Зохиолч Ц.Батнасангийн (Боксын олон улсын хэмжээний мастер) “Найз” хэмээх бэсрэг туужийг бид цуврал хүргэж байгаа билээ. Энэ удаа Арванхоёрдугаар бүлгийг хүргэж байна.
Туужийн I-IV, V-VIII, IX-XI бүлгүүдийг уншина уу.
Өнөр уул уурхайн салбарт орохдоо маш их хэл ам дагуулсан эрсдэлтэй бизнес гэдгийг ойлгож байсан боловч ийм эсэргүүцэлтэй тулгарна гэж бодоогүй явсан тул яахаа мэдэхгүй сандарсан боловч өөртөө тайван бай, боломж үргэлж байдаг гэдгийг сана гэж хэлээд нарийн бичгийн даргадаа халуун кофе захиад нүдээ аниж сандлынхаа түшлэгийг налан суулаа. Гадаа орилох олон хүний шуугиан өрөөнд нь сонсогдож өглөө ажилдаа ирэхэд янз бүрийн лоозон барьчихсан хүмүүс “Эх орны газар нутгийг чөлөөл”, “Гаднын гар хөл бологчид зайл”, “Луйварчдыг хөөцгөөе” хэмээн хашгирч байсныг санаад цагаан хоолой барьж хүмүүсийг уриалаад байсан хоёр залууг аваад ир уулзмаар байна гэв. Гэтэл нөгөө залуу бүр оодорч “Намайг дуудаж хахууль өгөхийг оролдож байна” хэмээн орилж гарсанд уур нь хүрсэн Өнөр хамгаалалтын албаныхан бүгд гадаа байгааг асуугаад цугласан иргэдтэй өөрийн биеэр уузахаар гарав. Мөнөөх цагаан хоолойгоор ярьж олныг турхирагч залуу Өнөрийг өөрийг нь ингээд гараад ирнэ гэж санаагүй байсан бололтой гайхсан байртай таг болов. Өнөр шуудхан явж очоод цагаан хоолойг нь шувт татан автал өөдөөс нь огт эсэргүүцсэнгүй. Ингээд Өнөр цугласан хүмүүст хандан өөрийн ажлын тухай товч танилцуулаад, “Хамгийн гол нь бид одоогоор ямар ч үйл ажиллагаа явуулаагүй байгаа. Та бүхний яриад байгаа шиг зүйл огтхон ч байхгүй. Бид хуулийн хүрээнд ажиллана. Та нарыг өдөөж байгаа энэ залуу хэнээс мөнгө авч цуглаан зохион байгуулж байгааг би мэдэх учир түүнийг цагдаад өгч шалгуулна. Та нарыг ч мөн адил хүн гүтгэсэн хэргээр шалгуулна. Удахгүй цагдаа нар ирнэ, тэднийг ирэх үед энд байсан хүмүүс бүгд шалгагдана шүү. Яахаа өөрсдөө мэдэцгээ” гээд дотогш ороход цугласан олон аажмаар таржээ. Саяхан чанга яригчаар хашгирч байсан мөнөөх залууг өрөөндөө оруулж ирсэн Өнөр түүнтэй танилцаад цагдаа, шүүхэд тулалгүй асуудлыг үүгээрээ ойлголцож шийдэж болохыг ойлгуулж, тодорхой мөнгө санал болгон бүгдийг яриулж авсны дараа хэрэгтэй үед чамд ажил санал болгож болно. мөн өрсөлдөгч компаниас нь авч байгаа арга хэмжээг цаг алдалгүй мэдээлж байвал мэдээг худалдаж авч байя гэж тохироод явуулжээ.
