Элон Маск Лхагва гаригт (2025.05.28) АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампийн удирдлага дор Засгийн газрын үр ашгийн хэлтсийн (DOGE) даргын албан тушаалаасаа огцорч буйгаа мэдэгджээ. Тэрбээр өөрийн “Х” хуудсаараа дамжуулан засгийн газрын үр ашиггүй зардлыг танах боломж олгосонд талархал илэрхийлсэн байна. Мөн “DOGE” нь цаг хугацаа өнгөрөх тусам улам бэхжиж, хүчирхэгжих болно гэж мэдэгджээ. Маск дөрвөн сар “DOGE”-ийг удирдах хугацаандаа холбооны агентлагуудын дунд их хэмжээний цомхотгол явуулж, төсөв танасан байна. Тухайлбал, 121 мянган ажилтныг цомхотгож, засгийн газрын санхүүжүүлдэг байсан олон хөтөлбөрийг бүр мөсөн эсвэл түр хугацаанд зогсоосон байдаг. Цаашид Маск “DOGE”-г удирдахгүй ч тус хэлтэс үйл ажиллагаагаа үргэлжлүүлсээр байх болно. Зарим шинжээчдийн үзэж буйгаар Маск ерөнхийлөгч Трампийн татвар, зарлагын хуулийн төслийг шүүмжилж буйгаа илэрхийлэн засгийн газар дахь албан тушаалаа өгөх болжээ. Учир нь дэлхийн эдийн засгийг донсолгох болсон Трампийн татвар нь “DOGE”-ийн зорилгод сөрөг нөлөө үзүүлж, холбооны алдагдлыг нэмэгдүүлж болзошгүйг Маск анхааруулсан байна. Гэсэн хэдий ч Трамп түүний анхааруулгыг үгүйсгэж, татварын төслийг Сенатад хянан элэлцэнэ гэж мэдэгдсэн аж. Улмаар Маск өөрийн “Tesla” болон “SpaceX”-д гол анхаарлаа хандуулж эхэлжээ. “DOGE”-ийн шилдэг төлөөлөгч Кэти Миллер мөн үүрэгт ажлаа орхисон бөгөөд одоо Масктай хамтран ажиллаж байна. Маск улс төрийн үйл ажиллагаанд зориулах зардлаа бууруулахаар төлөвлөж буйгаа мэдэгдсэн. Гэхдээ энэ нь Трамптай эвссэн бүлгүүдэд 100 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийх амлалтад нь нөлөөлөх эсэх нь тодорхойгүй байна. Өнгөрсөн хугацаанд тэрбээр Трамп болон Бүгд Найрамдах намын нэр дэвшигчдийг дэмжихийн тулд 290 сая ам.доллар зарцуулсан байна.
Эх сурвалж: CNN
3,595.72





















































Холбоотой мэдээ