Э.Одбаяр: Аблан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдлөө гаргаад өгсөн
Монгол Улсын сайд, Хяналт үнэлгээний үндэсний хорооны дарга Э.Одбаяр:
Сайдынхаа албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлтээ бид долоо гаргаад намын даргад өгсөн байгаа. Хүн хөөгөөд байхад энд суугаад байх сэтгэл зүй алга. Тухтай хулгайгаа хиймээр байна гэж байна, хяналтгүй ажилламаар байна гэж байна. Түүгээрээ болог” гэлээ.
НЭМЭЛТ:
Ардчилсан намын найман сайд огцрох өргөдлөө өгсөн болохыг тус намын дарга Л.Гантөмөр мэдэгдлээ. Энэ талаар Ардчилсан намын дарга, Тэргүүн Шадар сайд Л.Гантөмөр "Ерөнхий сайдын тухайд энд би элдэв юм хэлэх нь жудаггүй хэрэг болно. Монгол Улсын эрх ашиг нэгд гээд, Баялгийн сангаа бий болгохыг зориод 14 мега төслөө хөдөлгөе гэж олон шуурганы дундуур хамтдаа зүтгэчихээд би өнөөдөр Ерөнхий сайдын тухай ийм тийм ярих нь жудаггүй хэрэг болно. Та бүхэн надаас тийм жудаггүй байдлыг битгий шаардаарай. Бид хэд одоо өргөдлөө оруулж өгнө, итгэл үзүүлэх эсэх асуудал нь УИХ -ын бүрэн эрхийн асуудал. Ардчилсан намын бүлэг ямар дүгнэлт гаргахаа одоогоор эцэслээгүй байна. Нэгдүгээрт, бид бол Баялгийн сангийн эсрэг биш гэж байна гэдгээ манай бүлгийнхэн хэлж байна. Нөгөөдөх нь мега төсөл. Мега төсөл хөдөлж байж, Монголын эдийн засаг явна. Хамтарсан Засгийн газар гэдэг бол хүнд үедээ эе эвээ сахихаас аргагүй. Одоогоор найман сайд өргөдлөө өгсөн, МАН-тай хамтарч ажиллах боломжгүй. Гарсан шийдвэр бол энэ л байна" гэлээ.
АН-ын бүлэг хуралдаанаа түр завсарлуулна
НЭМЭЛТ:
УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдаанаа түр завсарлуулаад УИХ-ын Төрийн байгуулалтын хорооны хуралдаанд оролцохоор болжээ. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааныг өнөөдөр 12:00 цагт зарласан. Уг байнгын хороогоор Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх тухай асуудлыг хэлэлцэх юм. Горимын санал гарахгүй бол Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх асуудлыг нээлттэй хэлэлцэнэ гэдгийг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ мэдэгдсэн билээ. Ирц бүрдээгүй байгаагаас Төрийн байгуулалтын байнгын хорооны хурал хараахан эхлээгүй байна.
Ерөнхий сайдыг АН-ын бүлгийн хуралд оролцох шаардлагагүй гэж үзжээ
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ээлжит хуралдаан болж байна. Уг хуралд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож, Засгийн газраас өргөн мэдүүлсэн Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх тухай тогтоолын төслөө танилцуулъя гэсэн ч оролцох шаардлагагүй гэж бүлэг олонхиороо үзжээ.
Хамтарсан Засгийн газарт ажиллаж байгаа Ардчилсан намын найман сайд Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх тухай тогтоолын төсөл УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр 12:00 цагт орж ирэнгүүт огцрох өргөдлөө өгөх болсон тухай мэдээлэл байна.
3,595.11















