Даваа гэгч цуглаан зохион байгуулж мөнгө олдог залууг гарсаны дараа Өнөр амандаа новш гэснээ за яахав, байж л байг. Авгайгаа худалдахаас буцахгүй ийм новшнууд байдаг болохоор амьдрал байгаа юм гэж бодов. Тэгээд туслахдаа “За, чи Бямбаатай уулзаад шинэ байрны түлхүүр аваад ир. Өдөр нэг хөгшин ирнэ, дагуулж явж үзүүлээд түлхүүр бичиг баримтыг нь өгчихөөрэй” гэж хэлчихээд ээж рүүгээ залгаж “Таны хэлснийг болгочихлоо” гээд утсаа тавилаа. Ингээд түр амсхийх зуур өнөөдөр хүнд өдөр байна шүү гэж бодогдоход өчигдөр орой ээж нь тэднийд ирэхдээ ярьсан зүйл санаанд нь оров. Төмөр зам орон сууцаа хувьчилсан. Дараахан нь Галтын дүү хүүхэн Чимгээ ээжийгээ ятган байж 4 өрөө байраа банкны барьцаанд тавин зээл авч нөхөртэйгээ хамт наймаа хийсэн боловч бүтэлгүйтжээ. Наймаа хийх бүү хэл байраа банкны барьцаанд хураалгаж, өөрсдөө 7 буудалд айлын гэрт амьдарч байгаагаа хэлээд хөгшин бид хоёр насны эцэст ингэж зовох ёстой юм байж гээд уйлахад нь Сувд гуай хүүтэйгээ ярьж байр асууж өгье хэмээн Галтын ээж Цэрмаад амласан юмсанж. Сувд гуай энэ бүгдийг хүүдээ яриад “Миний хүү боломж байвал Галтын ээж, аав хоёрт ганц өрөө байр гаргаж өгч тус болооч. Олон жил нэг байранд сайхан л амьдарч ирлээ. Цагтаа Содном удирдах газар ажиллаж байхдаа биднийг байр авахад дэмжлэг үзүүлж байсан удаатай. Миний хүү бодоорой” гэжээ. Өнөрийг бага байхад Содном гуайнх тэр хавьдаа хамгийн баян айл нь байсан. галттай цуг тэднийд орох бүрт ээж нь баавайтай зөөлөн чихэр өгдөг тул тэднийд орох тун дуртай байж билээ. Аав нь машин унадаг том дарга болохоор хааяа баяр ёслолын үеэр тэдний гэр бүлийнхэнтэй хамт явж баяр үздэг байсан бага насаа дурсч хоёр хөгшинд хоёр өрөө байр өгөхөөр болоход өөрт нь ч хүнд тус боллоо гэсэн сайхан мэдрэмж төрж компани, ажил гэж явсаар нийгмийн амьдралаас холдож, ер нь хандив буян ажилд боломжоороо оролцож байя, юуны өмнө өрх толгойлсон эмэгтэйчүүд, өнчин ядуу хүүхдүүдтэй хамтарч буяны ажил хийж байя гэсэн бодол төржээ. Энэ тухайгаа эхнэртэйгээ ярьж санал болгоход Алтай нь дуртай зөвшөөрчээ.
Монголын Засгийн газраас гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжинэ гэж ярьж байгаа боловч анхан шатны байгууллагаас эхлээд төрийн яам хүртлээ авлига, хээл хахуульд автчихсан нь ажилд ихээхэн саад болж, энэ бүгдтэй зохицохоос аргагүй тул Өнөр жижиг гар хүндрүүлэхэс эхлээд асар их хэмжээний доллар, шинэ байр бэлэглэх зэргээр шинэ аргад суралцаж өрсөлдөгч бусад компанид байр сууриа алдахгүйн тулд бололцоогүйг ч хийж байлаа. Хуучин цагт уул уурхайн яаманд нэлээд чухал албан тушаал хашдаг байсан одоо бол өөрийнх нь компанийн зөвлөх Дамба-Очир гуай зүүн гурван аймагт байгаа олон жилийн нөөцтэй нүүрсний орд газрын лицензийг авахыг зөвлөөд тэр орд газрыг Зөвлөлт-Монголын хамтарсан экспедиц нээсэн, нөөцийг нь хэд дахин дарсан учир бага үнээр авах боломжтой. Жинхэнэ нөөц нь 50-60 жил, түүнийг авч чадвал бидэнд өөр юу ч хэрэггүй. Тэр ажил бидэнд томдохоос багадахгүй гэсний дагуу түүнд хамаг анхаарлаа хандуулжээ. Сүүлийн үед Өнөр холдинг компанитай олонтаа тулгарах болсон. Монгол-Хятадын хамтарсан Пен-Од компани бас тэр лицензийг авахаар хөөцөлдөж байгааг дуулсан Өнөр тендерт оруулах төслийн төсвөө нэлээд нэмж оруулсан боловч тендер шалгаруулах эхний хурлаар Пен-Од компанид ялагдлаа. Ингээд Пен-Од компанийн төслийг үесэн Өнөр бүр гайхаж орхижээ. Өөрийнх нь компанийн гаргасан төсвийн 70 хувьд ч хүрэхгүй төсөв тусгасан тэдний төсөл яригдаж буйд дургүй нь хүрч салбарын сайд дээр хүртэл орж гомдол санал гарагсан ч хэрэгсэх хүн олдсонгүй. Хэдэн өдөр бодсоны эцэст Кенжигийн ярьж байсан зүйлүүдийг эргэн санав. Японд хүчээ авч давраад байгаа хятадуудын эсрэг төр, засаг нь хийх боломжгүй зүйлүүдээ якуза нараараа гүйцэтгүүлдэг байсан тухай тэрээр ярьж байсан юм. Тэгэхээр энэ арга бодож үзүүштэй юм байна даа гэж Өнөр бодоод харихаар гарлаа.
