Хуучирсан мэдээ: 2013.12.10-нд нийтлэгдсэн

Цантсан цонх

116-р сургууль дээр Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрхийн талаар өдөрлөг болж байгаа гэх ерөнхий мэдээтэйгээр ажлаас гарлаа. Хаана байдгийг нь мэдэхгүй тул лавлахаас байршлыг нь асууж аваад Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн нэгдэлийн хажууд гэх мэдээлэлтэйгээр 100 айл тийш зүглэв. Харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн төрөлжсөн сургууль хаана ч байдгийг нь мэддэгүй шигээ тэнд буй 88 хүүхэд, тэдэнд хичээл зааж буй сургуулийн багш ажилтнуудын талаар ямар ч төсөөлөлгүйгээр зочилсон юм.

Гаднаасаа бол байдал л нэг арван жилийн сургууль, ялгараад байх зүйл гэвэл үүдээр нь тэргэнцэртэй орж болох налуу зам. Харин оронгуут нь коридорт нь уртааш явах резинэн мэдрэгчтэй зам тавьжээ. Мөн хараагүй хүнд хөтөч болсон бариулыг хана дагуу хийжээ. Арван жилийн сургуульд орж ирэнгүүт урдуур хойгуур шуугилдан гүйлдэх хүүхдүүд дүүрэн байдаг бол энд тийм зүйл харагдсангүй.

Ингээд замаараа өдөрлөгийн нэгэн хэсэг болох дотуур байрны өрөөнүүдтэй нь танилцаж буй Хүний эрхийн үндэсний комиссынхон, Нийгмийн хамгааллын яам, хэвлэлийнхэнтэй нэгдэв. Нийгмийн хамгааллын яаманд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлыг тусгайлан хариуцсан бүтэц шинээр бий болж байгаа гэнэ. Хүний эрхийн комисст ч ийнхүү төрөлжсөн алба, албан хаагчид байдаг гэнэ.  

Суралцагч 88 хүүхдийн 64 нь сургуулийнхаа дотуур байранд амьдардаг. Орон нутгаас ирсэн хүүхдүүд нь сургууль дээрээ, харин хотод амьдагдаг зарим нь баасан гариг бүрт гэр лүүгээ харьдаг гэнэ. Зориулалтын дотуур байр биш ч гэсэн жаалууд хөөрхөн төвхнөжээ. Том модон орнууд, өөр өөрсдийн гэсэн шүүгээ. Нэг өрөөнд голдуу тавуулаа. Хүүхдүүд “төлөөлөгч” ирэхэд бэлдэж ганган хувцсаа өмсөцгөөгөөд томоотой гэгч нь тус тусын орон дээрээ сууцгаана.

Харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн хувьд сонсголын чадвар илүүтэй хөгжих нь түгээмэл. Иймд дуу хөгжмийн уралдаан тэмцээнд тус сургуулийнхан амжилттай оролцдог аж. Бяцхан охид солонгос дуу, уртын дуугаа дуулаад л ямар ч зочдыг уяраачих бололтой.    

Хүний эрхийн үндэсний комиссынхон ийнхүү айлчлах болсон шалтгаан нь харааны бэрхшээлтэй хүүхдүүд хэрхэн амьдарч, ажиллаж буйг газар дээр нь харах аж. Бүр тодруулбал, өнгөрөгч онд Хүний эрхийн үндэсний комиссоос хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурч боловсрох эрхийн хэрэгжилтийг хангахаар хяналт шалгалтыг хийж УИХ-д санал зөвлөмжөө хүргүүлсэн байна. Үүний дагуу  Хууль зүйн байнгын хорооноос ч Засгийн газарт үүрэг даалгавар өгсөн аж. Ингээд жилийн дараа дахин ирж буй нь энэ.

Энэ тухай Хүний эрхийн комиссын Гомдол хяналт шалгалтын хэлтсийн дарга Б.Баяраа “Бид энэ сургууль дээр “Хүүхдийн эрхийн хөгжил” танхимыг байгуулсан. Энэхүү танхим нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн хөгжих боломжийг нь дээшлүүлэх зорилготой. Энэ танхим нь чөлөөт цагаа боловсорч өнгөрөөх, тусгай үсэгтэй ном сонин уншиж, шатар даам тоглох боломжийг бий болгох зорилготой. Орчны нөхцөл харьцангуй сайжирсан. Өнгөрсөн жил ирсэн тул бидэнд харьцуулах зүйлтэй. Өнгөрсөн жил ирж байхад эрүүл ахуйн шаардлага хангахгүй, нөхцөл байдал тааруухан байдал байсан. Барилга байгууламжаа солих боломжгүй ч засвар үйлчилгээгээ хийсэн байна” гэдгээ ч хэлэв. Өөр нэгэн төлөөлөгч энэ сургуулийг “нэг үеээ бодвол сурагчдад зориулсан компьютерийн өрөө, хөгжмийн хэрэгсэлтэй болсон байна” гэдгийг ч хэлж байлаа.

Ер нь чимээ шуугиан багатай л байдаг байх, гэвч тэр тусмаа энэ өдрийн хувьд сургууль чимээ аниргүй байсан шалтгаан нь сурагчдын ихэнх нь төлөөлөгчдийг биеийн тамирын заландаа хүлээж цугласанд байсан бололтой. Зарим нэг жаал өндөлзөж хажуудахтайгаа нудралцана. Чаддаг бол хөөцөлдөөд л гүйчихмээр байгаа бололтой тэрүүхэн тэндээ хөөрхөн дэггүйтэцгээнэ.

Бяцхан хүүхдээс “өлсөж байна уу” гэвэл өлсөж байна, “өлсөхгүй байна уу”  гэвэл “өлсөхгүй байна” гэдэг шигээр сурагчид дуу нэгтэй асуусан бүхэнд хариулцгаана. Магадгүй “буруу зүйл” ярьчихвал шалгалтаар ирж байгаа чухал улсад “багшийгаа загнуулна”, эсвэл “багшдаа загнуулна” гэж бодсон ч байж болох. Угаас сурагчид гомдол тавьдаггүй бололтой. Өнгөрсөн жил л гэхэд сургуулийнх нь санал гомдлын хайрцагт гуравхан л санал орсон байсан гэнэ. Ингээд Хүний эрхийн комиссынхон хүүхдүүдээс асуулт асууж сурагчид хариулна.  

-Сургууль чинь ямар байна вэ? 
  
-Гоё

-Юу нь гоё гэж?

-Тасгийнхаа найзуудтай байх гоё, өөрийн гэсэн ортой байх гоё.

-Та нар сургууль дээрээ байх таалагддаг уу?

-Таалагддаг

– Ямар хоол идэж байна?

-Бүгдийг нь иддэг.

-Хөвгүүдийн халуун ус ажиллахгүй болсон гэж байна шүү дээ. Хэр удаж байна?

-Мэдэхгүй

-За тэгвэл тэр хүү, чи хамгийн сүүлд хэзээ усанд орсон бэ?

-Би ахындаа орчихдог.

-Та нарт ном хүрэлцээтэй байдаг уу?

-Хүрэлцээтэй байдаг.

-Хичээл рүүгээ ирэхэд чинь хүндрэл бэрхшээл байдаг уу?

-Байдаггүй

Хэдийгээр жаалууд хүрэлцээтэй сурах бичигтэй, сайхан гэж буй ч сургуулийнх нь нийгмийн ажилтан, залуу багш нарын хэлж буйгаар сурах бичгийн хүрэлцээ тийм ч их байдаггүй гэнэ. Мөн зарим нэг асуултынх нь араас ухаж асуувал сурагчдад тулгардаг асуудал ч багагүй бололтой. Тухайлбал, сургууль руугаа ирж буцах үед, нийтийн тээврээр үйлчлүүлэх үед дээрэлхүүлэх, доромжлуулах, хохирох явдал гардаг аж. Тус сургуулийн сул хараатай хүүхдүүдийн нэг нь “Автобусны цонх цантчихсан, ихэнх кондуктор нь ямар буудал дээр ирж байгааг зарладаггүйгээс буух ёстойгоосоо хэтэрч буудаг. Тусгай үнэмлэх үзүүлэхээр жаахан юм байж янз янзын юм үзүүлээд гэж загнадаг, худлаа юм үзүүлж байна гэж үнэмлэхийг нь хурааж авдаг” гэх зэргээр гомдоллосон юм.  

Харааны бэрхшээлтэй хүүхдүүд амархан сэтгэлээр унадаг, гомдомхой болчихдог гэдэг шиг баярлахдаа ч амархан аж. Өдөрлөгт ирж дуу дуулж, шүлэг уншсан зочдод алгаа хорстол ташиж, комиссынхоны өгсөн бэлгэний уутыг гаднаас нь тэмтэрч баясацгаана. Сулхан хараатай, зузаан нүдний шилтэй нь огт хардаггүйнхээ гарын мөрөн дээрээ тавиад л хурдхан өрөөндөө очиж бэлгээ задлахаар яаран гарцгаана.

Хүүхдүүдийн мөрөөдөл нь багш болох, зорилго нь их сургуульд орох гэсэн хүүхдүүд олон байна. Гэвч тэд энэ мөрөөдөл, энэ зорилгодоо хүрэхийн тулд бусад хүүхдүүдээс бодвол илүү их бэрхшээлийг туулах болно. Ерөнхий боловсролыг эзэмшиж буй тусгай сургууль шиг нь тусгай сургалттай их сургууль байхгүй ч дээд боловсрол эзэмшихийг хүснэ.  Дурын номыг биш барраль үсгэнд буулгасан номыг л уншина. Хүссэн цагтаа биш хэн нэгний уншиж өгөх завтай үеийг л хүлээхээс өөр аргагүй.

Ямартаа ч тэд нэг өдөртөө анхаарлын төвд өнжиж буйдаа дуутай хууртай, инээд баястай байцгаалаа. Гэвч ирсэн зочид буцаж, тэд бидний анзаарч мэддэггүй газартаа үлдлээ.

Тэдний сургуулиас гараад нүдээ аниад 100 алхам л алхая гэж бодлоо. Бараг зуу илүү алхмын зайнд ямар нэг саад байхгүйг сайтар харж авсан учраас эхний арван алхмыг бол дажгүй өнгөрөөв. Дараагийн алхмаас нь гэнэт хэн нэгэн гараад ирчих вий гэх бодол гарын маань урагш нь сарвайлгав. Түүний дараагийн арван алхамд хэзээ юм мөргөчих бол, эсвэл хэн нэгэн намайг ирээд мөргөчих болов уу гэх бодолтой алхав. Харин түүнээс цааших алхам бүрт яг ямар нэг зүйл мөргөх, эсвэл эндэж эрсдэх гээд байгаа мэдрэмж төрж, урдахаа тэмтчиж “нүдээ нээх” хүслээс өөр юу ч төрсөнгүй. Ингээд заавал 100 алхана гэсэн зорилгоосоо ухарч нүдээ нээлээ. Чадахгүй юм байна. Гэвч тэдгээр жаалууд үүнээс хол замыг сонголтгүйгээр тэсч гарсан, цаашид ч тэр замаар явна гэхээр өөрийн эрхгүй дотор давчдаж байлаа.



 Б.МАНДАХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж