад ардчиллыг хөгжүүлэхэд дэмжлэг, туслалцаа үзүүлж ирсэнд талархал илэрхийлжээ.
Энэ удаагийн арга хэмжээнд түүнтэй хамт Словак улсын Ардчилсан хөдөлгөөний удирдагч, ерөнхий сайд асан Микулас Зурида хүндэт зочноор уригдаж, Словакийн ардчилсан хувьсгалыг манлайлж оролцсон талаар үг хэлсэн байна.
Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэн 1983 онд анх байгуулагдсан ба өдгөө дэлхийн 60 гаруй оронд үйл ажиллагаа явуулж, ардчиллыг бэхжүүлэх талаар хөтөлбөр хэрэгжүүлж байгаа юм. Тус хүрээлэн Монгол Улсад 1992 оноос хойш ардчиллыг хөгжүүлэх, иргэний нийгмийн байгууллагыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлж, Улаанбаатар хот, хөдөө орон нутагт ардчиллын боловсрол олгох, засаглалыг бэхжүүлэх чиглэлээр сургалт, хөтөлбөрүүдийг амжилттай зохион байгуулж ирсэн билээ.
Хотын дарга энэ өдрүүдэд "Ардчиллын төлөөх үндэсний сан"-гийн Ерөнхийлөгч Карл Гэршмантай уулзаж, Монгол Улсын засаглалын хөгжлийн асуудлаар "Эрх мэдлийн төвлөрлийг сааруулах нь" сэдэвт хуралд илтгэгчээр оролцох юм.