
АНУ-ын Флорида мужийн пастор Уэйн Сапп өнгөрсөн сарын сүүлээр лалын шашинтны номлол болох Коран судрыг шатаасанд эгдүүцэн уурссан афганы шүтлэгтнүүд Афганистанд байрлаж байсан НҮБ-ын ажилтнуудын албан байр руу өнгөрөгч баасан гарагт дайран сүйтгэж НҮБ-ын долоон ажилтны аминд хүрсэн билээ. Тэр даруй НҮБ-ын Аюулгүйн зөвлөл хуралдаж байдлыг авч хэлэлцсэн ч ямар нэг тогтоол шийдвэр гаргаагүй байгаа юм. Мэдээллийн эх сурвалжуудаас харахад НҮБ-ын мандаттай ажиллаж байсан Балбын харъяат дөрвөн хамгаалагч, Норвегийн нисгэгч эмэгтэй, Шведийн нэг иргэн, мөн одоогоор аль улсын иргэн болохыг нь тодорхойлж чадаагүй бас нэгэн ажилтан алагджээ. Амь үрэгдэгсдийн хоёрынх нь толгойг тастсан байжээ. Нийтдээ энэ мөргөлдөөний үеэр 20 хүн алагдаад байгаа аж. Баасан гарагт болсон энэ үйл явдлын маргааш нь Афганистаны бусад хотод үймээн самуун, хүчирхийлэл гарсан байна. Одоогоор НҮБ-ын оффис руу дайрсан хэрэг явдалд холбоотой гэх 20-иод хүнийг баривчлаад байгаа юм. Энэ хэрэг явдалд Коран судрыг шатаасан еванигалист сургаалийг номлогч пастор Уэйн Саппийг буруутай гэж НҮБ-ын Афганистан дахь үйл ажиллагаанд туслах үүрэг гүйцэтгэж байгаа ноён Штаффан ди Мистура мэдэгдсэн байна. “Энэ хэрэгт афганистан хүнийг буруутгах ёсгүй. Харин бид Коран судрыг шатааж энэ талаар мэдээлж байсан хүнийг л буруутгах ёстой. Үг хэлэх эрх чөлөө гэдэг бусдын соёл, шашин шүтлэг, уламжлалыг гутаахыг хэлэх ёсгүй” гэсэн байна. Коран судрыг шатаасан пастор Саппийн үйлдлийг өнгөрсөн жилийн есдүгээр сарын 11-д мөн ийм үйлдэл хийнэ гэж мэдэгдэж байсан өөр нэг америк пастор Терри Жонесийн удирдлагаар хийсэн гэж мэдээлж байгаа аж.
Бослогын давалгаа Дундад Азид нэвтэрлээ
Ойрхи Дорнодоос эхэлсэн эсэргүүцлийн түймэр улам бүр газар авсаар байна. Ливи, Йемен, Сири, Зааны Ясан эрэг гээд Африкийн болон Арабын орнуудыг ээлж дараалан нэрвээд байгаа бослого тэмцлийн давалгаа одоо Дундад Азид орж ирж байгаа бололтой. Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр Азербайжаны нийслэл Баку хотноо 300 гаруй тэмцэгч хотын төв талбайгаас эхлэн жагсч, гудамжуудаар нь тэмцлийн уриа цуурайтуулан явжээ. Гэвч тэднийг Азербайжаны цагдаа нар бороохой хэрэглэн тарааж заримыг нь баривчилсан байна. Албан мэдээгээр 75 хүнийг хорьж саатуулсан гэж байгаа ч одоогийн засаг захиргааг эсэргүүцэгчид 200 хүнийг баривчлан хорьж байгаа гэж үзэж байгаа юм. Жагсагчид “Ильхам зайл, бид эрх чөлөөг хүсч байна” гэсэн уриа лоозон барьж явжээ. Азербайжаны одоогийн ерөнхийлөгч Ильхам Алиев энэ албан тушаалыг өөрийн эцгээс уламжлан авснаас хойш найман жил тус улсыг удирдаж байгаа юм. Харин түүний эсрэг тэмцэж байгаа сөрөг хүчин болох “Мусават” намын лидер Иса Гамбар хэлэхдээ “Азербайжан уг үндсээрээ зайлшгүй өөрчлөгдөнө” гэж мэдэгдсэн байна. Хэдийгээр өнгөрсөн долоо хоногийн сүүлээр болсон тэмцэл цуглааныг тараасан ч энэ долоо хоногт Бакуд илүү хүчтэй эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөнө гэж тэр баталж байгаа аж. Одоогийн эрх баригч хүчин болох “Ени Азербайжан” намынхан үүнийг үгүйсгэж “ард түмэн босогчдыг дэмжихгүй” гэж Франс пресс агентлагт өгсөн хариултдаа хэлжээ. Тэгвэл тус улс дахь нөхцөл байдлыг хөндлөнгөөс тоймлож байгаа Франс пресс агентлагийн сэтгүүлч ийм тайлбарыг үгүйсгэсэн байна. Түүний хэлж байгаагаар бол Азербайжаны одоогийн засаг захиргаа өөрсдөд нь таалагдахгүй байгаа нийгмийн хөдөлгөөнүүд болон аливаа цуглаан хурлыг аль болох дарж хавчиж байх бодлого барьж байгаа нь нөхцөл байдал хурцадмал болоход нөлөөлнө гэж үзэж байгаа гэнэ.
Назарбаев дахин сонгогдох уу?
Азербайжаны нөхцөл байдал ширүүсэх төлөвтэй болж байх энэ үеэр зэргэлдээх Казахстан улсад төрийн эрхийг 20 жил бариад байгаа Нурсултан Назарбаевыг суудалд нь үлдээх эсэхийг шийдэх бүх нийтийн сонгууль болж байгаа нь олон нийтийн анхаарлыг татаж буй юм. Хэдийгээр зарим эх сурвалж Нурсултан Назарбаев сонгогчдын 90 хувийн саналыг авч дахин сонгогдох боломж харагдаж байна гэж буй ч сөрөг хүчнийхэн сонгуулийн дүн будилаангүй гарна гэдэгт итгэхгүй байгаагаа илэрхийлж байгаа аж. Сөрөг хүчний намууд энэ удаагийн ерөнхийлөгчийн сонгуулийг гэнэт зарласан нь тэдэнд бэлтгэх бололцоо өгөхгүй байна гэж гомдол мэдүүлж байгаа ажээ. Казахстаны хуулинд 2007 онд оруулсан өөрчлөлтөөр Назарбаев хэдэн ч удаа сонгогдож болох эрхтэй болсон байна. Энэ удаад тэрбээр өөр гурван өрсөлдөгчийн хамтаар сонгуульд өрсөлдөж байгаа билээ. Сонгуулийн урьдчилсан дүн өнөөдөр гарч эхэлнэ.
Цацраг идэвхт ус далай руу урссаар байна
Фукушимагийн атомын цахилгаан станцын дэлбэрэлтийн улмаас учирч байгаа хохирлын хэмжээ тасралтгүй нэмэгдэх бололтой гэж мэдээллийн агентлагууд мэдээлсээр байгаа юм. Өнгөрсөн долоо хоногт Японы эрэг орчмын далайн усанд зөвшөөрөгдөх хэмжээнээс олон мянган дахин их цацраг идэвхт иод нэвчсэнийг албан ёсоор зарласан бол өнгөрөгч баасан гарагт атомын станцын хоёрдугаар реакторын сууринд ан цав гарсан болохыг илрүүлжээ. Энэ ан цаваар их хэмжээний цацраг идэвхт бодис бүхий ус далай руу орж байгааг тогтоосон байна. Одоогоор цацраг идэвхт бодис бүхий хэдий хэмжээний ус далай руу цутгаад байгааг тогтоож чадаагүй байгаа гэнэ. Хэдийгээр ан цав гарсныг олж тогтоосон ч түүний бөглөж хаах ажиллагаа нь амжилтгүй болсоор байгаа юм. Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр японы инженерүүд ан цавыг цементээр таглахыг оролдсон боловч амжилт олоогүй байна. Харин нийлэг материалын орц бүхий бүтээгдэхүүнийг ашиглаж цөмийн реакторын цуурсан хэсгийг хааж чадна гэж найдаж байгаагаа япончууд мэдээлсэн байна.
Бямба гаригт Японы Ерөнхий сайд Наота Кан сүйрэлт цунамигийн дараа анх удаа гамшгийн бүс нутагт хөл тавилаа. Тэрбээр өмнө нь цунами дайрсаны маргааш өдөр буюу гуравдугаар сарын 12-нд гамшгийн бүс нутгийн дээгүүр нисдэг тэргээр тойрч байсан юм. Ерөнхий сайд иргэдээ аврахын тулд Засгийн газар боломжтой бүх зүйлээ хийнэ хэмээн амалсан ч гамшигт нэрвэгдэн зовсон ард иргэд Ерөнхий сайд хэтэрхий оройтож ирж байгааг шүүмжилсэн байна.
Олон улсын агаарын хүч босогчдыг ч бөмбөгджээ
НҮБ-ын тогтоолоор Ливийн агаарт НАТО-ийн удирдлагаар дэглэм тогтоож байгаа олон улсын нисэх хүчин өнгөрсөн долоо хоногт өөрсдөө хохирол амссанаас гадна дэмжих учиртай босогчдын цуваанд ч бас хохирол учруулаад амжсан байна. Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр Ливийн босогчдын мэдэлд байгаа Брега хотоос тулаан болж буй Аджабаяа хот руу явж байсан босогчдын цувааг олон улсын эвслийн агаарын “хүлгүүд” довтолж, 13 хүний амийг хөнөөсөн байна. Тэдний дотор босогчидтой цуг явж байсан Анагаахын сургуулийн гурван оюутан байсан гэж босогчид ВВС агентлагт мэдээлсэн байна. Энэхүү үйлдлийг НАТО-ийн удирдлага осол болсон гэж хүлээн зөвшөөрсөн ч нарийн учир шалтгааныг олоход маш төвөгтэй байгаа гэсэн хариулт өгч байгаа юм. Тэдний үзэж байгаагаар босогчдын цувааны зүгээс агаарын довтолгоог эсэргүүцэгч буугаар эхэлж галласнаас болж босогчид хариу галд өртсөн гэнэ. Харин босогчдын зүгээс энэ талаар янз бүрийн тайлбар гарсан бөгөөд босогч нар “холбоотнууд”-аа хараад баярласны тэмдэг болгон агаарт салют болгон буугаар буудсаныг нь олон улсын хүчнийхэн ойлгоогүй гэх мэдээлэл ч гарсан байна. Харин энэ талаар НАТО-ийн удирдлагын зүгээс тайлбар хийхдээ “олон улсын хүчин Ливийн агаарт хяналт тогтоож байгаагийн хувьд агаар руу буудсан тохиолдол бүрт хариу гал нээх эрхтэй” гэж мэдэгдсэн байна. Дашрамд дурдахад босогчдын замбараагүй, сахилга батгүй тулалдааны улмаас нөхцөл байдал тэдний хувьд өнгөрсөн долоо хоногт сайнгүй болж эргэсэн бөгөөд тэд эзэлж авсан байрлалаасаа хэд хэдэн удаа ухрахад хүрсэн билээ. Энэ байдал нь Ливийн газрын тосны түшиц нөөцүүдийг хяналтдаа байлгаж байгаа босогчдын Засгийн газар Өрнөд рүү газрын тосоо нийлүүлж эхлэх шийдвэрээ биелүүлэхэд нь саад учруулж болохоор байгаа юм.