Өмнө нь халхын шоронд нэртэй атаман явсан одоо бол Монголын сайн бизнесүүдийн нэг зүс мэдэх эрхмийн компани уул уурхайн бизнест хүч үзэхээр тендерт оролцоод ядагдсаныг мэдээд түүнтэй уулзахаар очжээ. Шорон оронд орж, атаман энэ тэр явсан гэмээргүй боловсон эр угтаж аваад ямар ажлаар явааг нь шуудхан асуужээ. Өнөр түүнд “Пэн-Од компани тендер будлиантууллаа, тэдний буруу аргаар олж авсан лицензийн авмаар байна” гээд харилцан ашигтай ажиллах санал тавьжээ. Лицензийг авч өгч бол чадахгүй байх. Харин сүүлийн хэд хэдэн тендерийг будлиантуулсан булхайг болон эсрэг талынхаа сул талыг олж түүгээр нь шантаажлан тендерийг цуцлуулаад дахин зарлуулж оролцох боломж бий. үүнээс илүүг бол чадахгүй. Хэрэв тендер цуцлагдсан тохиолдолд гээд тэрээр өөрийн саналыг хэлж Өнөр ч тэрхүү ажлыг нь дэмжихээр болж саналыг хүлээж аваад гурван долоо хоногийн дараа уулзахаар товлоод салав.
Энэ хугацаанд тэрхүү Эрхэмийн залуус сайдын авч өгсөн гурван өрөө байранд тансаг амьдардаг нууц амраг нь болох нь оюутан хүүхний унтлагын өрөөнд нууц камер байрлуулж амжаад мэргэжлийн гэрэл зурагчдын хэрэглэдэг аппарат хэрэгслээр тоноглон үйл хөдлөл бүрийг нь даган баримт сэлт цуглуулжээ. Үүний дараа сайдтай уулзаж болно хэмээн тооцоод түүнийг нууц амрагтайгаа уулзахаар товлож суухад өрөөнд явж оржээ. Уулзах цаг аваагүй байж зөвшөөрөл ч үгүй шуудхан явж орж ирсэн эрхмийг сайд танихгүй тул юу ч хэлсэнгүй. Суу л даа гээд ямар ажлаар явааг нь сонирхов. Эрхэм ч шуудхан ажилдаа орж сайдын нууц амрагтайгаа хэрхэн ноололдож буй бичлэгтэй хуурцаг, мөн боодолтой мөнгө авч өгөлцөж буй албан бус уулзалтуудынх нь талаарх зураг, мөрийтэй тоглож буй бичлэг зэргийг бусад баримтын хамт өгөөд, хөгшин гэхэд та секстээ гайхмаар сайн юм билээ. Зураг чинь тод сайхан гарсан байна лээ. Интернэтэд тавьчихвал гурван охин, ганц хүү чинь үзээд ааваараа бахархах байх даа гэхэд сайд түүний ямар хүн байсныг мэдэхийн хувьд эр хүн шиг тохиролцож болно шүү гээд юу хэрэгтэйг асуужээ. Тэрээр тэндээс гарч явахдаа сайн ажилласан залуусаа шагнах тухай бодож үүнд Өнөрийг гар татахгүй гэж найджээ. Мөн өөрт нь нэг сумаар хоёр туулай буудах боломж олгож, өөртөө ч ашигтай ажил бүтээлгэснийг санан ямартаа ч хойр талдаа 100 хувь ашигтай ажилласан амжилтаа тэмдэглэхээр жолоочдоо жуулчны бааз руугаа явахыг тушаав. Тун удалгүй тендер дахин зарлагдаж Япон-Монголын хамтарсан Өнөр групп ялж, энэ тухай мэдээгээ Такахаши руу мэдэгдсэний дараахан тэрээр түүн рүү утас цохин баяр хүргээд бид тохирсон болохоор Эрхэмийн компанид Японоос уул уурхайн машин тоног төхөөрөмжийг эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр бүтээж өгөхөөр амлажээ.