Б.Балган:Хүүхдээ чөлөөтэй хөгжүүлнэ

Хуучирсан мэдээ: 2013.02.01-нд нийтлэгдсэн

Б.Балган:Хүүхдээ чөлөөтэй хөгжүүлнэ

Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, нийслэлийн боловсролын газар хамтран ерөнхий боловсролын сургуулиудын захирал, сургалтын менежерүүдэд Боловсролын салбарын чанарын шинэчлэлийн бодлогыг танилцуулах сургалт зохион байгуулсан байна. Сургалтад ирсэн ХУД-ийн 52-р дунд сургуулийн захирал Б.Балгантай уулзаж, сургалтын үр дүн, боловсролын чанарын шинэчлэлийн бодлогын талаар өөрийнх нь сэтгэгдлийг хуваалцсан юм.

–    Энэ хэр үр дүнтэй сургалт байв?

–  Ерөнхий боловсролын сургуулийн удирдах ажилтнуудын дунд сургалт явууллаа. Их ач холбогдолтой боллоо. Дүүрэг дүүргээс захирлууд сургалтын менежертэйгээ ирж оролцсоноороо их шинэлэг үйл явдал боллоо. Боловсролын салбарт чанарын шинэчлэл хийх, хүүхэд бүрийг хөгжүүлэхэд ямар саад тотгор байна гэх зэргийг илэн далангуй ярилцлаа. Эндээс бид ирээдүйд хүүхдүүдийг яаж зөв хүмүүжүүлэх вэ гэдгийг мэдэж авлаа.

–    Яаж зөв хүмүүжүүлнэ гэж?

–    Багш хүн төлөвлөгөөтэй ажилладаг шүү дээ.За хүүхдүүдээ одоо ийм хичээл хоёр цаг орно гэдэг. Хүүхэд ойлгож амжаагүй байхад за одоо дараагийн хичээл гээд л орхиод явдаг шүү дээ. Энэ нь багш нар цагт их баригддагийг харуулж байна. Үүнийг л шинэчлэе гэж байгаа юм. Жишээ нь дөрөвдүгээр ангийн хүүхэд дөрөвдүгээр ангидаа юу сурч, мэдсэн байх шаардлагатай юм, түүнийг нь л сургасан байх ёстой. Тэгэхээр багш нар нэг жилийн хугацаанд хүүхдэд яаж хичээлээ заах вэ, сурахад нь яаж туслах вэ гэдгээ өөрийнхөөрөө шийднэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл, багшид эрхийг нь өгч байгаа юм. Багш өөрийнхөө заах арга зүйгээр хүүхэд бүрийг орхигдуулалгүй эзэмших ёстой мэдлэгийг нь олгоно. Энэ нь багш нарт ч ажиллахад урам зориг өгч, илүү сонирхолтойгоор хүүхэдтэй ажилладаг болгох юм.

–    Энэ шинэчлэл хэзээ, яаж хэрэгжих вэ?

–  Өчигдөр бид сургалтад хамрагдлаа. Захирлууд багш нараас их цаас л шаардаад байдаг. За алив төлөвлөгөө чинь хаана байна, нэгж хичээлийн хөтөлбөр чинь хаана байдаг гээд л нэхээд байдаг. Багш нар нь үүндээ хамаг цагаа өгөөд яг хичээлээ заахаар түүндээ баригдаад л явчихдаг юм. Тэгээд номонд байгаа сэдвээр л гэнэт шалгалт авдаг. Ер нь бол маш хаалттай байсан. Одоо бол маш чөлөөтэй байлгана. За та нэг жилийн хугацаанд хүүхдээ хөгжүүл. Харин жилийн дараа танай хүүхдүүд яг ийм төвшинд байх ёстой шүү гэсэн шаардлага л тавина. Ингээд ирэхээр багш нар өөрсдөө чөлөөтэй сэтгэж, зааж буй сэдвээ хүүхэд бүрт яаж ойлгуулах вэ гээд бодож эхэлнэ. Багш бүр энэ мэтээр өөрийгөө хөгжүүлээд, тайлан төлөвлөгөөнд биш хүүхэд нэг бүрийг хөгжүүлэхэд ухаанаа зараад эхлэхээр урьд урьдынхаас илүү үр дүн гарна гэдэгт итгэж байгаа. Одоо энэ сургалтад сууж мэдсэн, сурснаараа багш нарынхаа дунд хэлцэлцүүлэг явуулна. Тэгээд удахгүй багш нар нэг жилийн хугацаанд хүүхэд хөгжүүлдэг хүн болж хувирна. Захирлууд, сургалтын менежерүүд багш нараас тайлан, төлөвлөгөө нэхэлгүй чөлөөтэй ажиллуулна. Гол нь багш нартайгаа үр дүнгийн гэрээ байгуулаад жилийн эцэст хүүхдийн мэдлэгийн төвшиний ахицаар нь дүгнэнэ. Жишээ нь энэ хүүхэд жилийн эхэнд ийм сурлагатай байсан одоо ямар болсон бэ гэх зэргээр чанарыг шалгаж ажиллана

–    Өмнө нь яагаад ийм байж болоогүй юм бол?

–   Жилээс жилд л салбар хариуцсан яамны үе үеийн ажилтнууд хүүхдүүдийн сурлагын төвшинг яаж дээшлүүлэх вэ гэж л толгойгоо гашилгаж суудаг. Бид ч бас адил. Ганцхан энэ жил л БШУЯ-аас яг сургууль, багш, хүүхэд буюу нэгж бүрт хүрсэн ажил эхлүүллээ. Өнөөдөр ганцхан хүүхдэд зориулсан сургалтын ямар нэг шинэ систем гаднаас оруулж ирээгүй. “Багшийн хөгжил” хөтөлбөр хэрэгжүүлж багш нарын заах арга зүйг шинэчилж байна. “Авьяас”, “Ном” хөтөлбөрүүдээр хүүхдийн сонирхол, хандлагыг өөрчилж эхлээд байна. Энэ бүхэн бодлогын биш, хэрэгжилтийн төвшинд явж байгаа нь бидэнд шууд тусч, үр нөлөөгөө өгч байгаа юм. Өмнө нь ийм сургалт болж байгаагүй. Сургуулиудийн захирал нь менежерүүдтэйгээ ирж суугаад сургалтын чанарыг хэрхэх талаар хэлэлцэж, нэгдсэн шийдэлд хүрч байгаагүй. Дандаа л захирлууд бол захирлуудаараа, менежерүүд бол менежерүүдээрээ уулздаг байсан.

–    Багш нар энэ шинэчлэлийг хэрхэн хүлээж авах бол?

–   Энэ бол багш бүрийн хүсдэг зүйл. Тэд хүүхдүүдтэйгээ чөлөөтэй ажиллахыг үргэлж хүсч, эрмэлзэж байсан. Маш таатай хүлээж авна. Би итгэлтэй байна. Та бүхэн ч гэсэн шинэ зарчмаар хүүхдэд мэдлэг олгож байгаа багш нартай өөрсдөө очоод уулзаж үзээрэй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж